Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Намын залуу үе гэдэг хашир туршлагатай хөгшчүүлээсээ илүү хүчтэй гэдгийг өнөөгийн МАН-ыхан харуулж байна. МАН дотор залуу үе буюу У.Хүрэлсүхийн фракцууд нэлээд нөлөөтэй гэдэг. Тиймдээ ч саяхан дэд сайдуудынхаа ихэнхийг нь энэ фракцаас бүрдүүлсэн. Харин энэ фракц улам л хүчээ авах бололтой. Залуу үеийхэн нь үеэ өнгөрөөсөн гишүүдээсээ салах ажиллагааг эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн фракцыхан намыхаа хашир туршлагатай "хөгшчүүлээсээ" салахаар ажиллаж эхэлжээ
 
Та санаж байгаа саяхан хэдэн нөхөд намаасаа гарах талаар яригдсан. Тэдгээр нөхдүүдийг буюу УИХ-ын гишүүн Раш, Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг тэд шахаанд оруулахаар "онилсон" нь тэр аж. Гэвч хөгшин залуугийн тулаанд залуучууд нь ялж байгаа нь дараах мэдээлэл батлах нь. МАН-ыхан залуу үеэ олонд таниулахын тулд хөрөнгө зарж эхэлсэн байна. Тус бүрт нь 250 сая төгрөгөөр тэтгэж, бодлогоороо дэмжихээр болсон сурагтай.
 
Үүний нэг илрэл нь өнөө үед та бидний аманд ороод байгаа "Би бодохдоо". Бараг л бүх телевизээр явах "Би бодохдоо Монголыг Оюутолгой биш Таван толгой биш Оюунлаг толгой аварна гэж боддог" энэ шторкийг зарим нэг хүмүүс юуны тухай яриад байгаа ухаж ойлгоогүй байх. Энэ бол НАМЗХ буюу МАН-ын сурталчилгаа. Өөрөөр хэлбэл ирэх сонгуульд шанстай залуучуудаа олонд таниулах гэсэн оролдлого буюу НАМЗХ-ын Ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнийн Пи-Ар. Ер нь МАН-ыхан иймэрхүү Пи-Араа нэлээд эртнээс эхлүүлсэн гэж хэлж болно. Намдаа тэрбум төгрөг хандивласан гэх зэргээр Н.Номтойбаяр юмтай хүн болтол нь "рекламдсан" нь үүний эхлэл.

Гэхдээ үүнд нэг асуудал гарч ирж байгаа юм. Хэрвээ "Би бодохдоо" нь НАМЗХ-ын сурталчилгааны нэвтрүүлэг юм бол хууль зөрчиж байгаа юм шүү. Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нь нэр дэвших гэж байгаа бол шүү дээ. Шинээр батлагдсан сонгуулийн хуулинд нэр дэвшигч нь ингэж тэгж болохгүй гээд тов тодорхой бичээд хуульчилсан байгаа. Харин өөрсдийн баталсан хуулийг өөрсдийн дүү нараараа зөрчүүлж байгаа нь ариун явдал мөн үү?

Хэдийгээр одоогоор НАМЗХ-ын Ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл байхгүй ч, хүчээ үзэх нь бараг л ойлгомжтой зүйл. Гэвч төрд гараагүй байхдаа л хуулиа зөрчөөд эхэлбэл яаж төрд сонгогдох вэ?

Манай сонгуулийн хороо нэг их эрх дархтай байгууллага байна. Сонгуулийн хууль, сонгуулийн явцын талаарх иргэдийн бодлыг хүлээж авдаггүй, сонгуулийн Ерөнхий хороонд нөлөөлөх гэлээ гээд л хаалга тас хаадаг энэ байгууллага энэ мэт ил далд сурталчилгааг анзаарах цаг болсон юм бишүү.

Хэдий болтол нэг намын намираанд дор хэлүүлэн, энэ мэт ил далд сурталчилгааг харсан ч хараагүй мэт өнгөрөөх вэ?

Хор шар гэж байна даа. Сонгуулийг элдэв будлиангүй, эмх цэгцтэй зохион байгуулчихвал ард түмэн л баярлаж, та нар ч суудал дээрээ бат суух нь тодорхой шүү дээ гэж би бодож сууна. Мэдээж цааш нь Би бодохдоо У.Хүрэлсүхийг Хадгаламж банкнаас авсан 14 тэрбумаа буцааж өгөөсэй гэд боддог
 
Би бодохдоо Ш.Сайхансамбууг салаавчаа гаргахгүй байгаасай гэж боддог

Би бодохдоо Г.Занданшатарыг Цөмийн хаягдал булшлах тухай ярихгүй байгаасай гэж боддог

Би бодохдоо Ц.Дашдоржийг 100.000 айлын орон сууцаар шоудахаа болиосой гэж боддог
 
Би бодохдоо Ц.Мөнхоргилыг 7 сарын 1-ний тухай үнэнийг яриасай гэж боддог

Би бодохдоо Д.Хаянхирвааг Хонгорт очиж амьдраасай гэж боддог

Би бодохдоо Ж.Энхбаярыг иргэдийнхээ өмнөөс буу шагайхаа болиосой гэж боддог

Би бодохдоо Ц.Нямдоржийг Алтжингийн Алтангийн байранд амьдрахаа болиосой гэж боддог

Би бодохдоо Сонгуулийн хороог сонгуулийн хууль зөрчиж байгаа хүмүүст хариуцлага тооцоосой гэж элдвийн нь л юм бодож сууна даа.

Эх сурвалж: http://politics.chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж