Нийслэлийн хөрс, усны бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хөрс, усны бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ

Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлын гол эх үүсвэр нь гэр
хорооллын айл өрхийн ил задгай хог хаягдал, стандартын бус бие засах
газар, бохирын цооногоос шалтгаалан үүсдэг аж.

Хөрс усны бохирдлоос хүн амын дунд гэдэсний элдэв халдварт өвчин ихэсч
буурахгүй байгаа талаар ярьж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн
газрын (НЭМГ) Халдварт өвчний тандалт зохицуулалтын албаны дарга
Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Агаарын бохирдол гэж ам уралдан ярьсаар дорвитой ажил хийхгүй
өдий хүрлээ. Урин дулаан наашлахтай зэрэгцэн хөрс, усны бохирдлоос
үүссэн элдэв халдварт өвчин ихээр гардаг. Энэ талаар НЭМГ-аас ямар
ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Нийслэл хотын бодлогын шийдвэрт нийгмийн эрүүл мэндийг сайжруулах нэг
чухал асуудал нь айл өрх, албан байгууллагын стандартын шаардлага
хангасан бие засах газар, бохирын цооногны талаар бодитой ажил хийх
явдал юм. НЭМГ-аас орчны бохирдлын түвшинг тогтоохын тулд гэр хорооллын
айл өрхийн бие засах газар, бохир усны цооногийн шаардлага хангасан
байдал, ундны усны хангамж, халуун усны хүртээмжийн судалгааны асуумж
боловсруулан есөн дүүргийн 62 хорооны 97 мянган өрхийг судалгаанд
хамрууллаа. Гэр хорооллын өрхийн 85 хувь нь стандартын шаардлага
хангаагүй бие засах газартай.

Үүнээс харахад хоног тутамд ийм хэмжээний ялгадсаар хөрс, орчин бохирдож
байна гэсэн үг. Иймээс хувь хүн айл өрх, албан байгууллагууд төр
засгийн хэмжээнд хамтран энэ ажилд идэвхтэй оролцох үүрэгтэй болов уу.
Бид агаар, хөрс бохирдлоо гэж ярьсаар. Тэгэхээр түүнийг хэн бохирдуулаад
байгааг ойлгох ёстой. Иргэд бид өөрсдөө л ийм бохир орчинг бий болгоод
байна шүү дээ. Та орчноо бохирдуулахгүй цэвэр үзэмжтэй байлгавал таны
ирээдүй хойч үе ялгадасанд бус эрүүл цэвэр орчинд өсөн бойжно.
Нийслэлчүүд бид ухамсар гэдгийг аль хэдийнээ уландаа гишгэчихжээ.

-Үүрэг хариуцлага гэдэг үнэхээр чухал гэж та ярилаа. Шат шатны байгууллагууд, иргэд айл өрхүүд ямар үүргийг ухамсарлах ёстой вэ?

-Дээрээ суудлаа олохгүй байхад доороо гүйдлээ олохгүй шүү дээ. Аливаа нэг асуудлыг жижиг гэж хойшлуулдаг нь бидний алдаа.

Өнөөдөр Нийслэл хотын хувьд хөрс, усны бохирдол дээд хэмжээнд хүрч
гамшгийн байдалд ороод байгаа. Тэгэхээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын
газар нь Эрүүл Мэндийн Тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй
холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах
нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хяналт тавих ёстой. Мөн эрүүл мэндийг
хамгаалах, дэмжих чиглэлээр хийгдэж буй нийтийг хамарсан үйл
ажиллагаанд иргэд албан байгууллагыг татан оролцуулах гээд яриад байвал
үүрэг хариуцлага мундахгүй.

Хувь
хүн, айл өрхийн хувьд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар
зохиож байгаа ажилд идэвхтэй оролцох, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх
эрсдэлт зан үйлээс татгалзах, ил задгай бие засч, нус цэрээ хаяхгүй
байх, стандартын шаардлага хангасан бие засах газар бохир усны цооног
ашиглах, хог хаягдлаа хогийн цэг, зориулалтын саванд хаяж хэвших
хэрэгтэй, бас үүрэгтэй гэдгийг анхаарахад илүүдэхгүй.

-Стандартын шаардлага хангасан бие засах газар ямар стандарт байх ёстой вэ?

-Эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бие засах газар, бохир усны нүхийг
байрлуулж зөв ашиглах нь хүн амын дунд гэдэсний суулгалт, халдварт шар
бусад өвчин тархах, байгаль орчин бохирдохоос сэргийлэх ач тустай.
Иймээс зөв зохион байгуулалттай бие засах газрыг барих шаардлагатай.

Тухайлбал, бие засах газрын эрүүл ахуйн шаардлагад агааржуулагчтай,
агааржуулагчын хоолойг зөв байрлуулах, цэвэрлэх боломжтой материалаар
хийх, дээвэр шал хана нь завсаргүй битүүмжлэгдсэн, ялаа батгана орж
үржих боломжгүй байхаар барь. Бие засах газар бохир усны нүхийг гэрээсээ
15-20 метрийн зайтай 3 метрээс багагүй гүнтэй байхаар тооцож ёроолыг
налуу ухсан байх хэрэгтэй. Нүхний хана нурахгүй, ус ялгадас нэвчихгүй
материалаар доторлож шавардана. Ялгадас шингэн дүүрсэн үед соруулж
зайлуулах боломжтой байхаар тооцоолж хийх нь зөв.

-Ихэнх айлууд жорлондоо угаадсаа хийдэг. Бохир усны нүх түүнд
тавигдах эрүүл ахуйн шаардлага гэж бий. Энэ талаар уншигчиддаа мэдээлэл
хүргэхгүй юу?

-Нүхэн цооногийн стандарт хэмжээ гэж бий. Ашиглагч хүний тоо, ашиглах
хугацаанаас хамаарч дунджаар Зм 2.5м Зметр хэмжээтэй байна. Нүхний ханыг
тоосго чулуу банз шургааг бетон хавтан ашиглан доторлож ёроолыг хөрс
хэвээр үлдээж тэгшлээд 10-15 см-ийн зузаан шавардлага хийнэ. Цооногны
амсар дээр шургааг, дүнзэнцэр, төмөр бетон зэргийг дамнуулан таглах буюу
бохир ус асгах жижиг амсар үлдээнэ. Нүхний амсарт шүүх тор байрлуулж
байнга тагтай таглаж байх шаардлагатай.

Манай иргэдийн хувьд ашиглаж байгаа бохир усны цооног их том амсартай,
зай талбай бага байгаа нь амархан дүүрч халих нөхцлийг бүрдүүлж, хальж
дүүрсэн тохиолдолд зайлуулах асуудлыг нь шийдэж өгөөгүй байна. Зайлуулах
боломжгүй тохиолдолд дахин бохирын цооног ухан газар, хөрсийг их
хэмжээгээр бохирдуулдаг учраас стандарт гэж яриад байгаа зүйлийг эхнээс
нь зөв хийж амьдрал ахуйдаа хэвшүүлэх нь зөв.

Л.Болорцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж