Улстөрчдийн зодооны үл тасалдах учиг

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн зодооны үл тасалдах учиг

Улстөрчид хор найруулахаас илүүтэй үүнийхээ балгаар “үсдэж”, зодолдохдоо гаргуун байдаг болж. Гаргуун ч гэж дээ, тэдний зодооны дуулиан зөвхөн одоо ч бус өмнө нь ч бичигдэж байсан. Үүнийгээ “Эр хүний ёсоор үзэлцсэн” гэх ухааны тайлбараар л аргацаадаг болохоос бус тэдний эвдрэлцэл цаг мөнхөд үргэлжлэхтэй адил “Улстөрчдийн зодооны олон учиг” гэсэн сэдэв цаашид ч баялаг байх нь тодорхой.
Эдгээрээс хамгийн сонирхолтой толхилцооны нэг нь УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир хийгээд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зодоон. Тухайн үед У.Хүрэлсүх нь Э.Мөнх-Очирыг цахилгаан сандалд суулгасан, үүнийг нь МАХН-ын төв байрны ажилтнууд харж байсан гэх дуулиан дэгдэж байв. Өнөө цагийн МАХН-ыг гартаа авсан МАСЗХ-наас эхтэй У.Хүрэлсүхийн бүлэглэл Э.Мөнх-Очирт таалагддаггүй. Шалтгаан нь УИХ-ын дарга Л.Энэбиш агсны хүүгийн хувьд орыг нь залгаж, улс төрд өөрийн “өрх”-ийг татах хүслээ хатуу тунхагласан Э.Мөнх-Очирын зан авир юм. Тэрбээр хэзээний өөрийн дур зоргоор зангаа түрээ барьж хүссэн үедээ хэнээс ч айлгүй намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцчихдэг нэгэн. Ингэхдээ бусдын өмнөөс хатуу ширүүн үг чулуудахаас татгалзана гэж үгүй. Харин У.Хүрэлсүхийн хувьд өөрийгөө цэргийн хүн гэдэгтээ хэт итгэж, бусадтай эр хүний ёс жаягаар ярилцах гол арга нь зодож, цохих гэж үздэг. Ийм хоёр том зангаас үүдэлтэй зөрчил олон жил үргэлжилсэн гэдгийг Э.Мөнх-Очир гишүүн нуугаагүй. Энэ талаараа нэгэн ярилцлагад “Одоо бидний зөрчил дуусгавар болсон” хэмээсэн нь зодооны дараах мэдэгдэл байв. Зайлшгүй зодолдож, нэг нэгнээ заамдаж, цохиж байж учир нь олдох ёстой зөрчил байсныг бодоход хатуухан тэмцэл байсан нь ойлгомжтой. Нэг нь цаг үргэлжийн элит гарал үүслээрээ ихэрхдэг байхад нөгөөх нь алдагдсан МАХН-ыг улаан цээжээрээ хамгаалсан гэдгээрээ аархах дуртай. Гол нь тэдний зодооны түүх үүгээр дуусахгүй.
У.Хүрэлсүх нь “Уламжлал-Шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүрийн идэвхтэн гишүүдэд гар хүрэхээс хэзээ ч татгалзахгүй нэгэн. Болж л өгвөл хатуу аавын хатуу дэгээр алганы амт үзүүлэх нь түүний сонгодог шийдэл. Нэг ёсны У.Хүрэлсүхийн хувьд өөрийнх нь бодлын эсрэг зүгт хөдөлсөн, үг хэлж, үглэж дуулсан хэнийг ч болов “няц дарах”-ын тулд гар далайх нь хэвийн үзэгдэл юм. Өөрийнх нь тэргүүлдэг МАХН-ын Зүүний хүчний холбоонд ч иймэрхүү шийдэлтэй хүн нэгээр тогтохгүй байгаа бололтой юм билээ. Учир нь, нөгөө л дуулиан шуугианыг өөр дээрээ татаж, наах “дуртай” Э.Мөнх-Очир гишүүнийг гэхэд л тус холбооны дэд зохицуулагч Ц.Батбаяртай нударга зөрүүлээд авсан гэдэг. Ерөнхий нарийн бичгийн даргынх нь өөдөөс цор цор хийдэг хүн Ц.Батбаярт таалагдаагүй байж мэднэ. Тиймээс ч У.Хүрэлсүх болоод Э.Мөнх-Очирын зодооны дуулиан намжаагүй байхад архины халуунаар Э.Мөнх-Очир гишүүнд агсам тавьж, гар далайгаад авсан. Энэ нь тухайн үедээ УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гишүүнийг “нэр нэгтийн чих нэг” гэдгээр сандаргав. “Та Э.Мөнх-Очир гишүүнтэй нударга зөрүүлсэн юм уу” гэх сэтгүүлчийн асуултад мөнөөх гишүүн тэр даруйд нь тайлбар өгч байв. Ямартай ч эндээс харахад Зүүний хүчний холбооны гишүүд У.Хүрэлсүхийн арга барилд гайгүй сайн гаршиж буй бололтой.

Тэгвэл дараагийн нэг жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийгээд Ж.Сүхбаатар гишүүний талаарх мэдээ. Хэдийгээр энэ хэрэгт Ж.Сүхбаатар гишүүн хохирогч болсон ч эх үүсвэр нь түүний хэвлэлд өгсөн ярилцлага. Залуу улстөрчийн зангараг гаргаж “Улс төрийн нам өөрчлөгдөх ёстой. Нам яагаад өөрчлөгдөх ёстой гэхээр одоогийн зохион байгуулалтын улмаас тодорхой бүлэг, мэргэжил чадваргүй, ёс суртахуунгүй этгээдүүд албан тушаалд очиж байна. Үүнийг МАХН-д ч гэсэн шинэчлэх талаар ажиллаж байгаа. Улстөрчид өөрчлөгдөж, шинэчлэгдэх цаг болсон. Шинэчлэгдэж чадаагүй нь зайгаа тавьж өгөх цаг болж” хэмээн ярьсан нь Ц.Нямдорж даргын уурыг хүргэж гэнэ.
МАХН-ын Бага хурал болсон өдөр сонинд хэвлэгдсэн уг ярилцлагыг Ц.Нямдорж сайд уншсан даруйдаа уур бухимдлаа тэр хавиар нэг дэлгэж, эгээтэй л үсэрч цовхроогүй юм байх. Маргааш нь Ж.Сүхбаатар гишүүн рүү ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж архины шил чулуудаж, “Чамайг би байхгүй болгоно” гэх утгатай сүрдүүлэг, заналхийлэл хөврүүлсэн байна. Улмаар тэрхүү бухимдлаасаа гарч чадахгүй олон өдөр явсны эцэст өрөөнд нь орсон Ж.Сүхбаатар гишүүнийг заамдаж, цамцных нь товчийг тасдаж, хоолойнд нь улаан эрээн ором гаргаад авчээ. Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн сайд, тэр дундаа парламентад насаа элээж буй Ц.Нямдоржийн хувьд гаргаж болохгүй үйлдэл. Үгүй ядах нь ээ л түүнтэй бараг л нас чацуу аав минь ийм хэрэг өдүүлээд явбал үр хүүхэд бид нь нүүрээ хаана хийхээ мэдэхгүй болмоор санагдана. Гэтэл Ц.Нямдорж сайдад “Шинэчлэгдэж чадаагүй нь зайгаа тавьж өгөх цаг болж” хэмээсэн Ж.Сүхбаатар гишүүний үг өөрийг нь өөрт нь зураглаад өгчихсөн бололтой.
Уг нь тэр ярилцлагад “Ц.Нямдорж мэтийн шинэчлэгдэж чадаагүй улстөрчид…” гэсэн өгүүлбэр огт байхгүй. Харамсалтай нь, тэрбээр Ж.Сүхбаатар гишүүний ярилцлагаас өөрийгөө олоод харчихжээ. Энэ нь ажиг ч гярхай, өөрийнхөө талаар их сайн мэддэг, дотроо “Би чинь ийм хүн шүү” гэсэн дүгнэлттэй явдаг хүний онош байх нь гарцаагүй. Гаднаа ч тэр, дотроо ч тэр өөрөөсөө өөр хамгаалалтгүй болсон Ц.Нямдоржийн хувьд өнөөдөр нөхцөл байдал эргэлзээтэй болж байна. Ингээд бодохоор өөрөө л уурсаж, бухимдан, дургүйг нь хүргэсэн хүнийг “зодож” ч болов айлгахгүй бол өөр хэн Ц.Нямдорж сайдыг хамгаалах билээ. Энэ нь ёстой л үхэхдээ үхэр буугаа тавина гэгчийн үлгэр болов бололтой. Ингэснээр Ц.Нямдорж тэргүүтэй насаараа парламентын засаглал дотор өөрийгөө иж бүрэн “зэвсэглэсэн партизанд” тооцсон олон ахмадуудын дургүйцэл МАХН-ын залуус руу нударга болж очих цаг ойрхон болжээ.
Харин Ж.Энхбаяр гишүүний хувьд Улаанбаатар хотноо бус орон нутагт өөрийн  зодооны сургийг аль хэдийнэ нотолчихсон. Энэ зөрчил бусдын өгсөн тусламжийн мөнгийг хэрхэн “үрэх вэ” гэдгээс үүдэлтэй. Тэрбээр Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд Хөшөөтийн уурхайг эзэмшигч “Мон-Энко” компанийн аймгийн захиргаанд хандивласан 40 сая төгрөгийн тусламжийг хааш нь өгөх вэ гэдгийг зааж зааварласнаар нударган зодоон эхэлсэн гэдэг. Түүний хувьд дээрх тусламжийг Алтай болон Цогт гэсэн хоёр суманд олгох нь зүйтэй хэмээж. Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Эрдэнэбат нь “Орон нутгийн удирдлага гэж байхад чи бидэнд битгий заагаад бай” хэмээн хэдэрлэж. Мөн тэрбээр энэ үеэрээ өөрийн төрсөн нутаг болох Тонхил суманд 40 сая төгрөгөөр “бэлэг барина” гэж Ж.Энхбаяр гишүүний уурыг хүргэсэн гэдэг. Ингэснээр нэгэн цагт цэргийн сургуулиа хаяж, ганзагын наймаанд мордож явсан залуу гишүүнд нөгөө л “эр хүний ёсоор ярилцах хэрэгтэй” гэсэн хэрэггүй санаархал төрсөн нь түүнийг эр хүн шиг ярилцах алхам руу түлхсэн байх.
Тэгвэл улстөрчдийн зодооны хуучраагүй нэн шинэ түүх бол Р.Амаржаргал гишүүн хохирогчоор тодорсон үйл явдал. Тэрбээр хэзээний дургүй хүндээ гар хүрч, боевик гэдгээрээ алдартай Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Билэгтэд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр нүд рүүгээ цохиулаад авсан. Б.Билэгтийн хувьд энэ нь удаан хугацааны буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс бодож явсан өширхөл байсан гэдэг. Учир нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн ажлыг Ховдод удирдсан Р.Амаржаргал гишүүн тухайн үед намаасаа авсан төсвөө бараг л хэрэглээгүй гэнэ. Нэг ёсны сул зардал болгож, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болгочихсон гэх. Гэхдээ энэ бол Б.Билэгтийн өөрийнх нь дүгнэлт. Өөр хэн ч ийм шүүмжлэл хийж, гар далайгаагүйг бодоход Р.Амаржаргал гишүүнийг буруутгаад хэрэггүй л болов уу. Тэгээд ч Р.Амаржаргал гишүүн шууд л нударган зодооны гол баатар болоод “бүжиглэчих” түрэмгий хүн биш байлтай. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг үг бий гэдгийг санахад илүүдэхгүй л болов уу.
Дээрх жишээнээс харахад улстөрчдийн зодоонд өөр өөрийн учир шалтгаан  бий гэдэг нь тодорхой харагдах аж. Цаашид ч тэдний сөргөлдөөн нударга зөрүүлэж болзошгүй юм. Гол нь тэр тохиолдол бүрт хохирогч нь гомдол гаргадаггүй, хохироогч нь гэм хүлээдэггүй энэ гаж зуршлыг халах цаг нэгэнт болжээ. Гудамжинд яваа жирийн нэг иргэний өдүүлсэн зодоон цаг ямагт шүүх цагдаад  хүрч, тэдний амьдралд их багаар хариуцлагыг мэдрүүлээд өнгөрдөг. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүн зодсоныхоо төлөө өөрийгөө “Ардын баатар” хэмээн өргөмжлөөд өнгөрвөл үүн шиг эмгэнэл гэж үгүй. Мөн Р.Амаржаргал, Ж.Сүхбаатар нар ч гэсэн “Зодуулах нь зодуулсан” гэдгээс өөр гомдол мэдүүлэхгүй, улс төрийн тогоон дотор нам жим дарвал энэ нь зүгээр л нэг хөнгөн зугаа төдийхнөөр дурсагдах биз. Иймд улстөрчид нь хариуцлагаа хүлээж, улстөрчид нь хариуцлагыг нь үүрүүлдэг байх шударга зарчим байдаг гэдгийг сануулах хэрэгтэй болов уу. Өөрөө булхайтай болоод л нуун дарагдуулдаггүй юм бол шүү дээ.

ДУУСААГҮЙ БАРИЛГЫН ӨМНӨ ТӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСГҮЙ

Монголд, төдийгүй дэл­хий дахинд эдийн засгийн хямралтай тулгарахаас өм­нөхөн 2008 онд барилгын салбарлуу  хүн бүр хошуур­сан. Гэвч төдий л удаагүй эдийн засгийн хямрал нүүр­лэж зөв­хөн барилгын тө­дийгүй олон салбар уналтад ороод байгаа юм. Зарим компани үүнээс урьтаж барилгын ажлаа дуус­гасан боловч одоог хүртэл үйл ажиллагаа нь явагдахгүй гацчихсан барилгууд хотоор дүүрэн болсон.  Яах нь ший­дэгдээгүй удсан эдгээр барилгууд Нийслэлийн өнгө төрхөд муугаар нөлөөлж буй. Хүнээр бол араг яс шиг болсон эдгээр барилгууд хэзээ ба­ригдаж, ашиглалтад орох, төр, засгаас үзүүлэх ямар нэгэн дэмжлэг бий эсэх нь хэнд ч тодорхой бус байна.
Эдгээр барилгууд нь сан­хүүжилт байхгүйн улмаас үргэлжлүүлэн баригдахгүй га­цаанд ороод байгаа гэсэн нийтлэг тайлбар байх аж. Дээр нь хоног өнгөрөх тусам үнэ өртөг нь нэмэгдэх горьдлого эздэд нь бай­даг хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байв. Газрын төлбөр, материалын үнэ, ха­руул хамгаалалт гээд олон төрлийн урсгал зардлууд нэмэгддэг гэнэ.
Хувийн компаний барьсан барилгууд түгжигдэх, хөрөнгө дутах асуудал их гардаг хэ­мээн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Газрын дар­га Д.Мягмар хэллээ. Ер нь хувийн компанийн ийм асуудлыг Засгийн га­­зар хариуцан дэмжих ёсгүй аж. Гэвч сүүлийн жи­лүү­дэд Засгийн газраас эдийн засгийн хямралд өр­төөд байгаа барилгын ком­паниудыг дэмжих ажлыг багагүй хийж, хангалттай дэм­жиж байгаа. Ахмад дай­чин, төрийн албан хааг­чийн орон сууц гээд олон тө­сөл хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгийн эх үүс­вэр татах, хөрөнгөөр ба­тал­гаажсан үнэт цаасны зээ­лийн хуулиудын төслийг УИХ-д хүргүүлэхээр тус яамныхан ажиллаж буй гэнэ. Өнгөрсөн 11 дүгээр сарын 20-нд барилгын салбарыг санхүү эдийн засгийн хүнд­рэлээс гаргахаар 180 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас зах зээл дээр гаргасан боловч төдий­лөн үр дүн мэдэгдээгүй. Мөн гүйцэтгэл  нь 70-80 хувь­тай байгаа компаниудад урт хугацаатай зээлийг борлуулалтын да­раа эргэн санхүүжилтэд оруу­ла­хаар өгч байгаа гэнэ. Засгийн газар эдгээр дутуу баригдсан барилгуудад их хэм­жээний мөнгийг өгөх бо­ломжгүй ажээ. Одоогийн байдлаар барилга барих со­нир­холтой байгууллагууд олон  байгаа аж. Хятад улсын Засгийн газраас авч буй 300 сая ам.долларын зээ­лийн 100 саяыг орон сууцны барилгын салбарт зо­риу­лахаар төлөвлөжээ. Энэ 100 сая ам.долларын төсөв батлагдаж, санхүүжилт, хөрөнгө оруулагчийг Засгийн газар шийдсэн тохиолдолд орон сууцны барилгын үйл ажиллагаа эрчимжиж хэвийн болно хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Өнгөрсөн оны байдлаар ашиглалтад ороогүй барил­гын тоо улсын хэмжээнд 25000 байсан бол энэ жил үүнээс 7526 нь ашиглалтад ор­жээ. Үлдсэн нь хөрөнгийг эх үүсвэр хэрэгтэй гэнэ. Эх үүсвэрийг хоёр дахь зах зээлээс мөнгө босгох замаар олох арга байгаа аж. Манай улсад одоогийн байд­лаар эх үүсвэрийг олох хам­гийн боломжтой салбар нь уул уурхай. Уул уурхайн бүтээгдэхүүнийг барьцаалж, эргэн   төлөгдөх бол­золтой­гоор эх үүсвэрийг олох нь зөв хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Ингэснээр Засгийн газ­раас хэрэгжүүлэх гэж буй 100000 айлын орон сууц төсөлд багтан гүйцэтгэл дутуу барилгуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий гэнэ.
Банкуудын хувьд үйл ажиллагаа нь зогссон барил­гад зээл олгох төдийлөн со­нир­холгүй байдаг хэмээж байлаа. Зээлийн эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан компаниудад нэмж зээл өгөхөд илүү эрсдэл гарахаас болгоомжилдог гэнэ. Арилжааны томоохон банкууд судалгаа хийсний дүнд барилгын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй компанид зээл өгдөг ажээ.  
Барилгын компаниуд анх­наасаа эрсдэлээ тоо­цоо­гүйгээс ийм асуудал үүсдэг юм байна. Одоогийн байдлаар барилгын салбарт хөрөнгө оруулах боломжтой дотоодын компани, бай­гуул­лага төдийлөн байхгүй гэсэн судалгаа гарчээ. Анх­наа­саа эрсдэлгүйгээр үйл ажил­лагаагаа яаж явуулах эсэхээ тооцоогүйгээс ийм бай­далд хүрээд байгаа. Орон сууцны барилгын бор­луулалт сайн байсан  тэр үеийг үргэлжлээд л байх юм шиг бодож өөрөө өөрсдийгөө га­цаанд оруулсан хэмээн ба­рилгын салбарынхан үз­дэг гэнэ. Тухайн компани өөрсдөө хөрөнгө оруулагч, гүй­цэтгэгчийг давхар хариу­цан хийдэг.  Хэрвээ эдгээр хариуцлагыг тус тусдаа үүр­дэг байсан бол барилгын ком­паниуд өдийд ингээд сууж байхгүй байсан болов уу.

Г.Отгонжаргал.
 Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж