
2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэж үзэж байгаа болон нэн тэргүүнд олон нийтийн хүсэн хүлээж байгаа нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг зохицуулахад чиглэсэн, хуулиар тогтоосон хугацаатай хууль тогтоомжийн төслүүдийг оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл тогтлоо. Түүнчлэн бусад асуудлын хүрээнд бэлтгэл нь бүрэн хангагдсан, Ажлын хэсгүүд хуралдаж Улсын Их Хуралд оруулахаар тогтсон асуудлуудыг мөн хэлэлцэх боломжтой гэж үзлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, Улсын Их Хурлын гишүүдийг хөдөө, орон нутагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзах үед тэдний зүгээс тавьсан саналыг нэгтгэж шийдвэрлүүлэхэд Тамгын газар анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Улсын Их Хурлын даргын дэргэд зөвлөлийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Улсын Их Хурлын даргын Захирамж гаргахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.