Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Энэ онд нэг унци алт хоёр мянган ам.доллараас илүү үнэ хүрч магадгүй гэсэн дүгнэлтийг AngloGold Ashanti компанийн ерөнхий захирал Марк Кутифани хийсэн талаар РИА Новости бичлээ.

Энэтхэг болон Хятад улсуудын алтны хэрэглээ нэмэгдвэл алтны үнэ өсөх магадлалтай бөгөөд алт ер нь эрэлт ихтэй үнэт метал гэж тэрээр хэлсэн байна. AngloGold Ashanti  компани нь алт үйлдвэрлэлтээр дэлхийд гуравдугаарт бичигддэг ажээ. MarketWatch агентлагт Марк Кутифани хэлэхдээ унци алт энэ жилдээ 1,7-1,8 мянган ам.доллар байх төлөвтэй ч үнэ нь нэмэгдэж магадгүй юм гэжээ.

Түүнчлэн AngloGold Ashanti  компани ойрын 2-3 жилд Австралийн алтны хайгуул болон олборлолтод 800 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн байна. Мөн Малид болсон зэвсэгт бослого компанийн алт олборлолтод нөлөөлөөгүй гэж Кутифани хэлжээ. AngloGold Ashanti компани нь Малид алт олборлодог бөгөөд компанийн нийт алт олборлолтын дөрвөн хувийг тус улсад байдаг уурхайгаас бүрдүүлдэг байна.

2004 онд байгуулагдсан AngloGold Ashanti компани нь дэлхийн дөрвөн тивд алт олборлодог юм. AngloGold болон Ashanti Goldfields Corporation хамтдаа энэ компанийг үүсгэн байгуулжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж