Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.БАЯСГАЛАНТАЙ ярилцлаа.
-Нийтийн,
зохиолын дуучин гэсэн нэр томъёог хэрхэн хүлээж авдаг вэ. Ер нь дуучин
гэдэгт ямар хүнийг хамаатуулан ойлгох ёстой юм бол. Нэг дуу дуулж, нэг клип хийлгээд л дуучин гэсэн нэр алдар зүүх болж?
-Миний хувьд нийтийн, зохиолын
дууны Баясгалан гэж хэлүүлэхдээ нэг их эмзэглэдэггүй. Тэгэх ч
шаардлагагүй юм. Харин нэг зүйлд эмзэглэдэг. Өнөөдөр тайзан дээр
нэгдүгээр курсын оюутныг дуучин, сайн дурын уран сайханчийг ч дуучин
гээд зарлаж байна. Үүнийг зангидаж, зохицуулж байх ёстой хүмүүс бол
хөтлөгч, тоглолтын найруулагч, редактор юм. Тэд л нарийн шүүлтүүрээр
шүүж, хяналт тавьж байх үүрэгтэй. Нэгдүгээр курсын оюутан, олон жил
дуулсан дуучин гэдэг хоорондоо асар их ялгаатай.
-Нийтийн дууны дуучдын холбоо байгуулагдсан. Дуучдын зэрэг, зиндааг тодорхойлох асуудалд тэд анхаарах ёстой юм биш үү?
-Өмнө
нь ийм холбоо байсан. Саяхан холбооных нь удирдлага солигдсон сурагтай.
Миний хувьд энэ холбоонд өмнө нь ч, одоо ч ороогүй, орохыг яарахгүй
байна. Орооч гэдэг санал ирсэн л дээ. Би боддог юм. Нийтийн дууны гэдэг
том айлыг авч явах хүн ард түмэнд нэр хүндтэй, урлагийн байгууллагад
олон жил ажилласан дадлага, туршлагатай, өндөр мэдрэмжтэй, олон
тоглолтын ард гарсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Ийм
хүн удирдвал би дуртайяа орно. Өмнө нь холбооны ерөнхийлөгчөөр
С.Жавхлан ажиллаж байсан бол сая Ч.Бат-Эрдэнэ халааг нь авсан юм
билээ. Гэтэл түүний үгийг хэдэн хүн сонсох вэ. Урлагийг тийм сайн
мэддэг хүн үү, үгүй юү. Удирдах зөвлөлд нь дуучин Г.Чинболор, өөр
хэн байдаг гэлээ. Тэдний дууг хэдэн хүн сонсдог, урлагт хэчнээн жил
зүтгэсэн юм. Адилхан л хэдэн дуутай, хэдэн CD-тэй. Муулж байгаа биш
шүү. Байгуулах нь зөв, гэхдээ л засч, залруулах зүйл байна.
-Зохиолын
дуучдын уран бүтээлийн өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрөх ч хувь хүний амбиц
их байдаг болов уу. Хөшигний арын амьдралыг сонирхож байна л даа?
-Нэг нэгнийхээ уран бүтээлийг
хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Даанч сэтгэлтэй нь цөөхөн. Миний
үеийнхнээс намайг хүлээн зөвшөөрдөг нь ховор. Заавал хүлээн
зөвшөөрүүлэх гээд тэдэнтэй ойр дотно байхыг хүсдэггүй. Тус тусдаа
уран бүтээлээ хийгээд явдаг. Харин миний хувьд бол өөр. Дуучдын
ялангуяа үе тэнгийнхнийхээ уран бүтээлийг байнга сонсч, сайн уран
бүтээлийг нь олонд ярьж явдаг.
-Аялдан дагалдах гэсний хэрэггүй, өөрийнхөөрөө байсан нь дээр гэж үү?
-Би
тэгж л боддог юм. Мэдээж асууж лавлах зүйл бишгүй л гарна. Тэр болгонд
багшаасаа, олон сайхан найруулагч, жүжигчдээс асуудаг. Нэг үгээр бол
урлагийн алтан үеийнхэнтэй ойр байж зөвлөгөө, сургамж авч явдаг.
-Нэг
хэсэг зохиолын дуучид нэгэн үед гарч ирж, нэр хүндийн оргилд хүрсэн.
Тэднээс их зантай, биеэ тоосон гэсэн шүүмжлэл хэр сонсч байгаа бол?
-Хэлдэг
юм билээ. Тэр болгоныг үг болгоод байвал хэцүү. Тэдэнтэй айхтар
муудалцаад байдаггүй, тус тусдаа л явдаг. Би нэг удаа хэлж байсан. Бид
эв түнжингүй байснаараа хүчтэй байгаа нийтийн дууны нэр хүндийг унагана
шүү гэж. Ер нь ажиглагдаад байгаа. Нэг тоглолт болоход хэдэн дуучдынхаа
нэрсийг дараалуулаад биччихдэг. Хэн ч хамаагүй зохион байгуулаад,
тайзны соёл, дизайн байхгүй. Дуучид нь нэг л хувцсаа өмсөөд, нөгөө л
дуугаа дуулдаг. Ийм баймааргүй байна. Би сүүлийн үед нийтийн дуучдын
нэгдсэн тоглолтод ер ороогүй ч нэр тавьчих юм. Надаас зөвшөөрөл
авалгүйгээр миний нэрийг хүчээр тавьсан зохион байгуулагчид биш, би
үзэгчдын өмнө буруутан болдог. Үүнд хяналт, шалгалт хэрэгтэй байна.
Үзэгчид хатуу шаардлага тавьдаг, хариуцлага нэхдэг байх ёстой.
Чамайг дуулна гэсэн болохоор ижийгээ дагуулаад очсон. Яагаад ороогүй юм
бэ гэж асуух хүн цөөнгүй. Хэдэн хүний хэнэггүй зангаас болж нийтийн
дууны нэр хүнд унаж байна.
-Зохиолын дуу С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын нуруун дээр яваа гэдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Зохиолын
дуу биднийг гарч ирэхэд байсан төвшнөөсөө жаахан сэргэх үү, үгүй юү
гэдэг нь С.Жавхлан, Т.Баясгалан гэдэг хоёр хүний хичээл зүтгэл, уран
бүтээлтэй салшгүй холбоотой явж ирсэн. Одоо бидний үеэс хамаарч байна.
Шударга хэлэхэд ихээхэн хувь нь С.Жавхлан Т.Баясгалан гэж хоёр хүний
нуруун дээр байгаа шүү.
-Сонжсон, атаархсан олны харцанд амьдрах хэцүү байдаг уу. Ялангуяа эмэгтэй дуучдыг хөнгөн хуумгай талаас нь их хүлээн авдаг?
-Хэцүү
гэвэл бүгд л хэцүү санагдана. Би хууль бус зүйл хийгээгүй, тиймээс ер
төвөгтэй санагддаггүй. Нэг сэтгүүлч надаас “Баясгалангийн хайр дурлалын
асуудал яагаад нам гүм болов. Томоожсон юм уу” гэж асуусан. Би хариуд
нь “Та нар л намайг таних танихгүй хүнтэй суулгаад, салгаад. Цагаан
толгойн 35 үсгийн дарааллаар явсаар одоо дууссан юм байлгүй” гэж хэлж
байсан. Олны танил хүний хамгийн хэцүү нь гүтгүүлэх. Гэхдээ би бууж
өгөхгүй. Миний уран бүтээл хэдхэн хүний үгийн бараан сүүдэрт дарагдана
гэж үгүй. Өөрийн гэсэн сонсогчтой, төр, засаг, мэргэжлийн
байгууллагаас үнэлсэн үнэлэмжтэй хүн учраас гутраад, гундаад явах хүн
би биш. Тэгээд ч би дуугүй, хаалттай хүн биш. Өөрт таалагдсан сайхан
энергитэй, яриа хөөрөөтэй хэнтэй ч сэтгэлээсээ ярьж, ахаа, эгчээ гээд
явдаг. Миний хобби юм уу даа. Сайхан хүмүүсийг үгийг сонсох дуртай.
Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн, Д.Чойжамц хамбыг намайг дуудаж
байгаарай. Та нарын яриаг чагнамаар байна гэж гуйдаг. Энэ дундаас олон
сайхан юм сурч мэдэж авдаг юм.
-“Танайд
хоноё” нэвтрүүлгийн сэтгүүлч Г.Алтантүрүү танайд хоносон нь их хэл ам
дагуулсан. Эмэгтэй хүн байж ядаж өглөө цай чанаад өгсөнгүй л гэнэ.
Хожим нь та Г.Алтантүрүү миний сэтгэлийг нээж чадаагүй гэж ярьсныг
санаж байна. Ямар учраас тэгж хэлсэн юм бэ?
-Г.Алтантүрүү
нэвтрүүлгээ хийгээд удаагүй, хэдэн дугаар л гарсан байсан. Миний
“Санах тусам” тоглолт гуравхан хоногийн дараа болох гээд маш их
ачаалалтай байсан үед санал тавьсан юм. Учраа хэлээд байхад хононо гэж
зүтгэсээр ирсэн. Нэг талаасаа их бүдүүлэг. Адилхан уран бүтээлч хүмүүс
нэгийгээ ойлгож болох л байсан. Би тоглолтын тасалбар авсан 7000 хүний
өмнө алдаа гаргах эрхгүй. Маш олон хоног нойргүй бэлтгэл хийсэн,
дээрээс нь сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй байлаа. Үнэхээр
Г.Алтантүрүүд зориулах цаг зав надад байгаагүй. Хоёрт гэвэл Баясгалан
гэж хүнийг нээх, манайд хонох гэж ирсэн бол юунд дуртай, ямар зам туулж
ирсэн юм, уран бүтээлийг нь ямар нэгэн хэмжээгээр судлаад ирэх байсан.
Тэр талын асуулт ер асуугаагүй. Нэг л хэг ёг хийсэн, доошоо хийх гээд
байгаа ч юм шиг. Анхнаасаа ийм байдлаар харилцахаар яаж гоё уур
амьсгал үүсэх юм бэ. Чи уйдахгүй байна уу. Хүнтэй суугаач ч гэдэг юм
уу. Юу гэсэн үг юм. Уйдсан хүн хүнтэй суудаг юм уу. Би төгөлдөр хуур
дараад өгье гэтэл “Өө, яах юм” гэсэн. Хуучир дарж өгтөл наадахаасаа
илүү чадахгүй юм шиг байна гэх жишээтэй. Үнэхээр намайг нээж чадаагүй.
Маргааш өглөө нь нэлээн хэдэн тоглолтод оролцох байсан учир сайн унтаж
арьсаа амраах хэрэгтэй байсан. Тиймээс өглөө босоод явчихаарай гэж
хэлснийхээ төлөө их зэмлэл сонссон. Тэр үед би өөрийнхөөрөө байсан.
Ширээ засаад, дүүрэн хоол бэлдүүлчихээд, сүрхий хоол хийдэг хүн болж
жүжиглэхийг хүсээгүй. Хүнд таалагдах албагүй. Цаг нь ирэхээр өглөө бүр
хань ижилдээ хоол цайг нь хийж өгнө. Би чадахгүй биш, чадна.
-Алдаа гаргах эрхгүй гэлээ. Алддаггүй хүн байдаггүй. Харин ч сургамж авах юм биш үү?
-Бусдын
хайр хүндлэлийг дааж явах хамгийн хэцүү. Аав маань “Хүний итгэлийг дааж
яваарай” гэж байнга захидаг. Би тэс хөндлөн юм яривал намайг хайрладаг,
дууг минь сонсдог хүмүүс ийм ч юм ярих гэж дээ гэнэ. Тиймээс Баясгалан
гэдэг хүн алдаа гаргах эрхгүй юм. Санамсаргүйгээр алдаа гаргахыг
үгүйсгэхгүй. “Танайд хоноё” нэвтрүүлгийн Г.Алтантүрүүд
зөвшөөрөөгүй, оруулаагүй байсан бол хэл аманд орохгүй байв. Энэ мөн
л алдаа.
-Г.Алтантүрүү танайд дахин хоноё гэвэл зөвшөөрөх үү. Хэн хэн нь алдаагаа залруулах боломж гарах ч юм билүү?
-Ёстой
хэлж мэдэхгүй байна. Би түүнтэй тааралдаад тоглоом шоглоомоор хэлж
байсан. Жилийн дараа манайд ирж хонооч гэсэн урилгыг өгч магадгүй юм
гэж. Болохгүй асуудал биш л дээ. Намайг судлаад надтай ярилцахад, би ч
бэлэн болчихсон тэр үед бидний хэн хэн нь алдаагаа засах ч юм билүү.
-Байнга
завгүй, тоглолт, бэлтгэл сургуулилт гээд ядраад орой харихад ганцаараа
хэцүү биш үү. Ер нь ганцаардлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хэцүү
биш. Надад тусалдаг эгч байдаг. Би Жангум гээд нэрлэчихсэн. Хоол сайхан
хийдэг юм. Хааны ордны хамгийн сайн тогоочийг Жангум цолоор шагнадаг.
Түүнийг бодож л тийм нэр өгсөн. Миний хувьд буцалсан цай шиг амьдраад
сурчихжээ. Ганц хоног ажилгүй байхдаа бүр ядарчихдаг. Ганц бие
байгаагаа ганцаардал гэж хүндээр хүлээж авдаггүй. Харин ч ганцаараа хол
замд явахдаа ажлын төлөвлөгөө уран бүтээлийн санаагаа олдог юм.
-Таныг Хонгор сумын ард иргэдэд тусламжийн гараа сунгахыг уриалсан гэх сайхан мэдээ сонслоо?
-Хонгор
сумын ард иргэдийг хараад үнэхээр эмзэглэж байна. Амьдрал нь байнгын
түгшүүртэй. Би урд хөрш рүү явж ирчихээд Хонгор сумынханд үнэ төлбөргүй
тоглолт хийе гэж бодож байгаа. Уран бүтээлчдээ танай сониноор
дамжуулан уриалмаар байна.
Яагаад хандивын данс нээж болохгүй
гэж. Хөндлөнгөөс хараад тэвчихэд үнэхээр хэцүү байна. Хонгор сумаар
дайрвал амьсгаагаа түгжээрэй. Битгий юм идэж уугаарай гэсэн тоглоом
шоглоомын үг гарсан байна. Тэд бидний л нэг хэсэг. Хэсэг хугацаанд ч
болов тэдний сэтгэл санааг тайвшруулахад миний хийж чадах зүйл нь ая
дуугаа өргөх юм. Мөн хотын утааны асуудал үнэхээр хүндрэлтэй байна.
Чимээгүй, том сүйрэл энэ. Үнэхээр анхаарахгүй байхын аргагүй. Үүнд
нийгмийн бүх давхаргынхан дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй юм шиг
санагддаг.
-Хэдэн нас хүртэл дуулна гэж боддог вэ. Дуулахад насны хязгаар байдаггүй гэдэг?
-Дандаа
дуулж мөнгө олж амьдарна гэдэг хэцүү. Би улайрч олон жил дуулахгүй гэж
боддог юм. Одоо энэ болиосой гэдэг юм уу тийм хэмжээнд хүртэл явахгүй.
Дээд хэмжээнд хүрээд л болино. Гэхдээ тийм олон жил биш ээ.
–Тэр хэмжээнд хүрлээ гэдгийг хэрхэн мэдрэх вэ?
-Мэдрэгдэх
байх аа. Одоо орхилоо гэхэд урлагт хайртай ард түмэн надад гомдоно.
Маш сайхан хэмжээнд хүргээд, сайхан уран бүтээл хийчихээд орхино.
Гэхдээ бүр орхихгүй. Багшлаад олон сайхан шавьтай болно.
-Бизнест орох санаа байна уу?
-Сонирхож
эхэлж байгаа. Гэхдээ хүмүүсийн эрүүл мэндэд тустай, олон хүнийг
баярлуулсан тийм бизнест хүчээ сорихыг хүсч байна. Одоогоор судалж
байна.
-Ойрын төлөвлөгөө юу байна. Уран бүтээл болоод хувийн амьдралын хувьд?
-Хувьтай
хүн хулгана жилийг үздэг гэдэг. Төлөвлөсөн юм их байна. Хувийн
амьдралдаа эргэлт хийх бодол хараахан алга. Нийтийн дуучдын нэгээхэн
хэсэг дуулах урлагийг ямар төвшинд эзэмшсэн гэдгийг харуулахын тулд
Цагаан сарын дараа маш том тоглолт хийнэ. Мэргэжлийн дуучин хүн ямар
байх ёстойг харуулахыг хичээнэ. Сонгодог, ардын, нийтийн, поп гэсэн
дөрвөн чиглэлээр дуулна. Тэр болгонд тайз, хувцас, бүжигчид, жүжигчид
бүгд солигдоно. Энэ тоглолт СУИС-ийг төгссөн бүтээгдэхүүн ямар
хэмжээнд яваа, багш нь юу зааж сургасан юм, ямар хүнийг ямар хүн нь
хэрхэн үнэлээд байгаа. Энэ бүгдэд хариулт болох юм. Тэр хугацаанд
нийгмээс тасарна гэж хэлэхгүй ч өөрийгөө сайн бясалгах шаардлагатай
болно.
-Бясалгал хийдэг юм уу. Ач тустай зүйл нь юу вэ?
-Би
таван жилийн өмнөөс Саран, Төгсөө багшийн бясалгалд явж эхэлсэн. Миний
амьдралд их өөрчлөлт гарсан. Хэт баярласан, уурласан үедээ асуудлыг
сэтгэлийн хөөрлөөр шийдэхгүй, сэтгэлээ удирдан жолоодох чадвартай
болсон. Сэтгэлийн гэнэтийн хөөрөл алдаанд хүргэх осолтой. Та өөртөө
хэзээ ч би чамд хайртай гэж хэлж үзээгүй байх. Тэгвэл бясалгалд
сууснаар “Баясгалан би чамд хайртай” гэж хэлэхэд аяндаа нүдний нулимс
гардаг юм билээ. Өөр хэн нэгэнд энэ үгийг хэлдэг ч өөртөө зориулдаг хүн
ховор.
-Дуучин Баясгалан ээжийн тухай олон сайхан дуутай. Үүгээрээ ээжийнхээ ачийг хариуллаа гэж бодож байсан үе бий юу?
-Ээжтэйгээ өссөн болоод тэр үү ээжийн тухай дуу дуулахаар хүнд илүү хүрдэг. Хоолойгоор биш зүрхээрээ дуулдаг болоод тэр байх.
-Хайрын тухай дууг зүрхээрээ мэдэрч байж илүү дуулна гэсэн үг үү?
-Хайрыг
үзсэн, мэдэрсэн хүн л хайрын тухай илүү дуулна. Гэхдээ нийгмийн амьдрал
нөлөөлж байгаагийнх уу, уянгын, бүтээгүй хайрын дуунууд маань илүү
хүнд хүрээд байх шиг санагддаг.
-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Цаг зав зарцуулж чадаж байна уу?
-Сард
гурван удаа л гоо сайханд орж байна. Хар гүйхээрээ орж ирээд л гардаг.
Айхтар үнэтэй салоноор үйлчлүүлэхийг урьтал болгодоггүй. Том салонаар
үйлчлүүлэх нь нэр төрийн хэрэг гэж үздэг хүн байдаг ч миний хувьд тийм
биш. Миний арьсны онцлогийг сайн мэддэг гоо сайханч эгч байдаг юм.
Түүгээрээ л үйлчлүүлэх дуртай. Эрүүл арьс гэдэг урлагийн бидэнд их
чухал. Тоглолтон дээр дийлэнхдээ онгорхой даашинз өмсдөг тул цээж,
нурууны арьс сайхан харагдах ёстой.
-Сүүлийн үед ардын дууг түлхүү дуулах болжээ. Ардын дууны CD гаргасан. Яагаад урваад орчихов?
-Хамгийн
анх Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж “Ухаарлын
үргэлжлэл” ардын дууны цуврал CD-гээ гаргасан. Энэ нь миний амьдралд
сайхан түүх болж үлдсэн. Бидний үеийнхэн эмээ, өвөө нарынхаа дэргэд
өссөн болохоор ардын дууны хэдэн аятай. Харамсалтай нь, хойч үеийнхэн
маань огт сонирхохгүй байна. Дуулаад явдаггүй юм гэхэд мэддэг байгаасай
гэсэндээ ардын дууны CD гаргасан. Ардын дууны ая нь аргадаж үг нь
зэмлэдэг гэдэг. Ардын дууг хааяа ч гэсэн сонсч байгаасай битгий
мартаасай гэсэндээ СD-гээ “Ухаарлын үргэлжлэл” гэж нэрлэсэн.
-С.Жавхлан гэр бүлтэй болсон гэсэн. Баяр хүргэж амжсан уу?
-Ойрдоо уулзаагүй л байна. Уулзсан үедээ баяр хүргэнэ ээ.
Ярилцсан У.Саран-Гэрэл /2008 оны 1 сарын 15/