Зөвхөн эмэгтэй хүний л, тэр дундаа нэлээд мэдрэмжтэй, аливааг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодож эргэцүүлдэг бүсгүй хүний мэдэрч чадах тэр л торгон мэдрэмж, эмзэг турьхан атлаа эрэлхэг, ухаалаг өгүүлэмжүүдийг унших тусам энэ бодол маань батлагддагсан.
Харин жил гаруйн өмнө нүүр тулах завшаан тохиож, “61 ах” номыг өөрөөс нь гардахдаа нөгөө дэндүү чимхлүүр мэдрэмжтэй зохиолч маань эрэгтэй хүн байсныг, бүр нас тогтож яваа тулхтайхан ах болохыг хараад гайхаж билээ. Яаж мэдрэхээрээ үг бүр нь залуухан бүсгүй өдөөр гуниг зурах шиг тунгалаг, утга санаа нь давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт нууцлаг байдаг байнаа гэж дуу алдах шахсан.
Өнөөдөр түүний дөрөв дэх ном хэвлэлтээс гарч байна. Хэвлэлтээс ч гэж, зохиолчийн нөгөө л хэтийдсэн мэдрэмжээс, төсөөллөөс, сэтгэлд нь амилж, алсарч явдаг өнгө будагнуудаас төрөн гарч байна. Эхлэл, төгсгөл нь ойлгомжтой энгийн санаануудыг эвлүүлж урласан юм шиг атлаа санаанд оромгүй шаглаа, хажлага хамжааргагүй холбоос, зөн совинд хэзээ ч буухааргүй зүү ороолтууд… Хайчгүй эсгэж, оёдолгүй урласан дээл нэг иймэрхүү болдог ч юм болов уу.
Дурласан бүсгүйг бүдэгхэн үзэмжит аялгуу тойрон эргэлддэгийг, буйд ахуйн үдэш зөөлөн гуниг агч мод шиг үнэртдэгийг, усан бороонд уйтгар нэрэн алхахад газрын судас гүрэлздэгийг, үхлийн өмнө хүртэл хормойгоо хямгадан эрхэмсэг оршиж болдогийг, зөөлөн хатуу энэ орчлонд зөвхөн дурсамжаар цадах өдөр ирдэгийг нээрээ мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг.
Гучин настай бүсгүй… Хөнгөхөн шүүрс алдмаар ч юм уу. Магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан нас байх. Жимсээр бол гүйцэд боловсорч, дарсаар бол амт үнэрийн хамгийн оргил зохицолдоо ирсэн мэт. Үүнээс хойш гоо үзэсгэлэн алхам алхмаар нүүр буруулж, хорвоо хоёр нүүрээ харуулах юм шиг сэтгэлийн мухарт сэмхэн гуниг хааяа бударна. Хорин хэдтэй хонгор үетэйгээ харьцуулахад аливааг байгаагаар нь ойлгож, хамгийн ойроос мэдэрч чадах тэр л үе. Чухамхүү гучтай бүсгүйн сэтгэлд л ханиа хайрлах хайр, хорьтой залуугийн сэтгэлийн хөөрөлд автсан догдлол хоёр зэрэгцэн оршиж чадна. Магад үүнийг биеэр туулж байж л ойлгох байх. Харин зохиогчийг аль насандаа гуч гарч буй “бүсгүй” байсныг гайхаж ядна.
Өнөөх… Хүн болгонд “өнөөх” бий. Дотор сэтгэлтэйгээ, дотоод хүнтэйгээ ярилцдаггүй, зөвлөдөггүй нэгэн гэж үгүй биз. Харин өнөөх нь өөрөөс тань хүчтэй бол гадаад ертөнцөд таныг яаж харагдуулах вэ… Бидний “гажиг” гэж хардаг хүмүүс харин ч дотоод сэтгэлийн хүч ихтэй, хором саатаад сонсвол хосгүй хүмүүс болж таарав уу. Сэтгэцийн юмтай хүмүүст дотоод сэтгэлийн асар том урлан оршдогийг “Зураас”-т ч бас таталжээ.
Хүний цорын ганц өмч бол бодол. Гэр бүл, хань ижил, ажил алба, эд хөрөнгө бүгд чинийх биш. Харин бодол л чиний мэдлийнх. Тиймдээ ч бид юу ч бодож болно. Аз болоход “юу ч бодож болдог орчлон” юм даа. Амьдралын эд эс бүхнийг бодол л өнгө зүстэй болгодог. Харин анзаарч хардаггүй, хэн ч тоомгүй атлаа хэт энгийн хором мөчүүд өөрөө амьдралыг утга учиртай болгодог аж. Ийм энгийн байх гэж…
Бүтээлүүд нь араанд уусаад өнгөрөх амтат чихэр гэхээсээ илүү хүлхэх тусам амт ордог хатуу хурууд шиг тослог, эргэн эргэн бодмоглоход этгээд мөлжүүртэй байдаг нь Бумаа ахыг бусдаас ялгаж өгдөг онцлог юм уу даа.
Өөрийг өгүүлмээргүй, зүгээр л уншигч таны мэлмий, мэдрэмжид үлдээхийг хүснэм би. Хэзээнээсээ хэт сэтгэлд хүрсэн зүйлээ хэлэх, ярих эвээ олдоггүй хачин зангийн маань илрэл энэ буюу. Харин, ариутган шүүх үүрэг хүлээсэн хэрнээ өгүүллэгүүдийг засч янзлах гэхээсээ унших тусам ухаарал авч, зохиолын дүрүүдтэй хамт гунихдаа гуньж, хөгжихдөө хөхиж, мэдэрч, эмтэрч байснаа л хэлж чадна…
2011. 10. 20
http://addidea.blogspot.com/