Бид дарьтай торхон дээр сууж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Бид дарьтай торхон дээр сууж байгаа юу?

Цөмийн аюулгүй байдлын асуудлаар БНСУ-ын Сөүл хотноо хийж байгаа дэлхийн улс орнуудын тэргүүн нарын уулзалтын үеэр оролцогчид цөмийн терроризмын аюул заналын эсрэг нягт хамтран ажиллах шаардлагатай байна гэж дүгнэжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мүн Бак цөмийн зэвсгээр сүрдүүлэх терроризм нь өнөөдөр үхлийн аюултай зүйл болон хувирч байгаа гэж дүгнэжээ. Тэгвэл Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао энэ асуудлаар бүлэг байгуулан ажиллах санал дэвшүүлсэн байна. Дэлхийн улс орнуудын тэргүүн нарын энэ уулзалт дээр Хойд Солонгосын зүгээс ирэх сард пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаатай холбоотой асуудлыг өнөөдрийг хүртэл түлхүү авч хэлэлцсээр байгаа юм. Тэгэхдээ Хойд Солонгосын тал хөөргөх гэж байгаа пуужин нь зөвхөн сансрын хиймэл дагуулыг тээвэрлэнэ гэж мэдэгдэж байгаа билээ. Харин АНУ тус улсын зүгээс хийх аливаа туршилт нь НҮБ-ын тогтоол болон пуужингийн туршилтын тухай хуулийг хэрцгийгээр зөрчсөн явдал болно гэж мэдэгджээ.

Мөн Сөүлийн уулзалтын үеэр АНУ болон Хятад улсууд Хойд Солонгосын пуужин хөөргөх болзошгүй туршилтын эсрэг хариу үйл ажиллагаагаа уялдуулахаар тохирсон байна. Энэхүү тохиролцоог хийсэн хоёр орны удирдагчдын уулзалтын үеэр Хятадын ерөн­хий­лөгч нэгэн анхаарал татахаар мэдэгдэл хийсэн нь Ху Жинтао Хойд Солонгосын өнөөгийн удирдлагын талаар сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн явдал байв. Ху Жинтао Хойд Солонгосын пуужингийн туршилт нь төвөгтэй бөгөөд эмзэг асуудал болж байгаа гэж дүгнээд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах нааштай алхмуудыг үгүй хийсэн таагүй эргэлт гарахгүй гэдэгт итгэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. 

Хятадын удирдагчийн хэлсэн эдгээр үгс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлд нэг талаар дориун хариу болж таарч байгаа юм. Барак Обама Ху Жинтаотай уулзахаасаа өмнө буюу өнгөрөгч ням гарагт мэдэгдэл хийх үеэрээ Хятадын зүгээс Хойд Солонгосын талаар хатуу байр суурь баримтлахгүй байна хэмээн шүүмжилж байсан билээ. Мөн тэрээр дээрхи асуудлаар БНСУ-ын удирдагч Ли Мүн Бактай санал солилцож амжжээ. Энэ хоёр орны тэргүүн нарын уулзалтын үеэр Обама болон Мүн Бак нар Хойд Солонгос пуужингийн туршилтаасаа татгалзахгүй бол олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс авах шинэ хориг арга хэмжээнд өртөж, тусгаарлагдан ганцаардах эрсдэлтэй учрах болно гэж үзэж байгаагаа хамтран мэдэгдсэн аж.Түүгээр ч зогсохгүй хэрэв Хойд Солонгосын хөөргөсөн пуужин БНСУ-ын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх юм бол шууд устгана гэдгээ ч мэдэгдэж байгаа билээ.

Хойд Солонгосын удирдлага тус улсыг үүсгэн байгуулагч хэмээн үзсээр ирсэн Ким Ир Сенийн мэндэлсний 100 жилийн ойгоор буюу ирэх сарын 12-16-нд пуужин хөөргөнө гэж зарлаад байгаа юм. Өчигдөр Хойд Солонгосын албан ёсны телевизийн сувгаар мэдээлэхдээ хөөргөхөөр төлөвлөж буй пуужин нь хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбаруудад шаардлагатай цаг агаарын  мэдээллийг судалж, дамжуулах хиймэл дагуулыг тойрог замд гаргах зориулалттай гэсэн байна. Гэвч ийм хэлбэрийн мэдээллүүдэд дэлхийн томоохон гүрнүүд итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаагийн зэрэгцээ Хойд Солонгосын үйлдэл нь өдөөн хатгалгын шинжтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс Хятад болон АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хэрэв Хойд Солонгос пуужин хөөргөвөл хоёр гүрний зүгээс өдөөн хатгалга хэмээн үзэж хариу арга хэмжээ авах талаар хамтран ажиллахаар зөвшилцсөн байна.Сүүлийн үед гарч байгаа мэдээллээр бол Хойд Солонгосын пуужин хөөргөх талбар нь тус улсын баруун хойд зүгт байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын хилээс тийм ч их хол биш байрлаж байгаа ажээ. Энэ нь нэгэн үе Хойд Солонгосын удирдлагуудад харьцангуй нааштай хандаж ирсэн байр сууриа Хятадын удирдлагууд эргэн харахад хүргэж байгаа бололтой.

Мөн энэ өдрүүдэд Хойд Солонгосын пуужингийн туршилтад дэлхий нийтээр санаа зовниж буй шалтгааныг тодорхойлж буй зарим мэдээллийг дэлхийн мэдээллийн агентлагууд ээлж дараалан мэдээлсээр байгаа юм. Мэдээлж байгаагаар бол Хойд Солонгост 1000 ширхэг төрөл бүрийн ангиллын пуужин байгаа бөгөөд тэдгээрийн дотор АНУ-д нэг өдрийн дотор цохилт өгч чадах холын тусгалтай пуужингууд ч багтдаг гэнэ. Хойд Солонгосын пуужингийн зэвсэглэлийн түүх 1960-аад оноос тактикийн зориулалттай тийрэлтэт артиллерийн зэвсэглэлээс эхэлж 1990-ээд он гэхэд тус улсад баллистик ойр болон дунд тусгалын пуужингуудтай болжээ. Хойд Солонгос анхны тактикийн пуужингуудаа 1960-аад оны сүүлээр тухайн үеийн Зөвлөлт улсаас авч байсан бол баллистик пуужинг 1976 онд Египет улсаар дамжуулан авчээ. Харин 1984 онд хойд солонгосчууд Хвасонг-5 ба 6 гэсэн нэртны анхны баллистик пуужингаа бүтээсэн. Хойд солонгосчууд дунд тусгалын пуужингаа нь Нодонг, харин сүүлийн үед бүтээсэн алсын зайн баллистик пуужингаа Таеподонг гэж нэрлэдэг. Зарим мэдээлэлд дурдсанаар бол Хойд Солонгосын алсын тусгалтай пуужингууд олон мянган километр зайн тусгалтай ажээ. Тиймээс Хойд Солонгосын пуужинг хөөргөхтэй холбоотой энэ асуудал Сөүлийн уулзалтын үлэмж анхаарал татсан нэг сэдэв болж байгаа юм. 

Үүний зэрэгцээ Сөүлд цугласан тэргүүн нарын уулзалтын бас нэг гол сэдэв нь цөмийн терроризмын эсрэг хийх тэмцлийн тухай асуудал болж байсан бөгөөд агуулгыг нь хэд хэдэн чиглэлээр хуваан тодорхойлж байгаа юм. Үүнд цөмийн зэвсгийг бүтээх материал болон технологи, техник хэрэгслийг хамгаалах, тэр дундаа цөмийн зэвсэг бүтээх түүхий эдийг хулгайлахаас сэргийлэх зэрэг асуудал орж байгаа юм байна. АНУ-ын ерөнхийлөгч уулзалтад хандаж хэлэхдээ цөмийн нөөцийг хулгайлах, цөмийн аюул таригч түүхий эд, материалыг ашиглахаар завдаж буй “муу этгээдүүд хэтэрхий их байна” гэж тодорхойлжээ. Мөн тэрээр хэлэхдээ, ”Гэм зэмгүй олон зуу, олон мянган хүнийг алахын тулд их зүйл хэрэггүй. Нэг бол цөмийн зэвсэгт ордог материалаас бага зэргийг ашиглаж, эсвэл гар аргаар ч хийж болж байгаа юм. Энэ бол огт хэтрүүлэг биш, харин бидний нүүр тулж буй бодит байдал” гэж хэлсэн байна.

Мөн “Дэлхий нийтийн аюулгүй байдал бидний хийж байгаа үйл ажиллагаанаас шалтгаалж байна” гэж Обама нэмэн онцолсон аж. Энэ асуудлаар БНСУ болон Хятадын төрийн тэргүүн нар мөн Сөүлийн уулзалтад оролцож байгаа дэлхийн 60 гаруй орны тэргүүн нарт хандан өөр өөрсдийн уриалгыг гаргасан байна. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ху Жинтао цөмийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэлхий нийтийн хүрээллийг бий болгохыг уриалсан бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зүгээс энхтайвныг эвдэх ноцтой аюулыг сөрөх тодорхой арга хэмжээ авахыг мөн уриалжээ. 

Дашрамд дурдахад дэлхийн цөмийн зэвсгийн бүртгэлд өнөөдөр нийтдээ 20 мянган байлдааны хошуу бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээрийн 5000 орчим нь дайн байлдааны үйл ажиллагаанд шууд ашиглах зорилгоор хийсэн байна. Харин эдгээр цөмийн цэнэгтэй байлдааны хошууны 2000 нь АНУ болон ОХУ-д байгаа ба дайн байлдааны ажиллагаанд шууд хэрэглэхэд бэлэн байгаа гэсэн мэдээлэл гарч байна.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж