ЗХУ-ын үед хөөргөж байсан анхны цаг агаарын хиймэл дагуул агаар мандлын давхаргад орж ирсэн талаар РИА Новости мэдээлэв. АНУ-ын Стратегийн командлалын сайтад мэдээлснээр “Метеор-1” хиймэл дагуул өнөөдөр дэлхий дээр унах магадлалтай аж. Мэргэжилтнүүдийн уртраг, өргөрөгийн тооцоогоор хиймэл дагуул Монголын Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос баруун өмнө зүгт 120 орчим км зайд унаж магадгүй гэнэ.
“Метеор-1” хиймэл дагуулыг 1969 оны гуравдугаар сарын 26-нд Плесецк сансрын төвөөс хөөргөж байжээ. Энэ хиймэл дагуул нь жил гаруй хугацаанд дэлхийн цаг агаарын талаарх өгөгдлийг ЗХУ болон бусад орны цаг агаарын төвд дамжуулж байсан юм. НАСА-гийн мэдээлснээр 1.2 тонн жинтэй хиймэл дагуул 1970 оны долдугаар сард ажиллахаа больсон ажээ.
Н.Тунгалаг