Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр буюу гуравдугаар сарын 13-нд “Майничи” сонинд “Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсны хариуд АНУ, Япон улс цөмийн эрчим хүчний технологио монголчуудад өгөхөөр тохиролцжээ. Атомын цахилгаан станц барихаар сонгосон гурван газар нь цөмийн хаягдал булшлах газар байна” гэсэн нийтлэл гарсан юм.
“Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай хууль гээд 33 хуудас хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжихэд тодорхойгүй олон заалт бүхий цоорхойтой. Үүнийгээ эргэн харалгүйгээр ураны олборлолт эхлүүлж, атомын цахилгаан станц байгуулах гэж байна. Үүнийг нь дэлхийн томоохон гүрнүүд хийж гүйцэтгэх сонирхолтой байгаа нь “Ураныг нь ашиглачихаад хаягдлыг булшлах гэж байгаа юм биш үү” гэдэг хардлагыг төрүүлж байна гэж Монголын байгаль орчны ТББ-уудын холбооны ерөнхийлөгч, доктор Ж.Батболд хэллээ. Монгол Улс 2020 оноос эхлэн, Арабын нэгдсэн Эмират улс руу уран гаргахаар хэлэлцсэн. Харин 2040-2050 оны хооронд буцааж манай улсад булахаар яригдсан талаарх Японы “Майничи” сонины дээрх нийтлэлээс харж болохыг тэд хэллээ.
Тэгвэл цөмийн аюул заналхийлж байгааг дэлхий даяар хүлээн зөвшөөрч, татгалзаж эхэллээ. Мөн атомын цахилгаан станц эдийн засгийн ашиггүй байдгийг эрдэмтэд сануулсаар байна. Австри улсын эрчим хүчний агентлагийн захирал Петер Траутманн “Цөмийн энерги бол байгаль орчинд халтай төдийгүй эдийн засгийн хувьд алдагдалтай“ гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнийг Австрийн байгаль орчны хүрээлэнгийн мэргэжилтэн Андреа Валнэр батлан “Хэрвээ цөмийн салбар үнэхээр асар хямд эрчим хүч үйлдвэрлэдэг бол чөлөөт зах зээлийн үед шинэ реакторуудыг хувийн салбараас санхүүжүүлэх бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл тийм тохиолдол хаана ч алга. Дэлхийд хувийн секторын санхүүжилттай ганц ч АЦС байхгүй. 60 гаруй жилийн туршид хямд цахилгаан үйлдвэрлэдэг гэж яригдсаар байгаа технологи өнөөдрийг хүртэл улсаас татаас дэмжлэг авсаар байдаг нь гайхалтай” гэжээ.
Хэвлэлийн бага хуралд 14 Байгаль орчны ТББ-уудыг төлөөлөн оролцсон “Ногоон загалмай” ТББ-ын тэргүүн доктор Ш.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Цөмийн хаягдал булшлах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хориглож, яриа хэлэлцээрт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгдсэн. Гэхдээ цөмийн хог хаягдлыг булшлах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж зарим нь ярьж байна. Нэг килограмм цөмийн хаягдлыг нь 500 ам.доллараар булшилдаг гэсэн яриа байдаг шүү дээ.
-Үүнийхээ хариуд бид юу төлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Атомын цахилгаан станцтай улс орнууд энэ ажлаа эргэж хараад, татгалзахад хүрч байна. Одоогийн яригдаад байгаа 100 мянган тонн цөмийн хаягдал хэдэн жилийн өмнөх хаягдал шүү дээ. 1950-1960 оны үед гарсан хог хаягдлыг 30-40 жилийн турш хөргөж тэнд байгаа химийн элментүүдийн урвал саармагжаад байгаа болохоор өнөөдөр яаралтай хаях асуудал хурцаар яригдаж байгаа. Ердөө л хөргөх гэж ийм хугацаа зарцуулж, урвал нь саармагжиж байхад цаашид яах нь хэн хүнд ойлгомжтой гэж бодож байна. Цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, цөмийн эрчим хүчний хэрэглээ өндөртэй АНУ яагаад эх орондоо биш Монголд булшлах гээд байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Манай хүмүүс үүний хор холбогдлыг сайн ойлгохгүй, хог булах төдийхнөөр ойлгоод байна. Цөмийн хог хаягдлыг булшлахын өмнө маш үнэтэй байгууламж барьдаг. АНУ-ын Ялта ууланд цөмийн хаягдал булшлах цэг байгуулж байгаад Ерөнхийлөгч нь сая зогсоочихлоо. Финляндад Анкала гэдэг газар хэдэн триллион ам.долларын зардалтай цэг барьж байна. Тэр цөмийн хаягдлын плутон гэдэг бодисны задрал 24 000 жил үргэлжилнэ, хүн энэ бодист нэг метр ойртох юм бол ердөө нэг минут амьд байх боломжтой. Тэгэхээр бид эрүүл мэнд, ирээдүй, үр хойч, үндэс угсаагаараа дэнчин тавьж галаар тоглож байна гэсэн үг.
-Японы “Майничи” сонинд атомын цахилгаан станц байгуулах нэрээр цөмийн хаягдал булшлах цэг барих гэж байна гэсэн мэдээлэл гарсан байсан?
-Бид нууц хэлэлцээр хийсэн байж магад гэж таамаглаж байна. Тиймээс үүний эсрэг тэмцэх ёстой. Манай улсад цөмийн эрчим хүчний технологи гэдэг амин чухал асуудал биш. Уранаас бусад төрлийн ашигт малтмалаараа эдийн засгаа ашигтайгаар авч явах боломж байна. Одоогийн байдлаар 128 ураны хайгуулын болон ашиглах лиценз олгоод байгаа гэсэн. Ирэх жилээс ураны олборлолтоо эхлүүлнэ гэж байна. Энэ бол маш аюултай. Манай улсад усны нөөц маш бага, галт уулын идэвхтэй бүс олон учраас атомын цахилгаан станц барих ямар ч үндэслэл байхгүй. Тэгэхээр энэ яригдаад байгаа гэрээ бол ердөө цөмийн хаягдлаа булшлах зорилготой гэж үзэж байна.
-Цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулагдахаар болчихвол яах вэ?
-Гэрээ байгуулахаас нь өмнө үүнийг зогсоох ёстой. Бусад орны жишгээр энэ асуудал нууц байдалд, ард иргэдээсээ нууцалсан байдлаар явагддаг болохоор тун хэцүү. Үр хойчоо хайрлаж байгаа хүн бүр энэ асуудалд анхаарал хандуулж, Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлуулахгүй байхад гар биеэ оролцуудах ёстой. Маргааш Сүхбаатарын талбайд “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” жагсаал хийж, олон нийтэд бодит мэдээлэл хүргэж, таниулга, сурталчилгаа явуулна. Мөн энэхүү аяныг дэмжиж буй иргэдийн гарын үсгийг цуглуулж Засгийн газарт хүргүүлнэ.