-Та энэ удаа Ховд аймгийн уулын бүсийн сумдад ажиллалаа. Дэд бүтцийн хувьд их ажил хийж байгаа юм байна. Замын ажлууд эхлээд явж байгааг харлаа. Өөр ямар бүтээн байгуулалт эхлүүлж байгаа вэ?
-Ховдыг дотор нь бүсчилж хувааж үзвэл онцлогтой аймаг. Өндөр уулын бүсийн сумд, Алтайн өврийн алслагдсан сумд, Ховд голын сав дагуух буюу аймгийн төвийн арын сумд гэх зэргээр онцлог байдаг. Энэ удаа өндөр уулын бүсийн сумдад ажиллалаа. Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд сумдын ажил сайн байна. Өвөл өнтэй орсон, мал төллүүлэх нөхцөл сайн байгаа ч анхаарах зарим зүйл байна. Жишээ нь, малын хээл хаялт зарим суманд гарсан байна. Үүний учир шалтгааныг тодруулж өгөх хүсэлтийг малчид тавьсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжлийн хүмүүс үүнийг сайтар судалж, лабораторийн шинжилгээгээр шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Уулын бүсийн сумд төр, засгаас гаргасан шийдвэрийг сайн хэрэгжүүлж байгаа нь харагдлаа. Мөст сумын тухайд сүүлийн жилүүдэд том том барилга байгууламж барих ажил хийж сумын төвд шинэ Соёлын төв, сургууль, конторын барилга ашиглалтад орсон. Энэ сумын Соёлын төв улсын хэмжээнд өөр аль ч суманд байхгүй том төв байх жишээтэй. Аймгийн хэмжээнд хөгжлийн глобаль шинжтэй, ирээдүйн төлвийг тодорхойлох ажлууд бас бий. Түүний нэг нь цахилгаанжуулалт. Ховд аймгийн бүх сумыг сүүлийн жилүүдэд цахилгаан, эрчим хүчинд холбосон. Ганц Цэцэг сум холбогдоогүй. Энэ жилийн төсөвт 1,7 тэрбум төгрөг суулгаж энэ сумыг өндөр хүчдэлд холбох ажлыг бүрэн шийдвэрлэнэ. Багуудыг холбоожуулах, интернэтэд холбох, цахилгаанжуулах, багийн төвүүдийг тохижуулах ажилд сүүлийн үед шилжиж байна. Ингэснээр хөрөнгө оруулалт иргэддээ ойртож байгаа юм. Иргэд ч бидэнд зориулсан хөрөнгө оруулалт ирж байна гэж баярлаж байна.
Ховдын сумдад хөдөөгийн залууст, эмч, сувилагч нарт, боловсролын салбарт зориулсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Малчид, бизнес эхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авч байгааг иргэд их таашааж хүлээж авч байгаа.
Сая та нар явж үзлээ. Олон хавцлуудаар явсан. Зам маш хүнд, бартаа ихтэй, цаг их зарцуулдаг. Шатахууны зардал их гардаг. Үүнийг харгалзаж засмал замаар аймгийг сумдтай холбох арга хэмжээ авч байгаа. Булган сумаас наашлуулаад Алтай, Үенчийг холбож, Мөстөөр дайруулж Манхан сумыг аймгийн төвтэй холбох томоохон босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын ажлыг хоёр жилд дуусгахаар эхлүүлээд байна. Цаашдаа Ховд аймгийн төвийг Баян-Өлгийтэй, мөн Говь-Алтайгаар дамжуулж Улаанбаатартай холбох ажил бий. Мөнгөний асуудлыг том хүрээнд тавьж шийдэх зорилго тавьж байна. Улаанбаатар-Ховдын Дарви сумын чиглэлд том зам тавина. Алслагдсан Ховд аймагт цахилгаан, холбоо, зам тээврийн хувьд төвийн аймгууд, нийслэлээс дутахааргүй тийм дэд бүтцийг бүрдүүлэх боломж бий болоод явж байгаа нь аймгийн хөгжлийн том ирээдүй юм.
Ховд хот нэлээд онцлогтой. Баруун аймгийн тулгуур төв болгох шийдвэрийг УИХ гаргасан. Зам харилцаагаараа, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж түүнийгээ түгээх байдлаараа хөгжлийн төв болох ёстой. Эрүүл мэндийн асуудал алслагдсан аймгуудад хамгийн их төвөг чирэгдэлтэй байдаг. Холоос Улаанбаатарт очиж эмчлүүлэхэд зардал чирэгдэл их гардаг. Ховдод барьж байгаа эмчилгээ, оношлогооны төвийг цаашдаа Улаанбаатарын нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээнд хөгжүүлэх шаардлагатай. Тэнд Бельги улсын томоохон төслийг хэрэгжүүлнэ. Эмнэлгийн үйлчилгээг өмнө байгаагүй шинэ төвшинд гаргах ажил хийнэ.
-Иргэдийн зүгээс гаргасан хамгийн анхаарал татах саналууд юу байсан бэ?
-Онцолж хэлэх нэг гол бэрхшээл бий. Хэдийгээр иргэд хөдөлмөрлөж орлого олдог ч гэсэн зардал ихтэй. Улсын хэмжээгээр авч үзэхэд баруун аймгуудын өрхийн орлого доогуур гардаг. Шатахуун, барааны үнэ өндөр. Нийслэл рүү хүүхдүүдээ явуулж сургахад илүү их хэмжээний зардал гаргадаг. Энэ нь амьжиргаанд бэрхшээл учруулдаг. Иймээс цаашдаа алслагдсан бүс нутгийн иргэдийн бэрхшээлтэй асуудлыг авч үзэх нь зүйтэй, бүс нутгийн нэмэгдэл олгодог байх ёстой гэсэн санал иргэдийн уулзалтууд дээр олон удаа гарлаа.
Бас нэг анхаарал татсан ажил бол Хүний хөгжлийн мөнгийг өгч дууссаны дараа ажил олдохгүй байгаа иргэд, олон хүүхэдтэй айл өрхүүд, өрх толгойлсон эхчүүд амьжиргаагаа яаж залгуулах вэ гэсэн асуулт нэлээд гарсан. Тэдэнд зориулж Халамжийн хууль гаргаж байгаа. Цаашдаа нийт хүмүүст хавтгайруулж мөнгө тарааж олгодог тогтолцоог өөрчлөх замаар жинхэнэ халамж хүртэх шаардлагатай хүмүүст ногдох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх тул санаа зовох явдалгүй гэдгийг тайлбарлалаа.
Орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдээд ирэхээр иргэд хувийн ахуй амьдралаа бөөцийлөх төдий санал тавихаа больсон байна. Сонгуулиа зөв шударга явуулах, УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгаж явуулбал хүндрэл гарах талаар санаа зовсон асуултыг уулзалт бүр дээр тавьж байлаа. Дөрвөн жилд ганц удаа төрөө сонгодог сонгуульд санаа тавьж байгаа нь газар бүрт харагдлаа.
-Хөдөө орон нутагт УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт ямархуу харагдав?
-“Хууль амьдралд хэрэгжихгүй байна” гэж хөдөөгийн иргэд ярихдаа өөрийнх нь амьдралд тодорхой үйлчилж байгаа хуулиудтай холбож хэлж байна. Иргэний хэрэг, маргаануудыг шийдэх, нийгмийн хэв журам зөрчигдсөн тохиолдлууд, эрүүгийн хэргүүдийг шийдэхэд удааширдаг. Хууль хоёр нүүртэй үйлчилдэг гэсэн асуудал их гардаг. Мөнгөтэй, эрх мэдэл, албан тушаалтай хүмүүст хууль нэг янз үйлчилдэг, тэд хуулийн хариуцлагаас сугарч мултарч гарч ирж болдог. Харин жирийн иргэнд хуулийн үйлчлэл чанга, их чирэгдэл, бэрхшээл учруулдаг гэж хэлдэг. Ийм байж таарахгүй. Иргэн бүр хуулийн өмнө тэгш байя гэсэн асуудал нэлээд гардаг.
Ерөнхийдөө иргэдийн яриаг сонсч байхад УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд сэтгэл хангалуун байгаа юм байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болсон нь тэдний ажлын хариуцлагыг өндөржүүлэхтэй холбоотой арга хэмжээ гэдгийг маш сайн хэлж өгч явлаа. Цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг төрийн албан хаагч ажлаа хоёр дахин нэмэгдүүлж, хүнд суртал, хууль хэрэгжүүлдэггүй байдлаа арилгахтай холбоотой зүйл.
-Ховд аймагт уул уурхайн салбар хөгжих ирээдүй хэр байна. Хөшөөтийн уурхайн байдал ямар байгаа вэ?
-Ховдод уул уурхайн хөгжлөөр хоёрхон чиглэл баримталж байгаа. Нэгд, Хөшөөтийн уурхай байна. Энэ уурхай нутаг дээр нь байдаг Цэцэг сумын иргэдийн тухайд уурхайг зохистойгоор ашиглах ёстой. Уурхайгаас тавьсан 300 гаруй км зам, одоо хийж байгаа ажлууд Цэцэг сумын ирээдүйд сайн нөлөө үзүүлэхээр байна гэж иргэд хэлж байна. Гэхдээ байгаль, экологид тааруу нөлөө үзүүлэх вий гэж сэтгэл зовж байгаагаа ч хэлсэн. Нөгөө талаас энэ уурхай хэнийх болчих гээд байна гэж сэтгэл зовж, стратегийн уурхай болговол яасан юм бэ гэсэн санал гарч байлаа. Стратегийн уурхайн тоонд Хөшөөтийг оруулахад амархан. Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан бол үүнийг хийхэд хялбархан гэж хэлдэг. Харин стратегийн орд болгочихвол ажил зогсох юм. Төрийн мэдэл 51 хувь нь болоод зогсчих байдалтай байгаа. Уурхайг зөв ашиглаж үр өгөөжийг нь авч чадах уу, үгүй юү гэдгийг гол болгох ёстой.
Уурхайн гол баялаг бол нүүрс. Гарч байгаа нүүрсээ 32 мгВт-ын дулааны станцад ашиглаж цахилгаан үйлдвэрлэж баруун аймгуудаа хангая гэсэн шаардлагыг бид тавьдаг. Тэгвэл нүүрсээ зөвхөн гадагш зөөх биш өөрсдөө боловсруулж, цахилгаан эрчим хүч гаргаж бүс нутгаа хангах үр ашигтай байдал харагдаж байгаа юм.
Коксжих нүүрс нэлээд их байна. Кокс боловсруулах үйлдвэр байгуулъя, Ховдын цементийн үйлдвэр зэрэг кокс хэрэглэж болох үйлдвэрүүддээ ашиглая гэсэн төлөв бас байна. Гарч байгаа баялгаа гадагш гаргаж болно. Гаднаас өчнөөн зүйл авч амьдардаг хойно оронд нь юм гаргаж таарна. Гаргах хэсгээ ч гаргана. Өөрсдөө ашиглах хэсэгтээ эзэн нь болж Ховд аймагт өгөөжтэй, үр дүнтэй байх юм бол ашиглая гэсэн асуудлыг бид тавьж байгаа. Туйлширсан байдлаар үүнд хандаж болохгүй. Ховдын зонхилох иргэн үүнтэй санал нэгтэй байгаа. Хөшөөтийн цаад жинхэнэ эзэн хэн бэ гэсэн асуулт гардаг. Энэ бол одоогоор сайн шийдвэрлэгдээгүй, сайн ойлгомжгүй байгаа зүйл.
Энэ жилийн аймгийн төсөвт Хөшөөтийн уурхайгаас дөрвөн тэрбум төгрөг оруулах ёстой юм. Ховд аймгийн төсвийн нийт зарцуулалт дөрвөн тэрбум төгрөг. Сангийн яам төсөв, төлөвлөгөө зохиохдоо аймгийн нийт төсвийг Хөшөөтийн уурхайн орлогоос оруулахаар хийсэн байгаа юм. Хэрэв тэгэх юм бол энэ уурхай Ховд аймагт өгөөжтэй гэдэг нь харагдана. Бүхэл бүтэн аймгаа санхүүжүүлнэ гэдэг сайн хэрэг. Үүнийг маш зөв сайхан зохицуулж, байгалийн баялгаа зөв ашиглаж чадвал өгөөж гарна. Учир начиргүй бүгдийг ухаад зөөгөөд байхгүй байх аа гэж үзэж байгаа. Аймгийн хувьд цөөхөн орд газрыг үр ашигтай ашиглах төлөвлөгөөтэй байгаа.
Хоёрт, Увс, Ховд, Говь-Алтайн чиглэлд баруун бүсийн нефтийн хайгуул хийнэ. Нефть, нүүрс гэсэн хоёрхон зүйл дээр л ажиллая. Бусад алт, газрын ховор элемент гээд янз бүрийн байдлаар Ховд аймгийн нутгийг төнхөж сийчүүлэхгүй. Угаасаа энэ талаар цэгцтэй явж ирсэн. Цаашид ч замбараагүй байдал гаргуулахгүй. Ингэвэл байгаль экологийн хувьд ач холбогдолтой болно гэсэн Ховд аймгийн бодлого байдаг. Үүнийгээ хадгална.
-Ховдод Казахстан улсын өргөмжит консултай болох гэж байна. Уг нь Баян-Өлгийд энэ консул байх ёстой гэж Өлгийн иргэд уулзалт дээр хэлж байсан. Яагаад Ховдод өргөмжит консултай болж байгаа вэ?
-Баян-Өлгийд хийсэн уулзалт дээр энэ асуудал гарсан л даа. Казахстаны зүгээс Ховдод өргөмжит консул, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах санал тавьж байгаа юм билээ. Энэ тухай асуудлаар Ховд аймагт Казахстанаас Монголд суугаа Элчин сайд Орман Каримович Нурбаев очсон байна лээ. Асуудал Казахстаны талтай яаж яригдсаныг би мэдэхгүй байна. Өргөмжит консулаар ямар ч хүнийг, хэдэн ч хүнийг тавьж болдог. Баян-Өлгийд өргөмжит консул тавья гэвэл Казахстаны л асуудал. Ховдод өргөмжит консултай байна гэвэл хүн нэрлэж болно. Ганц нэгхэн хүн байдаг ч юм биш. Хэд хэдэн хүн байж болно. Монголын өргөмжит консул гэхэд АНУ-д олон байдаг. Улс орноо таниулах, сурталчлах зорилготой.
Худалдааны төлөөлөгчийн газраа хаана нээх нь мөн л Казахстан улсын шийдэх асуудал. Ховд, Увс, Баянхонгор, Улаанбаатарт ч байгуулж болно. Ховдод ч казахчууд олонтой. Тэгэхээр хаана өргөмжит консул, худалдааны төлөөлөгчийн газраа нээх нь Казахстаны дотоод хэрэг, гадаад бодлогын л асуудал.