Хятадын иргэнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Хятадын иргэнийг баривчилжээ

Японы цагдаа нар өндөр мэдрэмжтэй багаж хэрэгсэл үйлдвэрлэгч Yamazaki Mazak Corp-ийн чухал зураг төслийг хувилсан хэргээр Хятадын иргэн Тан Бог баривчилсан талаар РИА Новости бичлээ.

Тан Бо нь Японд арав гаруй жил ажиллаж амьдарч байгаа ч Хятадын иргэншилтэй хэвээр байгаа юм. Тэрээр энэ гуравдугаар сарын 12-нд ажлаасаа гарах өргөдлөө гэнэт өгсөн бөгөөд үүнээс гурав хоногийн өмнө компанийн нууц зураг төслийг дискэнд хуулж авсан ажээ. Компанийн цөөн тооны ажилтан орох эрхтэй серверээс нууц зураг хуулж аваад ажлаасаа гарах болсонд нь түүнийг сэжиглэж эхэлсэн байна.

Цагдаа нар Тан Бог шалгаж байгаа бөгөөд түүнийг аж үйлдвэрийн тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Тэрээр хуулж авсан зураг сэлтээ гурав дахь этгээдэд дамжуулсан байж магадгүй бөгөөд цагдаа нар компанийн өрсөлдөгч нар мэдээллийг олж авсан байхыг үгүйсгэхгүй гэжээ. Түүнчлэн Тан Бо компанийн бараг 10 мянган файлыг хуулж авсан гэдгээ өөрөө хүлээсэн аж.

Yamazaki Mazak Corp компани нь өндөр мэдрэмжтэй багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг дэлхийн олон оронд салбартай Японы томоохон компаниудын нэг  юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж