Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа

Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагыг өөрчлөх гэж байна гэсэн утгатай мэдээлэл гарах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах мэдэгдлийг хийж байна.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн төв байгууллага нь үйл ажиллагаагаа Засгийн газрын өмнө хариуцдаг.

Мөн Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг хуулийн зохицуулалттай тул Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагыг өөрчлөх эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудал болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Харин нийгэмд  хууль, шудрага ёс, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх үүднээс албан үүргийн хариуцлага алдсан хэнтэй ч хариуцлага тооцох учиртай гэсэн байр суурьтай байгаагаа дахин нотлож  байна.

Ерөнхийлөгч Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг хүлээн авч уулзахдаа “Би энд нэг зүйлийг онцолж хэлье. Хууль зөрчиж байгаа  энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын олон мянган албан хаагчтай холбож огт яриагүй байгаа шүү. Энд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа цагдаагийн нийт албан хаагчдыг, үүргээ биелүүлэхгүй байгаа цөөн хэдэн дарга нараас болж  буруутгах гэсэн ямар ч бодлого, ямар ч оролдлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна” гэж мэдэгдснийг дахин сануулъя.

 
Ерөнхийлөгчийн Тамгын газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж