Хөдөө аж ахуйн биржийг хэзээ байгуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн биржийг хэзээ байгуулах вэ?

Ноолуурын сизон тун удахгүй орно. Монголын ноолуурын сал­ба­рыг гартаа атгасан хятад ченжүүд өөрийн­хөө дураар тоглолтоо хийх нь тодорхой. Энэ жил ноолуурын үнэ хэд хүрэх бол гэсэн асуулт  малчид, үйлдвэрлэгчдэд хамгийн чухал байгаа. Ноос, ноолуурын холбооныхон ноолуурын үнэ 50 мянгаас давахгүй гэдэг тайлбарыг өгч буй бол харин “Эмээлт” захын ченжүүд ноолуурын үнэ 100 мянгад хүрнэ хэмээн телевизээр хээв нэг­хэн ярьж байна лээ. Мэдээж, ноо­луурын үнэ өсөх нь малчдад хамгийн таатай мэдээлэл. Харин үйлдвэрлэгчдэд үнийн өсөлт дарамт болсоор цөөнгүй жилийг үдсэн. Ямар сайндаа л Засгийн газар  өнгөрсөн жил 100 тэрбумын бонд гаргаж үйлдвэрлэгчдийн сэтгэлийг засах билээ дээ. Тэд энэ хавар ноолуурын үнэ өсөхгүй гэж том дуугаар зарлаж байгаа ч цаанаа хятад ченжүүд хэр тоглолт хийхээс айж байгаа нь худлаа биш.

Уг нь хөдөө аж ахуйн биржтэй бол энэ асуудал төр оролцоод, мөнгө хаяад байх шаардлагагүй болно. Зах зээлийнхээ жамаар, төр болон хятад ченжүүдийн оролцоогүйгээр шийдэгдчих юм. Өчигдөр хөдөө аж ахуйн салбарынхны дунд уг асууд­лаар сургалт болсон.  Сур­галтын  агуулга нь ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдөө аж ахуйн биржийн тухай хуультай хол­боо­той юм байна.

Монгол Улс хөдөө аж ахуйн биржийн тухай ярьсаар багагүй хугацааг үдсэн. Харин өнгөрсөн жил УИХ-аас Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль баталсан нь хөдөө аж ахуйн салбарт нуугдаж байгаа далд мөнгийг ил болгоход нэг алхам урагшилсан  хэмээн мэргэжилтнүүд үзэж байна лээ. Шинээр хэрэгжих хуулийн дагуу бирж байгуулах ажлыг  шат дараатайгаар хэрэгжүүлэх юм байна.

Монгол Улсын дотоодын зах зээлд жилдээ нэг тэрбум ам.дол­ларын хөдөө аж ахуйн түүхий эд эргэлддэг гэсэн. Тэр мөнгө ихэнхдээ хятад ченжүүдийн халаасанд орчихдог гэнэ лээ. Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль нь хэрэгжээд, биржээ байгуулчихвал  түүхий эдийн үнэлгээ өсч, чанар стандарт нь сайжрах аж. Түүнчлэн малчдын хотхоноос үйлдвэрлэгчид, эцсийн хэрэглэгчдэд хүрдэг дундын олон шат дамжлага багасч, ченжүүдийн дураараа авирладаг хөг өнгөрөх гэнэ. Энэ тохиолдолд жилдээ 1,5 тэрбум ам.долларыг  хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн худалдаанаас олох юм байна. Нэмүү өртөг шингээгээд зарвал бүр хоёр тэрбум ам.доллар  өлхөн олох бололцоотой аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ч.Энх-Амгалан “Бирж байгуулах ажил төлөвлөгөөний дагуу өрнөж байна. Гэхдээ бидэнд суралцах зүйл их байгаа. Учир нь улс орон бүр өөрсдийн эдийн засгийнхаа онцлогт тохирсон бирж байгуулдаг. Тиймээс манай яам нутаг орны онцлогт тохирсон бирж байгуулахаар судал­гаа хийж, туршлага судалж байгаа” гэв. Хөдөө аж ахуйн биржийн амин чухал хэсэг нь хоршоо байх аж. Малчид ганцаараа хөдөлмөрлөөд ямар ч амжилтад хүрэхгүй. Хоршоо бай­гуулвал  эдийн засгийн хувьд эрсдэл багатай, найдвартай. Биржээр үйлч­лүүлэх боломж нээгдэх гэсэн.

 Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ээс хамтран  2012 оныг “Хор­шоол­лын жил” болгон зарласан  байгаа. Тиймээс  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам “Хөдөөг хоршоолох аян”-г  гурван жилийн хугацаатай байгуулах гэнэ. Энэ аянг хэрхэн зохион байгуулах шийдвэр нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарах гэсэн. Түүнчлэн маргааш  Хоршооллын үндэсний III чуулган болох бөгөөд энэ чуулганаар Хөдөө аж ахуйн бирж байгуулах, тус биржид хэрхэн оролцох талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна. Нэг суманд ядахдаа нэг том хоршоолол байгуулах, хоршоолол байгуулахдаа дор хаяж есөн хүнээс бүрдэх шаардлагатай юм байна. Бирж байгуулах нь малчдад, үйлдвэрлэгчдэд  тэгвэл ямар ач холбогдолтой юм бэ. Зохиомлоор өсч, буурдаг хөдөө аж ахуйн түүхий эдийн үнийг зохицуулж чадах уу.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн яамныхан биржийг үнийн хэт өсөлтөөс хамгаалж, эрс­дэлийг зохицуулах нэгдсэн бод­ло­го­той байх учраас өнөөдрийн үнийн хөө­сийг “хагалж” чадна гэсэн. Монгол Улсын хувьд жилдээ 6000 тонн ноолуур, 400 сая тонн сүү бэлтгэдэг гэсэн албан бус мэдээлэл байдаг. Ченжүүд мах, ноолуур, арьс ширийг малчны хотоос шууд очоод худалдан авчихдаг учраас бодит тоог гаргахад төвөгтэй байдаг ажээ. Тэгвэл бирж байгуулснаар энэ бүх тоо ил болох, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худал­даа­наас тодорхой орлогыг ч төсөвт бүр­­дүүлэх боломжтой болох юм байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн түүхий эдийг хууль бусаар хил гаргах боломжгүй, экспортод  тавих хяналт сайжрах аж.  Биржийг бол өнөө маргаашгүй байгуулчихад ядах юмгүй гэдгийг албаны хүмүүс ярьсан. Хамгийн гол нь эрх зүйн орчинг бүрдүүлэх. Тиймээс  бир­жийн зохицуулах зөвлөлийг байгуу­лах, дүрэм журмыг Засгийн газраар батлуулах тээвэрлэлт, агуулах, лабо­ра­­тори, онлайн сүлжээ, төл­бөр тооцоо гээд дэд бүтэц болон мэдээллийн системийг нь хөгжүү­лэх шаардлагатай байгаа учраас биржийг байгуулах ажил удааш­рал­тай байгаа бололтой.Ямар ч байсан биржийг байгуулах нь байгуулах юм байна. Гэхдээ хэзээ вэ гэдэг л асуултын тэмдэгтэй үлдчихлээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж