Дижитал телевизорын шинэ боломжууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дижитал телевизорын шинэ боломжууд

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Дижитал телевизорын шинэ боломжууд

Манай улс 2014 оны 7 дугаар сарын 31-нд телевизийн тоон буюу дижитал системд шилжихээр төлөвлөөд байгаа билээ. Харин бид нэвтрүүлгийн дүрс болон дууны чанар эрс сайжирна гэдгээс бусдаар шинэ системийн ач холбогдлын талаар хангалттай мэдээлэлгүй байна. Тоон систем нь дуу, дүрсний мэдээллийг илүү өндөр чанартайгаар дамжуулах боломж бүрдүүлдэг боловч түүнийг хүлээн авч буй дижитал технологи бүхий телевизорууд ч мөн адил олон төрлийн дэвшилтэт боломжуудыг агуулах болжээ.

Энэ талаар Япон улсад худалдаалагдаж буй сүүлийн үеийн дижитал телевизоруудад нэвтрээд байгаа шинэ технологиудад тулгуурлан танилцуулья. Тус улс өнгөрөгч оны 7 сараас телевизийн нэвтрүүлгийн аналог дамжуулалтыг зогсоож дижитал системд бүрэн шилжээд байна. Мөн 2003 оноос тоон технологи бүхий телевизийн нэвтрүүлгүүдийг 3 том хотод анх дамжуулж эхэлсэн бол өнөөдөр сансарын хиймэл дагуулаас BS (Broadcasting Satellite) болон CS (communications satellite) хэмээх 2 төрлийн, газрын 1 төрлийн дижитал дамжуулалтыг тус тус орон даяар хийж байна.

Дижитал дамжуулалтаар телевизийн нэвтрүүлгээс гадна текст болон зурган мэдээллүүдийг дамжуулах боломжтой. Үүнд тухайн сувгийн нэвтрүүлгүүдийн жагсаалт, орон нутгийн болон дэлхийн мэдээ, цаг агаарын мэдээлэл, нэвтрүүлгийн тухай дэлгэрэнгүй тайлбар зэргийг дамжуулж байна. Мөн зурагтны удирдлагын зориулалтын товчлуурын тусламжтайгаар шууд нэвтрүүлгийн үед санал асуулгад хариулах зэргээр нэвтрүүлэгт зарим хэлбэрээр оролцох боломжтой болжээ.

Дижитал телевизорын үндсэн шинж чанар нь HD буюу 1,280×720 пикселээс дээш үзүүлэлт бүхий телевизийн нэвтрүүлэг, видео бичлэгийг үзэх боломжоор тодорхойлогдоно. Үүнээс гадна нэгэнт тоон технологийг дэмжих учир USB, HDMI холболт болон SD зэрэг картуудыг шууд холбох замаар фото зураг үзэх, дуу сонсох боломжтой болсон. Мөн LAN холболтоор интернетэд холбогдож, онлайн (ondemand), кабелийн телевизийн сувгууд болон бусад төрлийн үйлчилгээнүүдийг нэмэлт төхөөрөмжгүйгээр хүлээн авах боломжийг бараг бүх төрлийн дижитал телевизорууд хангаж байна. Дэлгэц дээр 1-ээс 8 хүртэлх тооны сувгийг нэгэн зэрэг харуулах, тэдгээрийн хооронд чөлөөтэй шилжиж сонголт хийх боломжтой болов.

Дижитал дамжуулалтыг үр ашигтай хийх зорилгоор өнгөний мэдээллийг 4 дахин нягтруулдаг учир дүрсний чанар алдагдах тохиолдол байдаг. Тэгвэл сүүлийн үеийн телевизорууд процессорын тусламжтайгаар дүрсний мэдээлэлд боловсруулалт хийж өнгөний чанарыг үндсэн хэмжээнд хүртэл сэргээх боломжтой болсон байна. Мөн Тошибагийн Regzа зэрэг загварууд фрейм буюу дүрсний тухайн, өмнөх, дараагийн кадруудыг нэгтгэсэн боловсруулалт хийх замаар дижитал төхөөрөмжүүдэд үүсэх нойзийг арилгаж дүрсний дээд зэргийн чанарыг бий болгож байна.

Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явах, өөр төрлийн нэвтрүүлэг эхлэх зэрэг тохиолдлуудад дууны өнгө буюу чанга, сулын хэмжээ өөрчлөгдөх нь телевиз үзэгчдэд төвөгтэй санагддаг. Тэгвэл Шаарпын Aquos загварын "CM auto volume" технологи нэвтрүүлгээс сурталчилгаанд шилжих үед телевизорын дууг автоматаар багасгана. Харин Тошибагийн "Auto volume" технологи сурталчилгаанаас гадна, суваг солих зэргээр дууны хэмжээ өөрчлөгдөх бүхий л нөхцөлд дууг нэг түвшинд барих боломжийг олгож байна.

Эдгээр нь зөвхөн телевизийн нэвтрүүлгээр зогсохгүй blu-ray зэрэг тоглуулагчаас хүлээн авах видеонд ч мөн адил хамаарна. Үүнээс гадна нэвтрүүлгийн төрөл, хэлбэрт тохирсон онцлог бүхий дуу авиаг автоматаар гаргах боломжтой болжээ. Хэрэв спортын тэмцээн үзэж байгаа бол цэнгэлдэх хүрээлэнд байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дотор нь орсон мэт мэдрэх дуу авиаг сонсгох болно. Харин сонгодог хөгжмийн концерт үзэж байгаа бол хөгжмийн зэмсгийн нарийн дуу авиа болон хөгжимчний ур чадварыг мэдрүүлнэ.

Дижитал телевизоруудын өөр нэгэн шинэ боломж нэвтрүүлгийн бичлэг хийхэд чиглэж байна. Үүнд уламжлалт видео, DVD, blu-ray бичигч төхөөрөмжөөс гадна суурин болон зөөврийн хатуу дискэнд бичих, мөн дотроо хатуу диск болон blu-ray бичигч агуулсан загварууд гараад байна. Нэвтрүүлгийн бичлэг нэгэнт дижитал хэлбэрээр хийгдэх учир компьютер, SD карт зэрэгт хуулбарлан гар утас, таблет мэтийн бусад төрлийн төхөөрөмжүүдээр үзэх боломжтой. Төхөөрөмжийн төрлөөс хамааран бичлэгийг HD болон гар утасны форматаар хувиргана.

Зарим загварууд зөвхөн тухайн үзэж байгаа сувгийн нэвтрүүлгийн бичлэг хийдэг бол Тошибагийн загварууд үзэж буй сувгаас гадна өөр 2 сувгийн нэвтрүүлгийг давхар бичиж авах боломжтой болсон. Мөн гэнэтийн зочин ирэх зэргээр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзэх боломжгүй бол дундаас нь бичлэг хийх, олон анги бүхий цуврал кино, тогтмол цагт хийгддэг нэг төрлийн нэвтрүүлгүүдийг зөвхөн нэг удаагийн сонголтоор автоматаар бичигдэх боломжуудаар хангагджээ.

Үүнээс гадна нэвтрүүлгийн жагсаалтаас сонголт хийж 7 хүртэлх хоногийн дараах төлөвлөгдөж буй нэвтрүүлгээс захиалан бичлэг хийх боломжтой болов. Хэрэв телевизор нь интернетед холбогдсон бол гар утас болон компьютерээс бичлэгийн захиалга хийж болох загварууд ч бий болсон байна. Захиалсан бичлэгүүд таныг гэртээ байхгүй үед, тэр ч байтугай зурагтаа унтраасан байсан ч автоматаар хийгдэх болно. Бичлэг хийх болон түүнийг дахин үзэх үед сурталчилгааг алгасах, бичлэгийг гүйлгэх, ухраах, зогсоох үйлдлүүд ч мэдээж бүрэн боломжтой.

Зарим загварууд ердийн горимд 2 Тб хэмжээний хатуу дискэнд 117 (24Mbps) цагийн бичлэг хийх боломжтой бол зарим нь урт хугацааны горимд 4 дахин их буюу 711 (6Mbps) цагийн бичлэг хийх боломжтой болсон. Мөн загвараас хамаараад 4 – 8 хатуу дискийг нэгэн зэрэг холбох боломжтой нь гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн хатуу диск эзэмшиж өөрийн дуртай нэвтрүүлгийн бичлэгийг
 дискний зай булаацалдалгүйгээр хийх боломжийг олгож байна.

Дараагийн нэгэн боломж нь DLNA стандартад тулгуурлаж байна. Хэрэв гэртээ ийм сүлжээтэй бол аль ч өрөөнийхөө зурагтаар компьютерт, гар утсанд эсвэл хатуу диск тоглуулагчид хадгалагдаж байгаа нэвтрүүлэг, кино, видео, дуу, фото зургийг үзэж болно. Мөн ухаалаг утас, таблетээс зурагтаа удирдахаас авахуулаад нэвтрүүлгийн бичлэг хийх зэрэг үйлдлүүдийг хийж болно. Тэр ч байтугай компьютерээсээ телевизороо удирдах, эсрэгээр телевизороос компьютерээ удирдсан ч болно.

Мөн ихэнх телевизор үйлдвэрлэгч нар ухаалаг утас, blu-ray тоглуулагч зэрэг бусад төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байгаа билээ. Эдгээрийг тухайн загварын телевизоруудтай хамтатган ашиглаж боломжтой. Тошибагийн Regza загварын телевизортой бол адил загварын ухаалаг утас, таблетэд ашиглагддаг апликэшн програмуудыг зурагт дээрээ ч ажиллуулж болно. Мөн Рegza ухаалаг утсаа зурагтныхаа удирдлага болгон ашиглах боломжтой. Хэрэв Панасоникийн blu-ray тоглуулагчтай бол түүн дээрх бичлэгүүдийг аль ч өрөөнд байгаа панасоник зурагтаараа үзэж болно.

Эдгээрээс гадна эрчим хүчний хэмнэлттэй нэлээд хэдэн загварууд гарсан байна. Сонигийн Bravia загварын телевизор ойролцоо нь хүн байгаа эсэхийг мэдрэх бөгөөд холдсон тохиолдолд автоматаар унтарч, эргэж ирэхэд автоматаар асдаг. Тэр ч байтугай хүний нүүр царайг мэдэрч зурагтнаас өөр тийш харах үед дэлгэцийн гэрэлтэлтийг 50% багасгах, өрөөний гэрэлтүүлгийн байдалтай уялдуулан автоматаар тохируулах технологи нэвтрэв.

Гар утас, хатуу диск, SD карт, компьютер зэргийг телевизорт холбож тэдгээрт хадгалагдаж буй дуу, видео, кино, фото зургийг үзэж тоглуулах боломжтой болов. Энэ боломж нь CD, DVD, видео кассет зэрэг овор ихтэй хадгалах төхөөрөмжүүдийн ашиглалтаас зайлсхийх боломж олгож гэр ахуйн орчинд медиа мэдээллүүдтэй харьцах ажиллагааг ихээхэн хөнгөвчилж байна.

Нөгөө талаас гэр ахуйн интертеймент, медиа чиглэлийн бүхий л төрлийн төхөөрөмжүүдийн үүргийг зөвхөн телевизорт төвлөрүүлэхийн эхлэл байж ч магадгүй юм. Мөн сүүлийн үеийн телевизорууд 2D болон 3D тоглоомын хэрэгслүүдтэй зохицож ямар ч асуудалгүйгээр тоглох боломжийг олгож байна. Үүнд PSP зэрэг зөөврийн тоглоом, ухаалаг утасны тоглоомыг ч хүртэл дүрсний сарнилтгүйгээр том дэлгэцээр тоглох боломжтой.

Дашрамд дурдахад эдгээр бүх боломжуудыг ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр телевизортойгоо хамт зөвхөн нэг л удаа худалдан авах боломжтой юм. Мөн бичлэгт дурдагдсан телевизорын загварууд зөвхөн Япон улсын дотоодын зах зээлд зориулагдан худалдаалагдаж байгаа учир Монгол зэрэг бусад улсаас захиалж, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр загварууд нь аналог дамжуулалтыг дэмждэггүй, мөн телевизийн системээс авахуулаад технологи, стандартын хувьд таарч тохирохгүй байх магадлал өндөр юм. Энэ удаагийн бичлэг зөвхөн мэдээлэл өгөх зорилготой учир тоон технологийн давуу талыг ойлгоход туслах, цаашид уг технологид шилжих үед телевизорын сонголт хийхэд суурь мэдээлэл болно гэдэгт найдаж байна.

http://robomec.blogspot.com/
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!