Дарханы барилгачид “Барилга-2012” зөвлөгөөнөө хийв

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Дарханы барилгачид “Барилга-2012” зөвлөгөөнөө хийв

Дарханд барилгын салбар сэргэж байна. Нэг хэсэг шинэ барилга баригдана гэдэг нүдний гэм байсан бол сүүлийн жилүүдэд шинээр баригдах барилгын тоо нэмэгдэж, түүний үр дүнд ажлын байрны эрэлт ч мөн нэмэгдсэн. Гэвч сэргэж байгаа салбарт тулгамдсан асуудал цөөнгүй байна. Ядахнаа барилга барихад хэрэглэж байгаа түүхий эд, түүн дотор арматур төмөр гэхэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс шууд авах боломж байхгүй, заавал Улаанбаатар хотоос худалдан авдаг нь тээвэрлэлтийн зардал нэмж тооцохоос аргагүйд хүрдэг байна. Энэ мэт тулгамдсан асуудлаа Дарханы барилгачид Барилга-2012 зөвлөгөөнийхөө үеэр ярьсан юм.

Нөгөө талаас тулгамдсан асуудал бол мэргэжилтэй боловсон хүчин. Дархан-Уул аймгийн МСҮТ жилдээ 350 гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг төгсгөдөг байна. Гэсэн хэдий ч ажлын байранд очиход ажил олгогчийн шаардлагыг хэр хангаж байгаа нь бас л энэ зөвлөгөөний нэг хөндөх сэдэв байсан юм. Барилгын салбарт технологийн эрс шинэчлэл эхэлсэн. Түүнтэй холбоотойгоор сургалтандаа нэвтрүүлэх шаардлага ч их байгаа. Харин шаардлагыг хангахад нэг талаас манай сургууль нөгөө талаас захиалагч тал буюу барилгын компанийн хамтын ажиллагаа чухал байна гэдгийг МСҮТ-ийн захирал Б.Эрдэнэ онцолж байлаа. Энгийнээр бол нийгмийн түншлэлийн энэ салбарт нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг өөрийн илтгэлдээ дурджээ.

Барилгачдын зөвлөгөөний үеэр хөндсөн бас нэг сэдэв бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөр байсан. Үүний зэрэгцээ орон нутгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ бүтээн байгуулалт шат дараатай эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгийн хэмжээнд одоо байгаа барилгын 60 гаруй компаниа дэмжих хэрэгтэй гэх саналыг зөвлөгөөнд оролцогчид дэвшүүлсэн юм.                                                                                                

                                                                                               М.Дэлгэржаргал / Дархан /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж