Улс төрд дэгдсэн “Долдугаар сарын 1”

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Улс төрд дэгдсэн “Долдугаар сарын 1”

Ц.Нямдорж дорбинкоо шүү­­­рэн авав. Долоодугаар са­рын 1-ний үймээнд орол­цогсод ту­хайн үеийн МАХН-ын байр руу “Мо­лотов” шид­сэн бол Хууль зүй, дотоод  хэргийн сайд “Женко” Х.Бат­тулга руу дор­бинкоо чиг­лүү­лэв. Эрх баригч хү­чинд өдөлж, Н.Энхбаярын дохио зан­гаагаар дэвж байсан жи­гүү­рийнхнийг дорбинкдож чадаа­гүй Ц.Нямдорж “Жен­ко”-г овоо хараандаа авах нь тэр. Долоодугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр цаг­даа нарыг командалж явсан Ч.Амарболд тэргүүтэн Ганц­худагт морилсон бол Нямка сайд Төрийн ордонд “Улс төр дэх долоодугаар сарын 1” хэ­мээх шинэ жүжиг дэглэлээ. Улаан коммунизмын сүүлчийн үзэг­дэл болсон “Нямдорж” техно­логи ийнхүү дахин хэрэг­жиж эхлэв.

Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр иргэд эрх баригч хүчний төв байр руу чулуу нүүлгэж байсан бол Ц.Нямдорж, Х.Баттулга хоёр нэг нэгнийхээ өөдөөс чулуу шидэх боллоо. Хамтарсан Засгийн газрын үед хаалганы цаана толхилцож байсан хоёр эрхэм ийнхүү олны өмнө “зодолдож” байна. Цагдаагийн экс дарга нарыг Ганцхудагт цагдан хорьсонтой холбоотой дуулианыг тэд улс төрийн улаан хэрүүлээр үргэлжлүүлэх нь энэ. Хайран ч хамтарсан Засгийн газрын түүх. Н.Алтан­хуягийн хэлсэнчлэн Ардчилсан намын түүхэн үүргийг хоёр улстөрчийн эрх ашгаар ийн баллах ч гэж дээ. С.Баяр, С.Батболд нарын эхлүүлсэн их бүтээн байгуулалтыг Ардын намын лидер Ц.Нямдорж ингэж баллуурдах гэж. Сайд, гишүүн хоёрын асаасан гал Ардын нам, Ардчилсан намын хамтын ажиллагааг хамтарсан Засгийн газрын түүхээр хол­бож байсан “гүүр”-ийг ша­таачихлаа. Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр намын байрыг нь шатаасан ч эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, тэрбумтан гишүүдтэй эрх баригч хүчнийхэн оронд нь ордон сүндэрлүүлж чадсан. Харин Ардын нам, Ардчилсан намынхныг ашиг сонирхлоор нь холбодог байсан “гүүр”-ийг хэн нь дахин барих юм бүү мэд.

Х.Баттулга гэнэдэж хашир­даггүй ч хүн бол доо. Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд байх үед мань хүн “Төмөр зам барихад Ц.Нямдорж саад болоод байна” хэмээн ам нээх төдий өнгөрсөн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд түүний үгийг сонсчихоод хэрүүл хийх гэсэн боловч байдал тэгсхийгээд намжсан юм. “Женко” жүдо бөхөөр барилддаг байж болно. Гэвч Ц.Нямдорж сайд хонзогносон нэгнийхээ хамаг булхайг дэлгэхэд мэргэшсэн нэгэн. УИХ-ын гишүүн Л.Гүндалай түүнийг 2000 оны эхээр “Хятадын тагнуул” гэж хэлсэн биш, онгоцны буудал дээр баривчлагдаж байсан.

Үүнээс хойш хэдхэн жилийн дараа буюу Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг зувчуулсан хэрэг гарсан. Энэ үеэр хэн нэгэн түүнд “Болохоо байлаа шүү. Цаана чинь хүмүүс Хадгаламж банкнаас их хэмжээний мөнгөө татаж эхэллээ” хэмээн мэдэгдмэгц мань хүн Э.Бат-Үүлийг өрөөндөө дуудаж “Та нар зөвхөн намынхаа эрх ашгийг бодож, улс төрийн явуургүй үйлдэл гаргаж байна” гэж хэлснээр Ардчилсан намынхан “гал”-аа зогсоож, Хадгаламж банк дампуурахаас сэргийлж чадсан гэдэг. Харин үүний дараа юу болов доо. УИХ дахь МАХН-ын бүлгийн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, зарим нь шүүхээс ял сонссон удаатай. Гэхдээ тэд казинод тоглосныхоо балгаар асуудалд орооцолдсон болохоос биш, Ц.Нямдорж лав тэднийг матаагүй.  

Ц.Нямдоржийн овоо хараанд өөр нэгэн нөхөр өртсөн нь УИХ-ын гишүүн О.Чулуунбат. Эрхэм сайд 2006 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн хурал дээр “Н.Энхбаяр, О.Чулуунбат хоёр “Гандирс”-аар мөнгө угаах гэж байна” гээд нэгэн баримтыг гишүүдэд дэлгэсэн билээ. Тэрбээр “Х.Баттулга Өмнөд Солонгос, Хятадын талтай 20 хуудас нууц гэрээ байгуулсан” хэмээн хэрүүлийн гол фактаа дэлгэж буйтай яг адил явдал тэр үед болсон юм. Харин тэр үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбат “Энэ бичиг баримт “Гандирс”-тай огт холбоогүй” гэж няцаасан боловч Ц.Нямдорж “Гандирс” хорооллыг барих мөнгө босгох нэрийдлээр хийсэн цэвэр луйвар шүү дээ. Үүнээс болж Монгол Улс 250 сая ам.долларын алдагдалд орохоос 230 саяыг нь хааж, оронд нь УИХ-ын даргын албанаас огцорч байсан” гэдгээ одоо ч ярьдаг. Улстөрч, банкир эрхмүүдийн дунд үүссэн зөрчилдөөний үр дүнд нэг нь УИХ-ын даргаас огцорч, нөгөө нь их хэмжээний мөнгө босгох мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын сөргөлдөөн хэрхэн эцэслэх бол. Ардын нам, Ардчилсан намын лидерүүдийн ганцаарчилсан тулааныг Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын зочид буудал, хаусын тухай хэрүүлтэй зүйрлэхийн аргагүй. Учир нь УИХ-ын 2012 оны сонгуулиар улс төрийн хоёр том намын дунд гол тулаан өрнөнө. Тиймээс тулааны өмнөх нам гүм байдлыг Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хэрүүл эвдлээ. Өнгөрсөн 2008 онд дэгдсэн их үймээн улс төрийн тавцнаа үргэлжилж мэдэх нь. Тэр үед сонгуулийн үр дүнд бухимдсан иргэд эрх баригч хүчний төв байрны үүдэнд цуглацгаасан бол энэ удаад ирэх сонгуулийн ялалтаа зөгнөсөн улстөрчид улс төрийн тавцан дахь үймээнийг улам ширүүсгэв. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарыг шүүх хурал өнөөдөр Ганцхудагт болно. Харин Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хувьд, нэг нэгнээ “шүүх” ажиллагаа үргэлжилж байна. 

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж