Монголын хөрөнгийн бирж өнгө төрхөө өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж өнгө төрхөө өөрчиллөө

Монголын Хөрөнгийн Бирж нь Лондонгийн Хөрөнгийн Биржтэй програм хангамж, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.

Энэхүү хамтын ажиллагааны дагуу Millennium IT системийг суурилуулж байгаатай холбогдуулан МХБ-ээс дотоод өнгө төрхөө өөрчилж, арилжааны үйл явцын мэдээний дамжуулалтыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байгаа юм. Тэгвэл саяхнаас Монголын хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох Файрбөрд группын санхүүжилтээр МХБ-ийн арилжааны танхимд шинээр томоохон хэмжээний дэлгэцийг байрлууллаа.

Уг дэлгэцээр бирж дээр явагдаж буй арилжааны мэдээ, Блүмберг агентлагын мэдээ болон бусад үйл явдлын мэдээлэлийг цаг алдалгүй гарч байх юм. Ийнхүү шинэчлэгдсэн арилжааны танхим нь Хөрөнгийн биржийн арилжааг хөнгөвчилсөн, үнэт цаасны зах зээлийг олон улсын шаардлагад нийцэхүйц болсон бөгөөд улсын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг илтгэсэн байна.

Гэхдээ энэ бүх өөрчлөлт шинэчлэлт нь зөвхөн гадаад үзэмжийн өөрчлөлт шинэчлэлт биш юм. Лондонгийн Хөрөнгийн Биржийн удирдлагын баг Монголын Хөрөнгийн Биржид уригдан ирж ажилласнаар арилжааны журам, Үнэт цаасны тухай хуульд өөрчлөлт оруулах, Монголын аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулан чадваржуулах, өндөр үр ашигтай зах зээлийг бий болгох зэрэг өргөн цар хүрээтэй ажлыг эхлүүлээд байна. Монголын Хөрөнгийн Биржийг олон улсад ихээхэн сонирхож байгаа нь саяхан зохион байгуулагдсан “IPO Mongolia-2012” чуулга уулзалтын үеэр харагдаж байлаа. Өрнөдийн томоохон хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд болон банкууд Монголын зах зээлд хөрөнгө оруулах боломж хайн ирсэн байсан нь үүнийг гэрчилж байна. Эдийн засаг эрчимтэй өсөж байгаа өнөө үед Монголын Хөрөнгийн Бирж нь манай улсын санхүүгийн томоохон байгууллага болох өргөн боломжтой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж