Мэдлэг чадвар, хичээл зүтгэл, бүтээмж өндөр ажилтнуудаа ололт амжилтынхаа гол үндэс гэж үздэг Голомт банк ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ирсэн бөгөөд өнөөдөр төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, Японы GJM корпорацийн зөвлөх Хамамото Сан тус банкны ажилтан албан хаагчдад төслийн удирдлагын чиглэлээр сургалт зохион явууллаа.
Уг сургалтын зорилго нь төсөл удирдах чадварыг нэмэгдүүлж, удирдах чадамж болон бизнесийн үр өгөөжийг өсгөхөд оршиж байгаа бөгөөд сургалтанд тус банкны салбар нэгжүүдийн ахлах ажилтнууд хамрагджээ.
Голомт банкны ажилтан албан хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар ажлын төлөвлөгөө болон үнэлгээ боловсруулах, ажилд шаардлагатай боловсон хүчний баг бүрдүүлэх, төлөвлөсөн ажлын явц дунд өөрчлөлт, эрсдэл гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах чадварыг эзэмшиж байна.
Дашрамд дурьдахад Голомт банк орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон сургалтын танхимд ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тасралтгүй сургалт зохион явуулдаг бөгөөд өнгөрөгч оны тухайд л гэхэд 2119 ажилтнаа сургалтанд хамруулсан бөгөөд нэг ажилтанд дунджаар 36,4 цагийн сургалт оногдож байгаа юм.