Өнгөрсөн бямба ням гаригт буюу гуравдугаар сарын 24, 25 нд Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборын Хилэм усан санд Усан спортын 2012 оны УАШТ болж дүнгээ гаргажээ. Таван багийн 70 орчим тамирчид 46 багц медалийн төлөө 38 зай төрөлд өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээнд Усан спортын, спортын мастер А.Тамир, Б.Дөлгөөн, Б.Сонин-Эрдэнэ, Б.Бүтэх-Үйлс, болон спортын дэд мастер Ч.Гансүх, Г.Оюунгэрэл, Э.Хулан, Э.Сүрэнням, Б.Болдбаатар, Э.Дэмүүл, Г.Уртнасан спортын шинэ дэд мастер А.Номин, Б.Мөнхбаярт, Г.Занданбал нарын шилдэг тамирчид оролцжээ. Мөн ШУТИС-ийн баг анх удаа улсын аваргад оролцсон байна. Тэмцээнд “МСS виста”, ШУТИС, Дорноговь “Хангарьд” Усан спорт сургалтын төвийн багууд улсын аврагад өрсөлдлөө. Тэмцээний үеэр усан спортын дэд мастер, Хангарьд клубын тамирчин А.Номин улсын рекордыг 1.13.00 амжилтаар шинэчлэн тогтоосон байна. Харин “Хангарьд” клубын тамирчин М.Болдбаатар 100 метр мэлхий сэлэлтийн төрөлд 1.07.94 амжилтаар спортын мастерын болзол хангасан бол Э.Бямбасүрэн 100м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 0.58.46 амжилтаар дэд мастерын болзолыг хангаж, мөн энэ төрөлд “МСS виста” клубын тамирчин Н.Тэмүүлэн дэд мастер, “Хангарьд” спорт клубын тамирчин Э.Дэмүүл спортын мастерын болзол тус тус хангажээ.Тэгвэл багийн дүнгээр эрчүүдээс Хангарьд клуб тэргүүлсэн бол удаах байрт “МСS виста”, УССТөвийн багууд шалгарсан бол эмэгтэйчүүдээс Хангарьд клубын 1-р баг тэргүүлсэн бол УССТөвийн баг 2-р байр, Хангарьд клубын 2-р баг 3-т шалгарчээ. Энэ улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүлсэн тамирчдыг нэг баг болгон бүрдүүлж 2012 оны 12 сард Турк улсын Станбул хотноо болох усанд сэлэлтийн ДАШТ-д оролцуулах юм байна.
Б.Саран