“Хятадын ХБ-наас 400 сая ам.долларын зээл авна”

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

“Хятадын ХБ-наас 400 сая ам.долларын зээл авна”

Сангийн сайд Д.Хаянхярваа нь өмнөд хөршид гурав хоногийн айлчлал хийсэн юм. Энэ үеэр зээлтэй холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэснээ өнөөдөр мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Айлчлалын хүрээнд ямар асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэв гэдэгт хариулт өгөхгүй юу?

-Айлчлалынхаа хүрээнд бид Хятадын Хөгжлийн банк, Худалдаа, Сангийн яамныхантай уулзаж, манай улсад хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний талаар болон цаашид хамтарч ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тодруулж хэлбэл, БНХАУ-аас манай улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд үлдсэн 372 сая юанийг хэрхэн зарцуулах, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг юунд зарцуулах талаар ярилцлаа. Буцалтгүй тусламжийн хүрээнд үлдсэн 372 сая юанийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Үйлдвэр комбинат руу чиглэсэн 13 км авто замыг засах, мөн Гаалийн ерөнхий газрын барилга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгад дутагдаж байгаа санхүүжилтийг үүнээс олгох. Алтанбулаг, Сүхбаатар хотод чингэлэг тээвэр болон вагон тээврийн гентген аппарат суурилуулах тухай байлаа. Үлдсэн хөрөнгөөр нь Улаанбаатар хотын сургууль цэцэрлэг барих тохиролцоог хийлээ. Хятадын Экзим банк ч үүнийг зөвшөөрсөн. Харин 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд чацарганы үйлдвэр, гурилын тоногт төхөөрөмж авах мөн Улаанбаатар хотод барих зургаан гүүрэн гарц барихад зарцуулна. Дээрх гүүрэн гарцыг Хятадын тал барина. Монгол Улсын хувьд зураг төслийг нь гаргаад түлхүүр хүлээлгэн өгөх нөхцлөөр барих санал тавьсан. Хятадын талаас энэ тендерт оролцох компанийн нэрийг ирүүлэхээр болж тохиролцлоо.

-Хятадын Хөгжлийн банктай хамтарч ажиллах чиглэлээр бас гэрээ байгуулсан гэсэн үү?

-Хятадын Хөгжлийн банкнаас 400 сая ам.долларын зээл авах талаар гэрээ байгуулсан. Хятадын Экзим банк Сангийн яамны хооронд хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Гэхдээ Хятадын талаас тодорхой асуудлууд тавьсан, тухайлбал, Хятадын Экзим банкны ерөнхийлөгч “Хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжийн хүрээнд хийхээр тохирсон өмнөх ажлуудаа ойр ойрхон сольж садаа учруулж байна” гэсэн. Үнэхээр ч бас тийм нөхцөл байдал үүсгэж байгаа нь үнэн, тэгэхээр шүүмжлэлийг хүлээж авах л болж байгаа даа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж