”Хятадын эрх баригчид улс төрийн шинэчлэл хийж байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

”Хятадын эрх баригчид улс төрийн шинэчлэл хийж байгаа”

Хятадаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лиу Сяомингийн BBС агентлагт өгсөн ярилцлагыг хүргэе. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао саяхан “Улс төрийн шинэчлэл хийнэ” хэмээн ярьсан. Түүнээс хойш удалгүй тус улсын томоохон албан тушаалтнууд ажлаа халагдаж, хорионд орсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тиймээс Хятадын улс төрд ямархуу нөхцөл байдал үүсээд байгаа талаар Лиу Сяомин ярьжээ.

-Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао саяхан “Хятадын улс төрд шинэчлэл хийх хэрэгтэй” тухай онцолсон. Үнэхээр тэгэхгүй бай­хын аргагүй нөхцөл байдал үүссэн юм уу?

-Хятадын Засгийн газар улс төрийн тогтолцоогоо шинэчлэхийг зорьж байгаа тухай Вэнь Зябао онцолсон юм. Улс төрийн шинэч­лэл хийнэ гэдэг нь төлөвлөн прог­раммын дагуу явагдах үйл явц. Энэ бол Хятадыг илүү нээлттэй улс болгоход чиглэж хийж буй алхам. Дэнг Сяпинг засгийн эрхэнд байх үед мөн л нээлттэй Хятад орныг бий болгохын тулд шинэчлэл хийж байсан.

-Вэнь Зябао улс төрийн ши­нэчлэлийн тухай ярихдаа ямар нэгэн зүйлийг онцолж хэлээгүй. Тэгэхээр энэ нь Хятадын эрх баригчид залуу үеийнхэндээ ха­лаагаа өгөх гэж байгаа тухай юу, аль эсвэл Коммунист намын томоохон албан тушаалтнуудыг ажлаас  нь халж, хорьж байгааг хэлсэн юм болов уу?

-Хятадад улс төрийн шинэчлэл хийнэ гэдэг нэлээд чухал асуудал. Сүүлийн 30 жилийн турш энэ талаар нухацтай ярьсан. Хятадын төрийн эрхэнд гарсан хүмүүс өөрийн албыг маш удаан хугацааны турш хашдаг. Харин энэ удаад шинэчлэл хийснээр тэр бүх зүйл өөрчлөгдөх болно. Хятадын конгрессоор хэлэлцэж, тэнд байгаа гишүүдийн саналыг авах замаар шинэ удирдагчдыг тодруулдаг болоод байгаа. Энэ бол барууныхны хүсдэг мөнөөх ардчилал гэгч зүйл шүү дээ. Гэхдээ ардчиллын Хятад хувилбар гэхэд болно.

-Тийм байж. Гэхдээ хийх ёстой маш олон зүйл байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү. Хятадын ард түмэн улстөрчдийгөө авлигад идэгдсэн хэмээн шүүмжилдэг. Үүнээс болоод Коммунист нам болоод Засгийн газрын нэр хүнд буурч байна. Хятадын эрх баригчид энэ бүхнийг зохицуулж чадах уу?

-Улс төрийн шинэчлэл хийнэ гэдэг юун түрүүнд нээлттэй тогтолцоог бий болгох тухай яриа юм. Харин түүний дараа улс төрийн шинэчлэлээр дамжуулж эдийн засгийн өөрчлөлтөд хүрсэн Хятад орны тухай ярьж болох юм. Хэрэв 30-60 жилийн өмнөх Хятадыг өнөөдрийн Хятад оронтой харьцуулж чадавал ямар их ялгаа байгааг анзаарч болохоор байна.

-Гэхдээ энэ хангаллтай гэж үү. Олон хүн тэгж бодохгүй байна шүү дээ?

-Гуравдугаарт, Хятадад сайж­руулах ёстой салбар гэж байгаа. Улс төрийн ямар ч тогтолцоо төгс биш байдаг. Хятадын Засгийн газар ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж, тэднийг улс төрийн шийдвэр гар­гахад оролцох эрхтэй болгохын төлөө байж болох боломжуудыг судалж байгаа юм. Энэ тухай л Вэнь Зябао Ерөнхий сайд онцолсон байх. Миний бодлоор энэ нүсэр том үйл явц өдөр ирэх бүр хурдасна.

-Сирийн нөхцөл байдлын та­лаар асуух гэсэн юм. Сирийн эрх баригчдыг засгийн эрхээс буулгах гэсэн америкчуудын санаачилгыг Хятадын тал дэмжихгүй байгаа. Барууны орнууд энэ тал дээр идэвх­тэй хөдөлж байхад Хятадын эрх баригчид мөн л дуугүй суусар. Үүний шалтгаан нь юу вэ?

-Сирийн Засгийн газар болон босогчид хоорондоо тохиролцож чадаагүйн улмаас зэвсэг барин тулалдаж байна. Хятадын эрх баригчид энэ асуудалд аль, аль талд нь орохгүй байгаа. Хаана хүмүүс хүч хэрэглэж, хүчирхийлэл даамжирч байна, тэр бүхний эсрэг Хятад улс зогсох болно. Манай улсын баримталж буй зарчим бол сөргөлдөгч талуудын  хооронд найр­саг харилцаа тогтоохыг эр­мэлзэх явдал. Бид НҮБ-ын үйл ажиллагааг дэмждэг. Кофи Аннан Сирид очиж, асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг хичээж байгаад нь бид талархаж байна. НҮБ Сирид үүсээд буй хурцадмал байдлыг намжааж чадна гэдэгт ч итгэлтэй байгаа. Түүнээс биш ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байгаа гэдгээ Хятадын Засгийн газрын төлөөлөгчид албан ёсоор мэдэгдсэн. Тусгаар тогтносон Сири улсын ард түмнийг бид хүндэтгэх ёстой.

-Та товч бөгөөд тодорхой хариуллаа. Хятадын эрх баригчид ийм зүйлийг хэлэхийг хүсч байгаа учраас Сири рүү энхийг сахиулагч цэргүүд нэвтрэхийн эсрэг байгаа юм уу?

-Миний бодлоор Сири улсыг хэн удирдах вэ  гэдгийг ард түмэн нь өөрсдөө сонгох ёстой. Түүнээс биш гадны улсууд Сирийн дотоод бодлогод  нөлөөлж, иргэдэд нь юу хийхийг нь заах эрх байхгүй гэж бодож байна. Энэ бол Сирийн ард түмний шийдэх хэрэг.

-Гэхдээ сөргөлдөгч талууд хоорондоо тохиролцож чадахгүй байгаагаас үүдээд хүч хэрэглэж, бие, бие рүүгээ гал нээж байна. Энэ нь аюултай юм биш үү?

-Тэднийг харилцан бие, биедээ буулт хийлгэхийн тулд НҮБ   ажиллах ёстой. НҮБ өөрсдийн төлөөлөгчдийг Сири рүү нэвтрүүлж, тус улсын эрх баригчдыг буулт хийхийг ятгах хэрэгтэй. Сөрөг хүчнийхэнд ч бас ийм санал тавих ёстой. Олон улсын байгууллагынхаа хувьд энэ бол НҮБ-ын хийх ёстой зүйл. Манай улс ч бас энэ зарчмаасаа хазайхгүй.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж