Тус компанийн удирдлагын энэхүү мэдэгдэл нь Тавантолгойн Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулагч сонгуулиас өмнө тодрох магадлалыг улам буурууллаа гэж хэлж болохоор байна. Хятадын тал ч сонгуулийн дараа хэлэлцээр хийсэн нь дээр гэж үзэж буй бололтой. “Шинхуа”-гийн хувьд “Тавантолгой”-н Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт оролцогч талуудаас Хятадын зах зээлд өөрийн гэсэн борлуулалтын сүлжээг бий болгосон, улсдаа компанийн эзэмшлийн төмөр замын дэд бүтэцтэй гэдгээрээ ихээхэн давуу юм.
Харин Монголын нүүрс олон улсын зах зээл рүү гарах тухайд одоо хэр нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь Хятад, Оросын дотоодын төмөр зам дотоодынхоо ачаа тээвэрлэлтийн ачааллыг дийлэхгүй тал руугаа хандаж буйг олон улсын шинжээчид анхааруулдаг. Өмнөд Солонгосоос уг тендерт оролцож буй “Корес”-ын тэргүүн энэ асуудлыг шууд анхааруулж байсан. Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсийг олон улсын зах зээлд гаргаж чадна гэж ярихад хэтэрхий эрт байна.
Б.Төгс