Монголчууд бол махчин хүмүүс. Малаа “нухаж” идээд л аль ч цаг үед амьдарч байсан улс. Гэтэл одоо махсахын зовлонд унаж байна. Ялангуяа хотынхон. Хорин мянган төгрөгөөр хонины гурван хавирга л авч байна шүү дээ.Мөнгөгүй хүн бол ойлгомжтой. Хоттой хониноосоо шилээд идэх хувь тавилангаас татгалзсан учраас бид ингэж чангалуулахаас өөрийг хийж чадах биш. Яалтай ч билээ. Уг нь нэг хэсэг “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэж ирээд л малчид руу хараа бэлчээсэн. Зуд турханд хэцүүдэхэд нь тэдэнд нэмнээ, уут, лаа, шүдэнзээс авахуулаад гар сунгадаг байсныхаа хариуг нэхсэн хэрэг. Их ч горьдсон. Нэг нь ч наашаа хараагүй. Гэтэл малчид бол хотын биднээсээ илүү тооцоотой, зах зээлд аль эрт орсон юм билээ. Тиймээс бид тэднийг дэмий “хүлээсэн” болж таарч байгаа юм. Бусдын төлөө амьдардаг нийгэм биш, ардчилсан нийгэм рүү шилжсэн гэдгийг нэг нь ч яриагүй. Малчид махаа хямдхан өгөх үүрэггүй, бидэнд ч ийм эрх үүсээгүй нь үнэн. Гэхдээ сэтгэл байвал махны хомсдолыг арилгаж болно. Долоо хоногт нэг аймаг “Намрын ногоон өдрүүд” гэдэг шиг махны өргөтгөсөн худалдааг хотод зохион байгуулахад л махны хомсдол, ченжүүдийн үнийн хөөрөгдөл арилж болохоор байгаа юм. Яг өдийд ийм аргаар нийлүүлэх махыг өвөл нь бэлтгүүлэх хэрэгтэй. За, тэгээд шийдэгдэхгүй бол одоо нэг кило нь 3500 төгрөгийн үнэтэй байгаа ч хүн тоож харахгүй байгаа тахианы махыг л өргөнөөр хэрэглэхээс өөр сонголтгүй. Гэхдээ манайхан тахианы махыг голно, тэгсэн хэрнээ махсаж үхлээ гэдэг хачин улс шүү дээ. Уг нь бол тахианы махны хэрэглээг өсгөхөд л хонь, үхрийн махны үнэ шалдаа бууж таарна. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчим хэвээрээ л бол ингэх учиртай.
"Улс төрийн тойм" сонин