Киприйн Никосия хотноо дэлхийн хамгийн алдартай клуб болох “Реал Мадрид” зочлон ирсэн нь тус улсын хувьд түүхэн үйл явдал тохиож байна. “ЖСП” цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл сургуулалтаа хийж буй Испанийн Эзэн хааны багийнхан өчигдөр Киприйн нисэх онгоцны буудалд газардахад санаанд оромгүй олон мянган хүн цугларч, дэлхийн шилдэг Рональду, Кака болон бусад тоглогчдыг угтан авчээ. Киприйн баг өмнөх шатанд “Реал Мадрид”-ын Европын тавцан дахь хүчтэй өрсөлдөгчдийн нэг “Лион” клубийг буулгаж авсан нь Жозе Моуриньогийн анхаарлыг татаж байгаа. Гэхдээ багийн шилдэг мэргэн бууч Криштиан Роналду өнгөрсөн амралтын өдрөөр “Реал Сосьедад”-ын эсрэг дубль хийж, Испанид ирсэн цагаасаа хойш хамгийн богино хугацаанд 101 гоол хийсэн тоглогч болж, түүхэнд нэрээ үлдээсэн. Дэлхийн хамгийн өндөр үнээр Эзэн хааны багт ирсэн Роналду энэ жил хоёр ч том тэмцээний цомын төлөө явж байгаагийн нэг нь Аваргуудын лиг билээ. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө “Галактико нэг” Аваргуудын лигийн цомыг хүртсэн. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл “Реал Мадрид” цом битгий хэл, шигшээ тоглолтод ч шалгарч үзээгүй байна. Ямартай ч энэ шатны гол фаворитаар нэрлэгдэж байгаа “Реал” хилийн чанадад айлын талбай дээр нэг ч хожигдол амсаагүй байгаа. Германы шигшээгийн хагас хамгаалагч Сами Хедира өрсөлдөгчөө хүндэлж байна. Гэхдээ талбай дээр гарсан 11 тоглогч бүгд хожлын төлөө гарах болно гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Шөвгийн 16-гийн шатанд Италийн “Наполи” клубийг хожсон “Челси” дараагийн шатанд Португалийн “Бенфика” клубтай учраа таарсан билээ. Гэхдээ тэдэнд санаа зовних асуудал улсынх нь лигт тохиолдоод буй. Премьер лигт хийсэн сүүлийн хоёр тоглолтоос ердөө ганцхан оноо авч, хүснэгтийн тавдугаар байрт хэвээр үлдсэн тэдний хувьд ирэх жилийн Аваргуудын лигийн өрсөлдөөнөөс хасагдах хэмжээнд хүрээд байна. “Тоттенхэм”-ийн эсрэг хийсэн маш чухал тоглолтод бүтэн оноо авч чадаагүй “Челси” өмнөх багаасаа таван онооны зөрүүтэй болоод байна. Сүүлийн есөн жил тивийнхээ хамгийн нэр хүндтэй тэмцээнд тасралтгүй оролцож өндөр амжилт үзүүлж байсан Лондонгийн цэнхэр өмсгөлтнүүд нэр төрөө авч үлдэхийн тулд энэ жил тус тэмцээний цомыг зайлшгүй авах хэрэгтэй. Тэдэнд боломж ч байгаа. Роберто Ди Маттеогийн удирдлага дор “Бенфика” клубын эсрэг хоёр тоглолт хийж, хагас шигшээд шалгарвал “АС Милан”, “Барселона” багийн хожсонтой нь тоглох болно. Дасгалжуулагчийн эрлээ түр зогсоогоод байгаа Роман Абрамович “Челси”-гийн “хал цэрэг”-т ихээхэн найдлага тавьж байна. Харамсалтай нь, багийн гол хамгаалагчдын нэг Бранислав Иванович ташааны бэртлийн улмаас өнөө шөнийн тоглолтыг өнжих бол “Бенфика”-гийн экс-тоглогч байсан Дэвид Луисыг Тэрри, Кэхилл нарын хамтаар гараанд гаргаж болж байна. Мөн Бразилийн шилдэг хагас хамгаалагч хуучин мөн л Португалийн “Бенфика”-д хүчин зүтгэж байсан Рамирес гарааны 11-т багтжээ. Харин довтлогчдоор Торрес, Дрогба нарыг хамтад нь тоглуулж магадгүй байна.