Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний дараа хариуцлагатай албан тушаалтнууд энэ үеэр галт суманд дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн угаартсан хэргийн талаар “АЭ”-д албаны хүмүүс хэрхэн тайлбар хийж, юу гэж мэдэгдэж байсныг эргэн хүргэж байна. Өнөөдөр 2008 оны долдугаар сарын 1-нд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн удирдлагуудыг шүүх хурал болох юм. Энэхүү шүүх хурал хаалттай болох аж. Тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайдаас эхлээд цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглээгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан ч Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан төдийгүй Ерөнхий прокурор галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон талаар сүүлийн үед мэдээлж буй билээ. Харин Ц.Мөнх-Оргил гэхэд тухайн үед энгийн иргэд буутай явсан гэж мэдээлж байжээ. Гэвч хохирогчид амиа алдсан цагт Онц байдал зарласан байсан төдийгүй хотын төв орчмыг бүрэн хамгаалалтанд авсан байжээ. Ингээд олныг үл нуршин тухайн үед хэн юу гэж хэлж байсныг “АЭ” өмнөх дугааруудаасаа шүүн хүргэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил:

-Манай цагдаагийн албан хаагчид долдугаар сарын 1-ний Онц байдал зарласнаас хойш галт зэвсэг хэрэглээгүй. Таван хүн амиа алдсаны гурав нь буудуулж нас барсан нь тогтоогдсон. Энэ хэргийг илрүүлэхээр шалгаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр үймээнд оролцсон иргэдэд буу зэвсэг байсан гэсэн. Нууж хаасан зүйл байхгүй.

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Ч.Амарболд:

-Үймээний үеэр 1300 цагдаагийн албан хаагч ажилласан. Үймээн хяналтаас гарсан учраас бид Цагдаагийн хуульд заасны дагуу резинэн сумаар цэнэглэсэн буу, нулимс асгаруулагч хэрэглэсэн. Цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх үүргийг би өгөх ёстой. Гэхдээ өгөөгүй. Сургуулийн сумаар хүмүүсийн дээгүүр буудсан. Цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэж хүн буудсан гэдгийг няцааж байна.  Галт сум ч тараагаагүй.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа:

-Дарга нар нь тушаал өгөөгүй байх гэж би хэлж чадахгүй.  Тушаал өгөгдсөн. Гэхдээ ямар тушаал гэдэг нь сонин. Тааралдсан болгоноо бууд, эсвэл гарцаагүй тохиолдолд хэрэглээрэй гэж сумаа тараасан уу. Одоо хэлэхэд бэрх. За одоо ингэж хэлнэ шүү гэх мэтээр үүрэг чиглэл өгөгдсөн байдаг нь хэргийн ул мөрийг арилгахад чиглэсэн үйл явдал. “Буудах эрх өгөөдөх” гэж орилсон хүн бий. Бид одоо нэр хэлэх хэрэггүй. Гэхдээ хавтаст хэрэгт бол тийм юм бий. Энэ үг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамаарч байсан хүмүүсээс л тавьсан асуудал юм.

Долдугаар сарын 1-нд буудуулан амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр:

-Гэрчүүд цагдаа иргэ­дийг буудсан гэдгийг нотлож байна. Буудсан гээд байгаа хүмүүсийн явсан зам, маршрут нь буудуулсан хүмүүсийн байрлалтай тохирч байна. Цагдаагийн ийм буунаас тийм сумны хонгио гарчээ. Энэ буугаар энэ хонгиог буудсан байна гэдгийг шинжилгээгээр нотолчихсон байгаа. Хавтаст хэрэгт хөдлөшгүй нотлох баримт бий. Буу барьж явсан хүн нь тодорхой. Буунаас нь сум гарсан нь тодорхой. Гарсан сум нь хүний амийг хөнөөсөн нь тодорхой.

Ерөнхий прокурор Д.Дорлигжав:

-Цагдаагийн удирдлага, хүн буудсан цагдаагийн хэрэг хоёрыг хольж ойлгоод байна. Цагдаагийн дарга нар үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдсанаас болж хүний амь нас хохирсон хэрэгт буруутгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, цагдаа, дотоодын цэрэг нийгмийн аюулгүй байдлыг хангаж, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алаад явж байх ёсгүй.


Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж