-Хог ирж авахаа болилоо. Үүний шалтгаан нь цахилгааны төлбөртэй хогны мөнгийг хамт хураадаг болсонтой холбоотой. Өмнө нь хогоо ачуулангуутаа холбогдох хүмүүст нь хөлсийг нь өгдөг байсан. Тухайн үед сар бүрт хоёр удаа ирж авдаг байв. Гэтэл тэгэхээ больсноос хойш хашаа, гудамж хогонд дарагдлаа. Өглөө босоод ирэхэд хашааны үүдэнд баахан шуудайтай хог тавьчихсан байх юм. Энэ нь мөн л хог ирж аваагүйтэй холбоотой. Төлбөрийг нь төлчихөөд байхад яахаараа ингэж байгаа юм бэ. Иймэрхүү байдлаар удах юм бол гэр хороолол хогийн хороолол болох юм шиг байна. Өмнөх шигээ хогоо ачуулчихаад мөнгөө өгөх замаар яагаад явж болохгүй байгааг мэдэхгүй юм. Ямартай ч мөнгөө төлсөн хогоо ачуулмаар байна. Хог хийх савгүй боллоо. Байгаа хэдэн сав бүгд дүүрчихсэн. Дулаарч байгаа болохоор хамаг хог гэсээд муухай үнэр гараад үнэхээр хэцүү байна.
Гэр хорооллын айлуудаас хогны мөнгө гэж тусгай хөлс авчихаад яагаад хог ачихгүй байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Сүхбаатар дэвшил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын дэд захирал Н.Батхуягаас тодруулсан юм.
-Гэр хорооллын айлуудын хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамт авдаг болсноос хойш хогийг нь ачихаа болилоо хэмээн иргэд гомдоллож байна. Яагаад хог ачихгүй байгаа вэ?
-Цахилгааны төлбөртэй хогны мөнгийг хамт авдаг болохоос өмнө гэр хороололын айлуудын 30 орчим хувь нь хогны төлбөрөө хийдэг байсан. Харин хамт авч эхэлснээр 50 хувь болж нэмэгдсэн. Хогны төлбөрөө төлж байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр хогоо ачуулахыг хүссэн иргэд ч мөн адил олон болж байна. Өмнө нь мөнгөө өгдөггүй байсан айлууд хогоо гуу жалганд хаядаг байсан бол одоо тийм зүйл алга болсон. Энэ нь нэг талдаа дэвшил, нөгөө талдаа ачаалал ихсэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хог тээвэрлэгч компаниуд ачааллаа дийлэхгүй байна. Яагаад вэ гэвэл машин тэрэг хуучирч эвдэрснээс жигд ажиллагаатай явж чадахгүй байна.
-Иргэд өмнө нь бэлэн мөнгө төлөөд ачуулдаг байхад ачаалал бага байсан гэсэн. Гэтэл одоо хогны төлбөрийг нь авчихаад хайнга хандаад байгаа юм уу?
-Би дээр хэлсэн. Хогоо ачуулж байгаа айлуудын тоо хоёр дахин нэмэгдсэн. Машин тэрэг дутмаг байгаагаас болж ачаалал ихэссэн үед хог ачих явц жаахан удааширч байгаа. Үүнийг зохицуулахын тулд манай байгууллага хувь хүмүүс болон албан байгууллага, аж ахуй нэгжтэй хамтарч ажиллах урилга гаргаж, зар тараасан. Хамтрахаар ирсэн компаниудтай үнэ тарифаа тохироод гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Одоогоор манай байгууллга хоёр хувь хүн, нэг байгууллагатай тохироод тэднээс тусламж авч байгаа. Тэд маш сайн ажиллаж байна. Цаашид хувь хүн, албан байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн.
-Хогоо ачуулсныхаа дараа төлбөрөө өгдөг байх үед хорооны хэсгийн ахлагч айлуудаар явдаг байсан. Одоо тийм зүйл алга болсон гэсэн. Яагаад тэгсэн юм бол?
-Одоо хогны байцаагч явж байгаа. Байцаагч нь жолооч, хоёр ачигчыг удирдаад явдаг юм. Бидний зүгээс тэдэнд соёлтой, боловсон байх тухай харилцааны хичээл заадаг.
-Гэр хорооллын айлуудын гадаах хогийг хэзээ ачих вэ. Одоогийн байдлаар нэг хороонд хэдэн машин явж байгаа вэ?
-Хогийг тогтмол ачиж байгаа. Үйл ажиллагаа нь зогсоогүй. Нэг хороонд зургаан тонны даацтай нэгээс хоёр машин явж байгаа. Удахгүй 15 тонны даацтай том машин ашигладаг болно.
-Гэр хорооллын айлуудын хогийг ер нь хэдийд ачдаг вэ?
-Даваа гарагт манай жолооч, ачигчид амардаг юм. Түүнээс бусад өдөр өглөөнөөс орой хүртэл ажилладаг.
-Ачааллаа дийлэхгүй энэ хэвээр байхгүйн тулд юу хийх вэ?
-Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хоёр арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, Цагаан давааны хогийн цэгийг ашиглалтад оруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа. Тавдугаар сарын 1-нээс ашиглалтанд орно. Энэхүү төвлөрсөн хогийн цэг ашиглалтад орвол хог ачигч автомашины туулах зам багасч, эргэлтийн хурд нь нэмэгдэнэ гэсэн үг. Одоо асгаж байгаа Улаан чулуутын хогийн цэг 30-аад километрийн цаана байдаг. Тиймээс тэр хүрэхийн тулд жаахан цаг авдаг юм. Мөн тун удахгүй 20 том оврын машин авах гэж байгаа.
-Өдөр болгон ачихгүйгээр гэр хороолол дунд төвлөрсөн хогийн цэг байгуулж болдоггүй юм уу?
-“Нийтийн аж ахуй сайжруулах төсөл” гэж байгаа. Энэ олон улсын байгууллагаас санхүүждэг. Энэхүү төсөл нь Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хороодод хэрэгжихээр судалгааны түвшинд явагдаж байгаа. Гудамжны үзүүрт том хогийн сав байрлуулах, хог нь дүүрэхээр солиод аваад явчих асуудлыг судалгааны дараа шийднэ.
Ямартай ч тэрбээр ийн тайлбарласан юм. Түүний хэлсэнчлэн хогоо ачуулсны төлбөрийг цахилгааныхаас тусад нь хийдэг байхад айлууд мөнгөө өгөхөөс татгалздаг байсан гэх. Тэр ч байтугай төлбөрөө авахаар очсон байцаагчдыг нохойгоороо хөөлгөж, уруулах шахдаг байсан тухай гомдоллох хүмүүс ч байсан юм.
"Улс төрийн тойм" сонин