Хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурлаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Бээжин дэх Хятад Монголын асуудлыг хариуцсан Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/-ын Товчооны захирал хатагтай Анн Хербэртийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тэтгэврийн болон нийгмийн даатгалын чиглэлээр хийгдэж буй шинэчлэл цаашдын чиг хандлагын талаар харилцан мэдээлэл хийлээ.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас бидэнтэй олон талаар хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэхийг зорьж, техникийн болон мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж байгаа нь манай улсын хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн орчныг сайжруулахад чухал үүрэгтэй хэмээн уулзалтын үеэр НХХ-ийн сайд Т.Ганди онцлон хэллээ.
Өнөөдрийн уулзалтаар ОУХБ-ын хамтын ажиллагааны нэг хэлбэр болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргааг дэмжих: Хөдөлмөр эрхлэх ур чадвар ба бодлогын хэрэгжүүлэлт” техникийн хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурсан юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр албан болон албан бус ажлын байран дахь сургалт, ур чадварыг нэмэгдүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх загварыг бий болгох юм. Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар тэдний ур чадварыг сайжруулах, ажлын байраар хангах гурван талт бүрэлдэхүүн болон төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын чадавхийг сайжруулахаар төлөвлөж байгаа юм байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд Чех Улсын Засгийн газраас 246,000 ам.долларын санхүүжилтийг хийх болсон тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж