Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

БНМАУ-ын Ардын Их Хурлаар 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг иргэд шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэж заажээ. УИХ-ын сонгуулийн тухай хууль шинчлэгдэн батлагдсантай холбогдуулан Үндсэн хуулийн энэ заалтын үзэл баримтлал, санаа зорилго, хууль зүйн үр дагаврын талаар зарим улстөрч, хуульч, судлаачид өөр өөрийнхөөр тайлбарлан маргалдах боллоо.

Зарим нэг нь хэлэхдээ “Үндсэн хуулийн 21 нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг иргэд шууд сонгохоор заасан учраас аль нэг нам, эвслийг сонгож саналаа гаргадаг сонгуулийн пропорцианаль тогтолцооны хувилбар нь Үндсэн хуулийн энэхүү заалтад нийцэхгүй, нам сонгодог сонгуулийн тогтолцооны хувилбарыг сонгохын тулд Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн санал, бодлыг дэвшүүлж, тайлбарлан мэтгэлцэж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нэг нь “нам, эвслийг сонгодог сонгуулийн пропорцианаль тогтолцоог оруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан боловч тухайн асуудлаар Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ.

“Шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах эрх” гэсэн энэхүү Үндсэн хуулийн зохицуулалт ямар агуулга, хууль зүйн үр дагавартай, энэ нь сонгуулийн тогтолцоотой холбоотой эсэх, уг ойлголт манай улсын Үндсэн хуулийн эрх зүйд хэзээ, хэрхэн, ямар үндэслэлээр орсон, мөн түүнчлэн бусад орны Үндсэн хуульд энэ тухай зохицуулалт байдаг эсэх, байдаг бол түүний үр дагавар нь хэрхэн илэрдэг, ер нь сонгуулийн тогтолцоог аливаа улс өөрийн улсын Үндсэн хуульдаа заадаг эсэх  талаар судлаач миний бие өөрийн судалгааны үр дүнд үндэслэн, үзэл бодлоо Та бүхэнтэй хуваалцъя.

Юуны түрүүнд энэ асуудлын эх үндэс, үзэл санааг олохын тулд өөрийн орны Үндсэн хуулийн эрх зүйн түүхэн уламжлалыг эргэн харж, дүгнэн тунгаах нь чухал гэж бодлоо.

Манай улсын хувьд дэлхийн бусад орны төр, эрх зүйн нийтлэг хөгжлийн нэг адилаар Үндсэн хуульт Бүгд найрамдах засаглалтай тусгаар тогтосон улс болсноос хойш даруй 90 орчим орчим жилийг ардаа үджээ. Анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсанаас хойш 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хууль маань гурван удаа хуулийн шинэчилсэн найруулгын хэмжээнд буюу шинэ хууль хэлбэрээр батлагдсан байна.

Хэдийгээр  Монгол Улсын Үндсэн хууль нь дотоод агуулгын хувьд БНМАУ-ын  Үндсэн хуулиудаас илүү ардчилсан, дэвшилттэй буюу нийтийн эрх ашигтай зэрэгцүүлэн хувийн эрх, эрх чөлөөг тунхаглаж, олон ургальч үзлийг баталгаажуулсан, нийтийн болон хувийн эрх зүйн харилцааг ардчилсан зарчмаар зохицуулсан шинжийг өөртөө агуулдаг боловч Монгол Улсыг БНМАУ-ын шууд үргэлжлэл байхаар томьёолж, БНМАУ-ын Үндсэн хуулиудад байсан зарим зарчим, зохицуулалт, хэм хэмжээг, тухайлбал шууд сонгох иргэний улс төрийн эрхийн тухай зарчим тогтоосон заалтыг шууд дамжуулан авсан байдаг.

БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуулийн 80 дугаар зүйлд “…депутатын хурлуудад депутатыг сонгохдоо нийт, шууд, тэгш сонгуулийн эхийг үндэслэж сонгогчид саналаа саналаа нууцаар гаргаж гүйцэтгэнэ”, 84 дүгээр зүйлд “Депутатыг сонгох сонгууль шууд байх. Үүнд: …бүх хурлыг ард иргэдээс сонгохдоо шулуун сонгоно” гэж заасан байна. 

Энэхүү заалт нь АИХ-ын 1949 оны Үндсэн хуульд өөрчлөлт ба нэмэлт оруулах тухай 9-р тогтоолоор орсон Үндсэн хуулийн өөрчлөлт бөгөөд шулуун, шууд сонгох сонгуулийн журмын талаар БНМАУ-ын АИХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган дээр Ю.Цэдэнбалын тавьсан илтгэлд “…1949 онд манай сонгуулийн системийг өөрчилж олон шаттай, тэгш бус, ил сонгуулийн оронд нийтийн тэгш, шууд бөгөөд саналаа нууц гаргах сонгуулийн журам тогтоосон билээ” гэсэн байдгаас үзэхэд тухайн үед шууд бус, төлөөллөөр хэрэгждэг сонгуулийн журмыг халж, шууд, нууцаар саналаа гаргадаг сонгуулийн журамд шилжсэн байна.

Улмаар шууд сонгох сонгуулийн журмын тухай БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд “…хурлыг БНМАУ-ын иргэд нийтээрээ тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно”, түүнчлэн БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1990 гуравдугаар сарын 23-нд батлагдсан хуулийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “… хурлын депутатуудыг БНМАУ-ын иргэд нийтээрээ тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно”  гэж тус тус үргэлжлүүлэн заажээ.

Цаашлаад шууд сонгох сонгуулийн журмыг Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэж мөн л дамжуулан заасан байна.

Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь шууд сонгох сонгуулийн журам тогтоосон заалт байх бөгөөд хууль зүйн үр дагавар, тогтоож буй зарчмын хувьд энэ талаар БНМАУ-ын Үндсэн хуульд заасан заалттай ижил  агуулгатай байна. Өөрөөр хэлбэл 1949, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлт, 1960 оны Үндсэн хуульд иргэдийн шууд сонгох эрхийн талаархи заалтуудыг агуулга, хууль зүйн үр дагаврын хувьд 1992 оны Үндсэн хуульд шууд дамжуулан оруулсан нь тодорхой байна.

Магадгүй зарим уншигч маань Монгол Улсын Үндсэн хуулийг БНМАУ-ын Үндсэн хуультай харьцуулан тайлбарлаж болохгүй гэж бодож байгаа байх. 1992 оны Үндсэн хууль нь ерөнхий агуулгын хувьд урьд урьдын Үндсэн хуулиудаас хавьгүй илүү хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж заасан хэдий ч, тусгайлсан зарим харилцааг зохицуулсан зохицуулалтад харин ч эсрэгээрээ БНМАУ-ын Үндсэн хуулиудаас ухарсан шинжийг өөртөө агуулдаг. Жишээ нь, БНМАУ-ын 1949, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлт болон БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд сонгуулийн ТЭГШ эрхийн зарчим тусгагдсан байсан бол 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд энэхүү сонгуулийн ТЭГШ эрхийн зарчим хасагдсан байдаг. Үүний улмаас өнөөдрийг хүртэл сонгуулийн тэгш эрхийн зарчим алдагдсаар байгаа.

Шууд сонгох сонгуулийн зарчим нь ардчилал өндөр хөгжсөн гадаад орнуудын Үндсэн хуульд ч мөн тусгалаа олсон байдаг билээ. Тухайлбал, Герман улсын Үндсэн хуульд шууд сонгох сонгуулийн зарчмыг тусгайлан заасан байдаг нь агуулга, үр дагавар, зарчмын хувьд БНМАУ-ын Үндсэн хуулиуд, Монгол Улсын Үндсэн хуулийн энэ талаархи заалттай ижил байдаг. Германы Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “Германы Бундестагийн гишүүнийг нийтээрээ, шууд, чөлөөтэй, тэгш бөгөөд саналаа нууцаар гаргаж оролцох сонгуулийн үндсэн дээр сонгоно…” гэж заасан байдаг нь тус улсын сонгуулийн тогтолцоо (можиратарь, пропорцианаль, холимог)  ямар байх  буюу хүнийг сонгох, намыг сонгох эсэхэд огт хамааралгүй байгаа юм. Нотолгоо нь Герман улсын Бундестагийн гишүүнийг сонгох сонгуульд улс төрийн намыг сонгодог сонгуулийн холимог тогтолцооны хувилбар хэрэгжиж байгаа явдал юм. Энэ нь цаашлаад тус улсад ямар нэг Үндсэн хуулийн эрхзүйн зөрчлийг үүсгэдэггүй ажээ. 

Дээрхээс дүгнэхэд “шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах” тухай Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт нь зөвхөн хүнийг л сонгох, дугуйлах гэсэн агуулгыг илэрхийлэхгүй байгаа бөгөөд харин сонгогчоос өөрийн саналаа хэн нэгнээр дамжуулахгүй зөвхөн өөрөө шууд гаргах тухай сонгуулийн журам тогтоосон зохицуулалт гэдэг нь харагдаж байна.

Иймд МУИХ-ын сонгуулийн хуульд нам сонгодог буюу намаар дамжин УИХ-ын гишүүнийг сонгогч өөрийн биеэр шууд сонгож, санал өгдөг сонгуулийн пропорцианаль элемент орсон нь Үндсэн хуулийн зөрчил болохгүй юм.

Судлаач, хуульч Н.Ариунболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж