18 тэрбум төгрөгөөр хүүхдүүдийг үзлэгт хамруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

18 тэрбум төгрөгөөр хүүхдүүдийг үзлэгт хамруулна

Таны хүүхдийг төрөөс зардал гаргаад үнэгүй шинжилгээнд хам­­руулж, эмчилнэ гэвэл ямар сонсог­дож байна. Тэгвэл бүтэн жилийн турш хүүхдийг тань үз­лэгт хамруулж, оношилж, эмчилнэ. Сайхан мэдээ байгаа биз. Сурдаг сургууль, хүмүүждэг цэцэр­лэг, өрхийн эмнэлэг дээр чинь мэргэж­лийн эмч нарын баг ажиллаж, таны хүүхдийг шинжлэхэд бэлэн байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл хүүхэд” аян гуравдугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийсэн юм. 18 хүртэлх насны бүх хүүхдийг хамрах аян хоёр үе шаттай хэрэгжих энэхүү аян нийтдээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд эхнийх нь тавдугаар сарын 31-нд өндөрлөх юм байна.

Хүүхэд болгонд мэдээллийн сан бүрдүүлнэ

“Эрүүл хүүхэд” аянд зориулж Эрүүл мэндийн даатгалын сангаас 18 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ мөнгөөр Монгол Улсын 970 мянган хүүхдийг оношилж, эмчилнэ гэж ойлгож болно. “Нийтдээ 970 мянган хүүхдэд чих, хамар, хоолой, дотор, тархи гээд бүх л төрлийн шинжилгээг хийнэ. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусыг үнэгүй үзлэг, шинжилгээнд хамруулж, эм­нэлэгт үзүүлэх боломжийг хангас­­наар ирээдүй эрүүлжинэ гэж ойлгож болно. Тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газ­рын Эрүүл мэндийн даатгалын хяналт санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэг ярьсан юм. Хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх энэхүү үзлэг шинжилгээг 0-5, 5-11, 11-18 насны хооронд гурван насны ангиллаар явуулах ажээ. Мөн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр нь хүүхдийн эмч нарын баг ажиллуулан үзлэг хийх юм байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдүүдэд ямар өвчлөл зонхилж, хаана ямар өвчин их байгаа зэргийг тодорхой болгохын зэрэгцээ ундны ус, хоол хүнстэй холбоотой өвчлөл хэр зэрэг байгааг нарийн шинжлэх аж. Үүний дараа хүүхэд болгонд мэдээллийн сан бүрдүүлж, хүүхэд бүрийг өвчний түүхтэй болгон эмчилгээг цаашид үргэлжлүүлэх гэнэ.

Тавдугаар сарын 31-нд эхний шат дууссаны дараа хүүхдүүд ямар өвчлөлтэй байгааг олж тогтоон бүтэн жилийн турш эмчлэх юм байна. “Эхний шат тавдугаар сарын 31-нд дууссаны дараа шүдний өвчтэй хүүхдүүдийг эмчилнэ. Шүдний өвчин бүх өвчний эх үндэс гэдэг утгаар нь нэн тэргүүнд эмчлэх чигийг баримталж байна. Мөн дан ганц шүд ч биш бүх өвчнийг нь эмчилнэ” гэж Ц.Ганцэцэг ярьж байлаа.

Хүүхдүүд бүрэн хамрагдаж чадах уу?

Хүүхдүүдийг харьяа сургууль, цэцэрлэгээр нь дамжуулж сургууль, цэцэрлэгт сурдаггүй хүүхдүүдийг харьяа хороогоор нь дамжуулан шинжилгээнд хамруулах ажээ. Манай улсын хэмжээнд 879 цэцэрлэг, 752 сургуульд 515 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд бүх сургууль, цэцэрлэгт тусгайлсан эмч нарын баг ажиллаж хүүхдүүдийг шинжлэх юм. Мөн энэ сарын эхэнд асрамжийн газарт хүмүүждэг хүүхдүүдийг шинжилгээнд хамруул­сан байна. Гэхдээ хөдөлмөр эрхэл­дэг хүүхдүүдийг хэрхэх вэ гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй. “Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг хэрхэн шинжилгээнд хамруулахыг хэлж мэдэхгүй байна. Төлөвлөсөн ямар нэгэн зохион байгуулалтын зүйл байгаа байх” гэж Ц.Ганцэцэг ярьж байсан юм. Монгол Улсад анх удаа өрнөж байгаа бүх хүүхдүүдийг хамруулан, эмчлэх энэхүү том аян тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа гэж албаны хүмүүс хэлж байлаа.

Сонгуулийн шоу биш биз?

“Үүнийг сонгуулийн шоу гэж ойлгож болохгүй. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал сонгуулийн шоу байж таарахгүй. Юмыг дандаа болохгүй талаас нь харах хэрэггүй” гэж Ц.Ганцэцэг ярьж байсан юм. Зиндаа сайтын “Сонгууль-2012” буланд иймэрхүү утгатай мэдээлэл гарсан байна. Хүүхдүүдийг шинжил­­гээнд хамруулах энэ ажил сонгуулийн шоу биш байж уу, мөн байж уу гэдгийг бид тавдугаар сарын сүүлээр харах болно. Анхны төлөвлөгөөнд дурьдсанаар бол тухайн хүүхдээс ямар нэгэн өвчин илэрвэл яаралтай эмчилгээнд хам­руулж, эмчлэх аж. Ийнхүү Монгол Улс 970 мянган хүүхдээ үзлэгт хамруулж эхэллээ. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхэл­сэн учраас ажил түр хойшилж дөрөв­дү­гээр сарын 5-наас дахин үргэлжлэх ажээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж