-Маргааш /өнөөдөр/ цагдаагийн дарга нарыг шүүх шүүх хурал болно. Үүнтэй холбогдуулан өөрсдийн байр суурийг илэрхийлье гэж энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан. Бид нэлээд олон талын хүсэлт гаргасан. Зарим хүсэлтийнхээ хариуг ч авсан, харин заримд нь аваагүй. Бид өмнө нь ч хэлж байсан. Цагдаагийн дарга нарыг яллаж, хилс хэрэгт гүтгэж байгаа нь цэвэр улс төрийн шинжтэй гэж ойлгож байгаа. Цаанаа ямар нарийн ширийн учиртайг бид сайн мэдэхгүй ч төрийн төлөө олон жил үнэнч шударгаар зүтгэсэн цагдаагийн дарга нарыг ялласан болоод долоодугаар сарын 1-ний хэргийг “булзааруулах” гэж байгаа бол бүтэхгүй гэдгийг дахин мэдэгдье. Маргааш /өнөөдөр/ болох шүүх хурлыг нээлттэй хийх талаар удаа дараа шүүхэд албан бичиг хүргүүлсэн.
Жишээ нь, Улсын ерөнхий прокурорын үүргийн дагуу Ч.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн дагуу цэргийн гэмт хэрэгт хамааруулсан. Яагаад үүнтэй санал нийлэхгүй байгаа юм бэ гэхээр Ч.Амарболдыг Засгийн газар Цагдаагийн ерөнхий газрын даргаар “үүрэг гүйцэтгэгч”-ээр томилоогүй юм байна лээ. Томилоогүй юм байна гэдгийг анхаарна уу. Зарим өмгөөлөгчид үүнийг “Үүрэг гүйцэтгэгч гэдэг үгтэй түүний хариуцлага хамт байгаа учраас энэ цэргийн гэмт хэрэг мөн” хэмээн тайлбарлаад байдаг юм. Мөн түүнийг Дотоодын цэргийн коммандлагчаар тавиагүй юм байна лээ. Тэгэхлээр энэ хэрэг цэргийн гэмт хэргийг зүйл ангид хамаарахгүй, эрх зүйн үндэс байхгүй юм.
Харин Д.Дорлигжав прокурор хэргийн талаар тайлбар хийж байсан. Түүний тайлбарыг бид “буруу” гэж үзэж байна. Учир нь хууль бол цаасан дээр бичигдэж батлагдсаны дараа хүчин төгөлдөр болдог бол батлагдаагүй хуулийн талаар олон янзын тайлбар өгөх нь ямар ч эрх зүйн үндэслэлгүйн нэг жишээ юм. УИХ-ын Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг та бүхэн мэднэ. Харамсалтай нь одоо хүртэл ажлын хэсэг ажилдаа орохгүй байгаа. Үүний шатгаан нь улс төрийн шинжтэй гэж бид ойлгож байна. Хатуухан хэлэхэд улс төрийн золиосонд хэдэн дарга нар явахад ойрхон байна. Ард нь тушаал өгсөн, ямар нэг чиглэл өгсөн гэх дарга, сайд нар сугарч үлдлээ. Маргааш /өнөөдөр/ болох шүүх хурлыг хэн нэгний нөлөөнд автахгүй, үнэн зөв, шударга явуулах байх гэдэгт найдаж байна. Үнэн цагаан мөртэй байдаг. Бид УИХ-д хоёр удаа хүсэлт уламжилсан юм. Бидний хүсэлт тэдний ширээн дээр очдог гэдгийг мэдсэн. Харамсалтай нь хүсэлтийг маань төдийлөн анхаарч хэлэлцдэггүй юм байна гэдгийг бас мэдлээ. Үүнээс манай гишүүд аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаггүй, арчаагүй зангийн илрэл гэж бид үзэж байгаа. Үүний цаана золиос нь эхнээсээ ганц худаг руу ял аваад, хилс хэргээр явах гэж байна. Нөгөө талаас “Ж.Батзандан, О.Магнай нарыг хэргийг дахин шалгаж өгөөч” гэсэн хүсэлтийг холбогдох албаны хүмүүст тавьсан. Товчхондоо тэдэнд холбогдох хэргийг “Өршөөлийн хуульд хамруулсан” гэдэг үгээр бидний амыг таглаж байх жишээтэй. Хамгийн инээдтэй нь “цагдаагийн дарга нар гэм буруугаа хүлээгээд дараа нь өршөөлийн хуульд хамруулах юм аа” гэх утгатай зүйл өөдөөс ярьж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ. Өнөөдөр хамгийн их хохирч байгаа, хамгийн их хэлмэгдэж байгаа нь цагдаа нар. Төрийн төлөө өөрийн амь бие, эрүүл мэндээрээ хохирсон хүн бол цагдаа. Тухайн үед 536 цагдаа хэв журам сахиулж ажиллаж байсан. Үүнээс хүнд гэмтэлтэй, хөнгөн гэмтэлтэй гэх олон зуун цагдаа бий. Хоёр цагдаа нас барсан. Адилхан Монгол Улсын иргэн, төрийн төлөө зүтгэж явсан залуучууд. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаараа хохирсон тохиолдолд хуулийн дагуу төрөөс тэтгэмж авах эрхтэй. Амиа алдсан цагдаагийн ар гэрийхэнд 750 мянган төгрөг өгсөн байдаг. Гэтэл буудуулж нас барсан хүн тус бүрт 50 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн гэсэн. Уг нь бүгд л хорвоогийн мөнх бусийг үзсэн, аавын адилхан хөгвүүд. Яагаад тэднийг ийнхүү ялгавартай хандаж байгаа юм бэ. Яагаад төрийн төлөө амь насаа алдчихаад ясаа тайван амраахгүй ялгаварлан, нүд үзүүрлэгдэнэ вэ. Хэрэв шүүх хурлыг хаалттай явуулах юм бол чухам ямар зүйл ангиар яллаж байгаа талаар бид мэдэх боломжтой болж байгаа юм. Түүнээс биш ямар асуудал тавиад шүүх хурал явсан юм, ямар баримтыг яаж дэлгэсэн, шүүгч үүнийг хэрхэн хүлээж авсан юм, шүүгдэгч нар ямар тайлбар хийх талаар бүх зүйл тодорхой болно. Үүнийг л ард түмэн, цагдаагийн дарга нарын ар гэрийн холбоо хүсэж байгаа юм хэмээн өөрийн байр суурийг илэрхийллээ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫН АХ Ч.Энхболд:
-Монголын ард түмэн тэрхүү аймшигт өдөр юу болсон тухай үнэн мөнийг мэдэх ёстой. Тэгэх ч эрхтэй. Буруутай этгээдийг олж, үүргээ гүйцэтгэж байсан шударга хүмүүсийг тогтоох хэрэгтэй. Долоодугаар сарын 1-ний өдөр ямар этгээдүүд хар машинтай хүмүүс рүү гал нээсэн юм гэдгийг олж тогтоогоосой гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Гэвч өнөөг хүртэл хэргийг ямар нэгэн байдлаар сунжруулсан, удаашруулсан, мөрдөн байцаалтын явцад нотлох баримтнаас алга болсон гэх мэт олон үндэслэл баримт бий. Болсон хэргийн дараа тухайн өдөр алба хааж байсан бүх цагдаагийн албан хаагч нараас мэдүүлгэ, бацаалт авсан. Үүний дагуу нэг ч “Гэм буруутай” гэх утга агуулсан албан бичиг байхгүй байсан. Нөгөө талаас хэргийн материалийг яллагдагч нарт танилцуулаагүй байдаг. Уг нь өмгөөлөгчөөр дамжуулан хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч бүтээгүй. Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч хоёр хоногийн өмнө шүүх бүрэлдэхүүнд албан ёсоор мэдэгдээд гадаад руу томилолтоор явсан. Гэвч “шүүхийг хүндэтгэсэнгүй” гэх үндэслэлээр 500 мянган төгрөгөөр торгууль ноогдуулсан. За тэр ч яах вэ. Хамгийн гол нь хэргийг нь тусгаарлаж, сэтгүүлч нарыг гаргаад шүүх хурлыг явуулсан. Үүнийг прокурор эсэргүүцсэн байдаг. Улмаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Гэвч шүүх цагдаагийн дарга нарыг цагдан хорих тогтоол гаргасан нь өмгөөлөгчид хууль бус үйлдэл.
Ч.Энхболд ийн ярьсан юм. Цагдаагийн экс дарга нарын шүүх хуралд гэрчээр дуудагдсан Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар өмнөх шүүх хуралд өөрийн биеэр ирээгүй билээ. Тэр ч байтугай Н.Энхбаяр нь биет төлөөлөгчөө явуулснаас бусад нь энэ шүүх хурлыг мартсан мэт таг дуугүй байсан юм. Харин энэ удаад тэднийг ирэх эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Өнөөдөр болох шүүх хурлын үеэр улсын яллагч “Ирэх шаардлагагүй” гэвэл тэд гэрчээр дуудагдахгүй аж.
"Улс төрийн тойм" сонин