Шүүх хуралдаанд улсын яллагчаар С.Хишигжаргал оролцох бөгөөд өмнөх бүрэлдэхүүн болох Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр орно. Шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч дээрх хүсэлтийг хангаагүй учир ийнхүү хуучин бүрэлдэхүүнээр шүүх хурлыг явуулах юм байна.
Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо шүүх хуралд оролцохгүй
Энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон шүүх хуралдаанд НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо БНСУ-д албан ажлаар явсан тул хүрэлцэн ирээгүй юм. Шүүх хурлыг тасалдуулсан учир түүнд торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Г.Ганбаатар өмгөөлөгч нэмж авахаа мэдэгдсэн юм. Өмгөөлөгч нь ирээгүй Г.Ганбаатарын хэргийг тусгаарласны дараа түүний хэргийг энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч шинээр авсан өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх үндэслэлээр хойшлуулж, тусгаарласан хэргийг нэгтгэн, түүнийг цагдан хорих шийдвэр гаргасан юм. Тухайн өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганбаатар өмнөх өмгөөлөгч Д.Оросоогоос татгалзаж, Ц.Мөнхдэлгэрийг дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оруулах болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр өмгөөлөгч Д.Оросоо БНСУ-аас ирсэн ч өнөөдрийн шүүх хуралд оролцохгүй нь. Харин Ч.Амарболдын өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Д.Энхтунгалаг, Ц.Итгэл, О.Зоригтын өмгөөлөгчөөр Л.Өлзийхүү нар оролцох аж.
Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр дахин дууджээ
Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд болохоор анх товлогдсон ч хоёр өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй, 2008 оны долдугаар сарын нэгний үед төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар гуравдугаар сарын 14 хүртэл хойшлуулсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Шүүх тэрхүү хүсэлтийг хангаагүй учир шүүх хурлыг дахин товлоод байгаа нь энэ юм. Өмнөх шүүх хуралд гэрчүүд ирээгүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс дээрх нэр бүхий хүмүүст шүүх хуралдаанд биеэр оролцох талаар дахин мэдэгджээ. Үүний хариуд Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар шүүх хуралд оролцохоо урьдчилан мэдэгдсэн байна.
Хохирогчдын ар гэрийнхэн, шархадсан залуус шүүх хуралд оролцоно
Үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн дөрвөн залуугийн ар гэрийнхэн, буудуулж шархадсан зургаан залуу энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон. Өнөөдрийн шүүх хуралд үймээний үеэр буудуулж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж н.Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү н.Хэрлэн нараас гадна тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа нар шүүх хуралд оролцох болжээ. Бусад хүмүүсийн хувьд тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байгаа аж. Түүнчлэн хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, амиа алдсан бусад хүмүүсийн өмгөөлөгчөөр н.Дэмбэрэлдагва нар оролцох бол шархадсан гурван залуугийн өмгөөлөгчөөр н.Уранбилэг оролцох юм байна. Харин шүүгдэгч нарын ар гэрийнхнээс тодорхой тооны хүмүүсийг шүүх хуралд оролцуулах талаар тэд өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. Тэд өнөөдөр болох шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Хэрэв шүүх хурал болоод, ял оноовол нэр төрийг нь сэргээх хүртэл тэмцэхээ Цагдаагийн ар гэрийн холбоо, шүүгдэгчдийн ар гэрийнхэн илэрхийлсэн юм.
Шүүх хурал ямар нэг шалтгаанаар хойшлохгүй бол дөрвөн холбогдогчтой 29 хуудас хавтас хэргийг хэлэлцэнэ. Тэгэхээр шүүх хуралдаан удаашрах, бүтэн өдрийн турш үргэлжлэх магадлал өндөр байгаа юм. Бид шүүх хурлын явцыг цаг тухайд нь шуурхай мэдээлнэ.