зөвлөлийн Салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран "Аймгийн
төрийн удирдах албан тушаалтны манлайлал" сэдэвт зөвлөгөөнийг өчигдөр
зохион байгуулав. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх "Төрийн
албаны орон нутгийн удирдах ажилтнуудын сахилга, хариуцлага, манлайллыг
сайжруулах нь", аймгийн Ерөнхий аудитор Ц.Цэрэнхүү "Төсвийн ерөнхий
менежерүүдийн санхүүгийн сахилга, манлайлал", Салбар зөвлөлийн нарийн
бичгийн дарга Д.Уртнасан "Төрийн албаны орон нутгийн удирдах ажилтнуудын
ёс зүйн асуудал" зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.
Энэхүү
зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам оролцож, Төрийн
албаны зөвлөлийн бодлого, шийдвэр, "Төрийн удирдах албан тушаалтны
манлайллын жил"-ийн хүрээнд хийх ажлын талаар зөвлөгөөнд оролцогчдод
мэдээлэл өгч, төрийн албаны шинэтгэлийн тулгамдсан асуудлаар санал
солилцон тэдний сонирхсон асуултад хариулт өгөв. Мөн Төрийн албаны
зөвлөлийн Ажлын албаны Х.Шаандар, Б.Нямсүрэн нар "Төрийн удирдах албан
тушаалтны манлайллын түвшинг үнэлэх арга зүй", Удирдлагын академийн багш
Ц.Өнөржаргал "Орчин үеийн удирдлага, манлайлал" сэдвээр зөвлөгөөнд
оролцогчдод сургалт явуулж, ярилцлага хийлээ.
Зөвлөгөөнд
оролцогчдын анхаарлыг татсан нэг асуудал бол тус аймгийн ЗДТГ, сумдын
ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны
байгууллагууд болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар тус
зөвлөгөөний өмнө иргэдээс авсан санал асуулгын дүн байлаа. Санал
асуулгад оролцогчдын нэлээд хувь нь тухайн төрийн байгууллагын үйл
ажиллагааны талаар "мэдэхгүй" гэж хариулсан нь төрийн байгууллагууд
өөрийн үйл ажиллагааны талаар нийтэд мэдээлэл хүргэх ажил хангалтгүй
байгаатай холбоотой гэж зөвлөгөөнд оролцогч зарим менежерүүд дүгнэж
байв.
Мөн зарим төрийн албан хаагч ёс зүйн зөрчил эсэхээ
мэддэггүйгээс болоод ёс зүйн зөрчилд орж байгаа тул ёс зүйн сургалтыг
анхан шатанд сайтар зохион байгуулах шаардлагатай байгаа тухай, Ёс зүйн
хороодыг өөрөө ёс зүй сайн сахидаг төрийн албан хаагчаар ахлуулах нь
зохистой талаар болон төрийн албан хаагчийн хүнтэй харьцах ур чадвар,
хөнгөн шуурхай байдал учир дутагдалтай байгаа талаар зөвлөгөөнд оролцсон
зарим төлөөлөгч санал, шүүмжлэл гаргаж эдгээр байдлыг хэрхэн засч
залруулах, төрийн албаны үйлчилгээг олон нийтийн сэтгэл ханамжийн
хэмжээнд хүргэхэд юу шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөнд оролцогчид аймгийн нийт төрийн албаны менежерүүд, албан хаагчдад хандсан зөвлөмж батлан гаргасан юм.