О.Чулуунбат: Хүлээхгүй бол ТТ-н хувьцаа үнэгүйднэ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: Хүлээхгүй бол ТТ-н хувьцаа үнэгүйднэ

Тавантолгойн IPO гаргах асуудал Хон­конгийн Хөрөнгийн биржийн тавьж буй шаард­лагаас болж удаашрахад хүрээд байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хо­рооны дарга О.Чулуунбаттай ярилцсан юм.

-Тавантолгойн IPO-г Хонгкогийн Хө­рөн­гийн бирж дээр гаргах асуудал чухам юу­наас болж хойшлоод байгаа юм бэ. Хон­кон­гийн Хөрөнгийн биржийнхэн манай ул­сын “Таван­толгойн IPO-г олон улсын хө­рөнгийн зах зээл дээр худалдахыг хүсвэл Үнэт цаас­ны зах зээлийн тухай хуульдаа өөрчлөлт оруул” гэсэн санал тавьсан. Энэ үнэн үү?

-Тавантолгой ордын хувьцааны 20 хувийг ард иргэдэд эх орны хишиг хэлбэрээр хуваарилах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Үүний дагуу эхний ээлжинд иргэдэд очих ёстой хувьцаанууд нь хүрэх ёстой эзэндээ хүрсэн байх ёстой. Гэтэл манай Хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьцаа олгох, тэдний хувьцааг борлуулах эрх зүйн боломж нь тийм ч төгс төгөлдөр биш байсан. Тиймээс Монголын Засгийн газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцсэн, олон улсын стандартуудыг багтаасан хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхээр тохирсон ч одоо болтол ямар нэгэн санал оруулж ирээгүй байна. Миний сонссоноор Монголын болон Лондонгийн Хөрөнгийн биржийн хамтарсан баг хуулийн төсөл боловсруулаад Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд 5-6 сар болж байгаа юм билээ. Тэгэхээр тэнд л гацчихсан бололтой. Үүнээс л болоод Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргах ажил гацаанд орчихоод байна гэж бодож байна. Хэрэв дэлхийн стандартад нийцсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуультай болсон бол бүх зүйл бэлэн гэсэн үг. Энэ л шаардлагыг Хонконгийн Хөрөнгийн биржийнхэн тавьж байгаа гэж ойлгож байна.

-Тухайлбал, хуульд ямар өөрчлөлт оруу­лах санал тавьж байгаа гэж?

-Хувьцаа борлуулах, худалдаж авахыг ил тод нээлттэй болгох, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тогтсон дүрэм журмын дагуу хамгаалах, хувьцаа худалдан авч байгаа хөрөнгө оруулагчид заавал брокер дилерийн компаниудаар дамжуулж хувьцаагаа худалдаж авахгүй байх зэрэг олон улсад мөрдөж хэвшсэн дүрэм журмыг нэвтрүүлэх санал тавьсан.

-Тавантолгойн IPO-г гаргах асуудал нэгэнт удааширчихлаа. Одоо яах ёстой вэ?

-Бүх зүйл бэлэн болтол хүлээх л ёстой. Яарч хөдөлбөл Тавантолгойн хувьцаа үнэгүйдэх аюултай.

-Нөгөөтэйгүүр УИХ-ын 39 дүгээр тог­тоолд өөрчлөлт оруулж олон улсын хөрөн­гийн зах зээл дээр арилжаалахаар тохирсон байсан 30 хувийн хувьцааг 20 хувь болгож бууруулсан нь Хонконгийн Хөрөнгийн бир­жийн дотоод журмыг зөрчөөд байгаа гэх юм билээ. Үүнээс болоод удааширч байж болох уу?

-Тийм зүйл бий. Үнэхээр л иргэдэд олгох хувьцааг нэмэх гээд байгаа юм бол Засгийн газар заавал 51 хувийн хувьцаа эзэмших гэж зүтгээд байх хэрэггүй шүү дээ. Хэрэв ийм мессежийг олон улсад өгөөд IPO хийх юм бол Тавантолгойн хувьцаа үнэд хүрнэ. Ер нь Засгийн газраас иймэрхүү том бизнест хувьцаа эзэмшигч хэлбэрээр оролцоод байх хэрэггүй байгаа юм. Орлого их олж байвал татвараа нэмэх хэлбэрээр ашиг олж болно шүү дээ.

-Иргэдэд олгох Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг нэг сая орчим төгрөг гэж тогтоосон. Нэрлэсэн үнийг ямар аргаар тог­тоо­сон юм бэ. Олон улсын хөрөнгийн зах зээлд гараагүй байхад ингэж тогтоож болдог юм уу?

-Иргэдэд олгох хувьцааны нэрлэсэн үнийг хэрхэн тогтоосон бэ гэхээр гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкууд Тавантолгойн ордод үнэлгээ хийсэнтэй холбоотой. Ингэхдээ Тавантолгойн ордтой ижил төрлийн баялагтай ордуудтай харьцуулж, коксжих нүүрснийх нь чанар, зах зээлийнх нь судалгааг хийсний үндсэн дээр Тавантолгойн ордын үнэлгээг 10-15 тэрбум ам.доллар гэж тогтоосон. Үүнээс иргэдэд олгох хувьцааныхаа үнэлгээг тодорхойлсон. Гэхдээ ингэхийн тулд зөвхөн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулах боломжгүй учир олон улсын Хөрөнгийн биржүүд дээр Тавантолгойн хувьцааг борлуулах шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс олон улсын Хөрөнгийн биржүүд дээр Тавантолгойн ордын хувьцааг үнэд хүргэх ёстой. Учир нь олон улсын Хөрөнгийн бирж дээр мөнгөтэй хөрөнгө оруулагчдаас гадна сул мөнгө их хэмжээгээр эргэлдэж байдаг. IPO  хийнэ гэдэг нь Монгол Улс руу урсах мөнгөний урсгалыг нэмж байна л гэсэн үг шүү дээ. Гэтэл зарим хүн Тавантолгойн ордыг алдчих юм шиг яриад байгаа нь харамсалтай юм.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж