УБТЗ-ын Дархан өртөөнд Дархан-Уул аймгийн удирдлагууд ажиллалаа. Энэ өдөр Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын нэрэмжит галт тэрэг аялалд гарч, зорчигчдод үйлчилсэн байна.
Аймгийн удирдлагууд нэрэмжит галт тэргээ угтан авч, ээлжийн машинстуудад гарын бэлэг гардууллаа. Мөн энэ өдрийн зорчигчдоос азтай зорчигчийг шалгаруулсан юм.
Өнгөрсөн онд тус өртөө нь 348187 зорчигчид үйлчилж, 1492506 тн ачааг 23924 вагонд ачиж, 14131 вагоноос ачаа буулгаж, 208413 вагон явуулжээ. Ингэснээр 1 тэрбум 443 сая 267 мянган төгрөгийн орлого оруулж, 216 сая 938 мянган төгрөгийн ашигтай ажилласан тухай аймгийн удирдлагуудад Дархан зангилааны дарга н.Ариунболд танилцууллаа. Тэрээр цааш нь: – Дархан зангилааны хэмжээнд аймгийн сумын ИТХ, Засаг дарга нарын тусламжтайгаар шийдвэрлүүлэх асуудлууд байгааг уламжиллаа. Тухайлбал:
- Төмөр замын вокзал дээрээс хулгайн тээвэр хийж байгаа асуудлыг хууль хяналтын байгууллагатай хамтарч зогсоох арга хэмжээний хүрээнд вокзалын арын хэсгийг камержуулах
- Дархан вокзалын өнгө зүсийг гутааж буй “Улаан шувуут” ХХК”-ийн байшинг буулгаж , газар чөлөөлөх арга хэмжээг авах
- Дархан сумын иргэдийг хот, тосгоны хооронд шинээр барих нүхэн гарцаар явган зорчуулах зорилгоор төмөр замыг хааж барих блокон хашааны зардлын эх үүсвэрийн 50 хувийг санхүүжүүлэх
- Дархан зангилааны хөдөлмөрчдөд зориулж 20 айлын хувийн орон сууц барих газрыг шийдэж өгөхийг хүссэн.
Дээрхи асуудлуудыг судлаж, тодорхой шийдвэр гаргахаа аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат уулзалтын үеэр илэрхийллээ.
УБТЗ-ын Дархан зангилааны ажил байдалтай танилцаж буй аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Сэлэнгэ, Зүүнхараа, Эрдэнэт, Дарханы вагоны зүтгүүр толгойг засварладаг Депо болон дохиолол холбооны 1-р анги, замын 1-р ангийн ажил байдалтай танилцсан юм.
Түүнчлэн төмөр замын “Улиасхан”, “Хэрэмхэн” цэцэрлэгүүдээр ч орлоо. Улсын тэргүүний “Улиасхан” цэцэрлэг нь 250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхдийг хүлээн авч, сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
“ХЭХҮХ-ийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт ярилцлага боллоо.
Дархан-Уул аймгийн ХЭХҮХ-ийн салбар хорооны ажлын албанаас “Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад орон нутгийн DBS, LKHA, TV-12, RGB телевиз, Монцамэ агентлаг МҮОНРТ, “Найрамдлын дархан”, “Шинэ мэдээ” сонин, “Дархан таймс” сонин, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хойд бүсийн төв ТВ-9 телевиз, Мэдээлэл технологийн алба, darkhantimes.com зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцлоо.
Уулзалт ярилцлагын үеэр Дарханы сэтгүүлчдийн зүгээс шүүх, цагдаагийн байгууллагуудаас мэдээлэл олж авахад хүндрэлтэй байдаг тухай шүүмжиллээ. Цаашид хүний эрх зөрчигдсөн үед хэвлэл мэдээллийн байгууллагуудад урьдчилан мэдэгдэж, газар дээр нь сурвалжлага хийлгүүлж байхыг санал болголоо.
Дархан-Уул аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа жишээг хүүхдийн Зулзага зуслангийн амралтын байрыг “Багш хөгжлийн төв” болгосоноос харж болохоор байна. Тэнд архидалт явагдаж байна. Үүний улмаас хүүхдийн эрх зөрчигдөөд зогсохгүй хүүхдүүдэд муу үлгэр дууриалалтай байна гэлээ. Түүнчлэн Дарханд үйл ажиллагаа явуулж буй Христийн сүмүүдэд шалгалт хийхийг санууллаа.
Хүний эрхийг хамгаалаад хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаад зогсохгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж буй сэтгүүлчдийн хөдөлмөрлөх, мэдээлэл олж авах эрх байнга зөрчигдөж байдгийг хөндөж байсан юм.
Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхи санаачлагатай оролцож, аймгийнхаа Хуульзүйн хэлтэстэй хамтран зорилтод нэвтрүүлэг бэлтгэх, мэдээ мэдээллүүдийг тухай бүр сурвалжлан мэдээлж байх талаар ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд эдгээр гомдол саналуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, салбар хорооны хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ гэлээ. Мөн ХЭХҮХ-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах эрхийг хангах талаар судалж арга хэмжээ авах тухай шийдэлд хүрлээ.