Нэг сая төгрөгийг гурав хувааж олгоно

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Нэг сая төгрөгийг гурав хувааж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийн тухай асуудлыг авч хэлэлцээд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сараас зургадугаар сарыг дуустал олгохоор шийдвэрлэжээ. Тодруулж хэлбэл, дөрөвдүгээр сард 330 мянга, тавдугаар сард мөн 330 мянга, зургадугаар сард мөн 330 мянган төгрөгөөр тус бүр олгох нь зөв алхам болно гэж үзсэн байна. Ингэж гурав хуваасан нь нэгдүгээрт, эдийн засгийн бодит бололцоогоо харгалзан үзсэн, хоёрдугаарт, инфляцийг хөөрөгдөхгүй байх гэдэг зарчмыг барьжээ. Нэг сая төгрөг авах бүлэгт 55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд, мөн дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байна. Үүнд нийт 334 тэрбум төгрөг шаардлагатай, 2012 оны төсөвт хөрөнгийг суулгаж өгсөн. Холбогдох албаны хүмүүс эдгээр мөнгийг олгоход шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүд цагтаа орно гэсэн мэдээлэл өгсөн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Сангийн сайд Д.Хаянхярваагаас сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.  

-Хүний хөгжил сангаас олгох нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохдоо журам баримтлах уу? 

-Засгийн
газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг
дөрөв, тав, зургадугаар сард хувааж олгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ өмнө
нь орон сууцны зээл болон бусад хэлбэрээр зээл авсан бол сая төгрөгийг
хасаж тооцно.

-Нэг сая төгрөгийг гурав хуваалгүйгээр нэгдор өгч болдоггүй юм уу?

 
-Нэг
сая төгрөгийг бөөнд нь өгөх боломж хомс байна. Хамгийн их санаа зодоож
байгаа асуудал бол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа,  цаашдаа нэмэгдэж
болзошгүй байгаа инфляцийг хөөрөгдөхгүйн  тулд гурав хувааж олгох
шийдвэр гаргасан. Нийтдээ 334 тэрбум төгрөг шаардагдана. Одоо энэ
хөрөнгийг цуглуулах ажил үлдээд байгаа.

-Дөрөвдүгээр сард олгоно гэдэг ерөнхий л юм хэлээд байна. Яг хэдний дотор багтааж олгоно гэсэн шийдвэр гарсан юм бэ?

-Ямар
ч байсан нэг сая төгрөгийг гурав тэнцүү хувааж олгоно. Ойролцоогоор
дөрөвдүгээр сард 330 мянган төгрөг, тавдугаар сард 330 мянган төгрөг,
зургадугаар сард 340 мянган төгрөг олгоно гэж ойлгож болно. Харин яг
хэдэнд олгохыг хэлэхэд эртдэнэ.

-Санхүүгийн эх үүсвэр хангалттай бий юу?

-Санхүүжилт
амаргүй байгаа. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх үүрэгтэй
хүмүүс маань эхнийхээ гэрээ хэлэлцээрийг хийгээд байгаа учир дөрөвдүгээр
сард мөнгө олгох боломжтой гэж үзсэн.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд нэг сая төгрөгөө хэзээ авах вэ?

-Иргэн
бүрт Хүний хөгжил сангаас 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь хишиг
олгох ажлын хүрээнд 500 мянган төгрөгийг ирэх зургадугаар сард олгож
дуусна. Харин 160 орчим мянган оюутан 1.5 сая төгрөгөө бэлнээр нь аваад
дуусч байгаа. Оюутнууд сар бүрийн 21 мянган төгрөгөөрөө 500 мянган
төгрөгөө авчихсан. Бас сургалтын төлбөр хэлбэрээр нэг сая төгрөгөө
авчихсан. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр нэг сая
төгрөг олгохоор боллоо. Ингэснээр нийт 300 гаруй мянган иргэн 1.5 сая
төгрөг авна гэсэн үг. Ерөнхийдөө зургадугаар сар гэхэд нийт иргэдийн
дөрөвний нэг нь 1.5 сая төгрөгөө аваад дуусна. Үлдэж байгаа хэсэгт олгох
нэг сая төгрөгийн журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцэнэ. Дараа нь УИХ-д өргөн барьж, эцэслэн шийдвэрлэнэ.
Мэдээж бид иргэддээ сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хувьцаа
эзэмшүүлэхээр болсон. Тавдугаар сар гэхэд хувьцаа гаргах асуудлыг
шийдвэрлэчих байх. Энэ бүхний дараа иргэд маань хувьцаагаа зарж, сая
төгрөгөө авах боломжтой. Бидний тооцоолж байгаагаар хувьцаатай холбоотой
сая төгрөгийн асуудал 2012 ондоо багтааж шийдвэрлэгдэнэ.

-Сая төгрөгийг банкуудаар дамжуулж иргэдэд олгож таарна биз?

-Тийм
ээ, Хүний хөгжлийн сангаас сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийг
яаж авч байна, тэр хүрээндээ л ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд мөнгийг нь олгоно гэж ойлгож болно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж