Тэдний зүгээс “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” хөдөлгөөн өрнүүлж, энэ хүрээнд Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 29-нд 10.00 цагт цуглаан зохион байгуулах гэнэ. Цуглааны үеэр ард иргэдийн санал бодлыг сонсч, атомын цахилгаан станцыг барихыг эсэргүүцсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулан, Засгийн газарт хүргүүлэх гэнэ.
“Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор эзэмшихээр 2009 онд тусгай хууль гаргаж, цөмийн ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлсэн билээ. Энэ хуулийг батлах гэж байхад хууль тогтоогчид, ард түмэн ч туйлын хүлээцтэй, амарлингуй хандаж байсан. Харин Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараагаар дэлхий нийт цөмийн энерги, энэ талаарх хууль дүрэм, бодлогоо эргэн харж, түүнээс татгалзах болсон байна. Үүний нэг баталгаа нь БНСУ-д болж буй “Цөмйн аюулгүй байдал” нэртэй дэлхийн дээд чуулган юм. Гэтэл Монгол Улс 2009 онд баталсан хуулийн үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжоо эргэн харах нь бүү хэл, энэ “түүхий хууль” дээрээ дөрөөлж, АЦС байгуулах, түүгээр зогсохгүй бусдын цөмийн хаягдлыг булшлах нууц гэрээ хийж байна хэмээн дэлхийн хэвлэл мэдээллээр шуугиж байна” хэмээн хурлыг зохион байгуулагчид мэдээлж байлаа. Тиймээс УИХ-ын гишүүдэд хандан, цөмийн энергийн тухай хууль тогтоомжоо эргэн харж, АЦС байгуулахыг болиулах, цацраг идэвхт ашигт малтмалын лиценз олголтыг зогсоох, гадны ба дотоодын цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх уриалга хүргүүлэх гэнэ.