Ойрхи Дорнодод цаазын гүйцэтгэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодод цаазын гүйцэтгэл нэмэгджээ

Цаазын ялыг эсэргүүцдэг “Эмнести интернэйшнл”  байгууллагын мэдэгдсэнээр Иран, Ирак, Саудын Араб, Йемен зэрэг орнуудад өнгөрсөн онд цаазаар авах ял гүйцэтгэсэн байдлаар дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Дээрх орнуудад гүйцэтгэсэн цаазаар авах ялын тоо өнгөрсөн онд өмнөхөөс эрс нэмэгдсэн гэнэ. АНУ цаазаар авах ял гүйцэтгэсэн тоогоор тавдугаарт бичигдсэн байна.

“Эмнести интернэйшнл”  байгууллагын нэг жилийн судалгаанаас харахад цаазаар авах ял оноодог орнуудад хандлага гуравны нэг хувиар буурчээ. Гэвч өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн 20 оронд цаазлуулах ялаа хүлээж буй 18,750 ялтан бий гэсэн тоо гарсан байна. Шашин шүтлэг, нийгмийн тогтсон хэм хэмжээ, соёлын өөр харилцаанаас шалтгаалж цаазаар авах ял оноодог гэмт хэргүүд улс орон болгонд өөр өөр байдаг. Иранд гэр бүлээс гадуур завхайрсан, бэлгийн гаж харилцаанд орсон, эсвэл бурхныг гутаан доромжилсон хүн хамгийн хатуу ял сонсдог бол Пакистанд бурхныг хараасан, Саудын Арабт ид шид хэрэглэсэн, хараал хийсэн, Конгод хүний эрхтнийг худалдсан гэмт хэрэгт цаазаар авах ял оноодог аж. Харин Хятадад эм, хүнсний бүтээгдэхүүн хуурамчаар үйлдвэрлэсэн, эрхтэн хууль бусаар шилжүүлэн суулгасан болон эдийн засгийн гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноодог байна. Хятадад жилд хэдэн хүнд цаазаар авах ял оноосон нь нууц байдаг ч олон мянгаар тоологддог гэх таамаг бий. “Эмнести интернэйшнл”  байгууллагын таамаглаж буйгаар Хятадын цаазын гүйцэтгэл дэлхийн бусад орнуудад гүйцэтгэсэн цаазын ялаас хэд дахин их байж магадгүй гэнэ. Ойрхи Дорнодын орнуудад цаазын гүйцэтгэл 50 хувиар нэмэгдсэн бөгөөд 2010 онд цаазаар авах ял оноодог орнуудад 149 хүнийг цаазаар авсан нийт тооноос  давсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж