Швед бэлэн мөнгөнөөс татгалзана

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Швед бэлэн мөнгөнөөс татгалзана

Швед бэлэн мөнгөнөөс татгалзах бүрэн боломжтой болж байна. Өнөөдөр тус орны санхүүгийн ажиллагааны 97 хувийг бэлэн бус   мөнгөөр хийж байна. Энэ бүгд нь авлигын төвшинг бууруулж, татвар цуглуулалтыг сайжруулахаас гадна санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчилж өгдөг гэж шинжээчид хэлж байна. Оросын хувьд нийгэмд тогтсон бэлэн мөнгөний зуршил маш хүчтэй байгаа учраас ойрын 15 жилийн дотор бэлэн мөнгөний хэрэглээ өнөөгийн 25 хувиас 10 хүртэл буух хандлагатай гэнэ.
Шведэд бэлэн мөнгөний хэрэглээ одоо дөнгөж гурван хувьтай байгаа бөгөөд удалгүй тэнд бэлэн мөнгө  ашиглагдахгүй гэж “World Payments Report 2011” тайланд өгүүлжээ. Өдгөө шведчүүд нийтийн тээврийн төлбөрөө хүртэл шуурхай үйлчилгээний тусламжтайгаар хийдэг ба банкууд нь бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс татгалзаж байна. Сүм хийд буяны хандив авахдаа хүртэл банкны картыг ашиглах болжээ. Тэмдэглэхэд, Шведийн вант улс цаасан мөнгийг эргэлтэд 1661 онд оруулсан дэлхийн анхны орон гэгддэг.

Бэлэн мөнгөний хэрэглээ хамгийн багатай дэлхийн улс нь Өмнөд Солонгос болж байна. Тэнд бэлэн мөнгөний эргэлт дөнгөж хоёр хувьтай гэнэ. Энэ үзүүлэлт АНУ-д долоон хувь, Европт есөн хувь болжээ. Олон орнууд бэлэн мөнгөний хэрэглээг аажмаар хязгаарлаж байна. Жишээлбэл, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 3000 евроноос илүү үнэтэй барааг бэлэн мөнгөөр төлөхийг хориглосон байна. Гуравдугаар сарын эхнээс 1000 евроноос илүү гарсан наймаа хийхэд бэлэн мөнгөний төлбөр авахгүй байх хуулийг Италид хэрэгжүүлж эхлэв. Болгар ба Испанид орон сууцны худалдааг бэлэн мөнгөөр хийхгүй болжээ.

Бэлэн мөнгөний эргэлт 25 хувь байгаа нь Оросыг дэлхийд дээгүүр тавьдаг. Оросоос бэлэн мөнгөний хэрэглээгээр зөвхөн Молдав, Албани, Гүрж, Ирак, Украин давсан байна.

Цаасан мөнгөн тэмдэгтийг Орос улс анх 1769 оноос хойш эргэлтэд оруулсан бөгөөд одоо түүний хумих талаар тодорхой бодлого хэрэгжүүлж байна. 2012 оны нэгдүгээр сарын сүүлчээр Оросын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэхдээ “хяналтгүй бэлэн мөнгөний эргэлт нь сүүдрийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байна. Тэр эдийн засгийн үзүүлэлт нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьтай тэнцэж байна” гэж хэлсэн байна. Хэрэв томоохон наймаа ба цалин хөлсийг бэлэн бус мөнгөний системд оруулж чадвал татварын бүрдүүлэлтийг нэмэгдүүлж болно хэмээн сайд үзэж байна. Шведын туршлагаас харвал бэлэн мөнгөний хуримтлалыг бууруулснаар гэмт хэргийн үзүүлэлт буурсан байв. Хэрэв 2008 онд тус оронд зуу гаруй банкийг дээрэмдсэн хэрэг гарсан бол 2011 онд зөвхөн 16 банк л дээрэмд өртжээ.

Бэлэн мөнгөний хуримтлалыг бууруулах санааг Хадгаламжийн банкны тэргүүн Герман Греф идэвхтэй явуулж байна. Тэрээр өнгөрсөн жилийн зун ерөнхий сайд Владимир Путинд захидал бичин хандахдаа бэлэн мөнгөний хуримтлал нь банкуудын ажиллагаанд тээртэйгээс гадна Оросыг олон улсын санхүүгийн төв болгоход ихээхэн саад болж байна гэсэн байлаа.

Одоо бэлэн мөнгөний хуримтлал нь Оросын ДНБ-ний 11,9, АНУ-д 6,6, Мексик ба Бразилид илүү бага 5,3  ба 4,2 хувь  болж байна. Бэлэн мөнгөний хэрэглээ их байгаагаас Орос жилдээ ДНБ-ний нэг хувийг алддаг гэж Греф мэдэгдсэн байлаа. Өнгөрсөн жилд Оросын ДНБ 4,3 хувиар өссөн бөгөөд 54,3 их наяд рубльд хүрчээ.

Харваас ашигтай ч бэлэн мөнгөнөөс татгалзах нь бас өөрийн гэсэн сөрөг үзүүлэлттэй. “Гэнэтийн осол, гамшиг гарч мэдээлэл дамжуулах дэд бүтцийг сүйтгэх нөхцөлд эдийн засгийн хормын зуурын замбраагүй байдлыг гаргах аюул нь сөрөг үзэгдлийн гол шалтгаан  болох талтай”. Мөн хакерийн довтолгоонд өртөх эрсдэл эрс өсдөг. Шведэд гэхэд л интернэт довтолгооны тоо 2000 онд 3,3 мянга байсан бол өнгөрсөн жилийн хугацаанд тэр тоо нь 20 мянга хүрчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж