С.Жавхлангаас сонирхсон цөөн асуултад хариулт авсан юм.
-Та УИХ-д нэр дэвшихгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Яагаад үзэл бодлоосоо ухрах болов?
-Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан. Гэвч хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр намайг нэр дэвшинэ, Увс аймгаас нэр дэвшинэ хэмээн бичиж, миний дуулсан дууг хүртэл өөлж, гоочилж эхэлсэн. Мөн урьд нь нэг удаа бүтэлгүйтсэн болохоор намайг айгаад нэрээ татлаа хэмээн шуугисан. Миний цөс хөдөлсөн, би эр хүн шүү дээ.
-Та хаанаас нэр дэвших вэ?
-Одоогоор хаанаас нэр дэвшихээ шийдээгүй л байна. Тухайн үед нь мэдэгдье.
-Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргасан уу?
-Урьдны сонгуулиар ярьж байсан зүйлүүдээ л хэрэгжүүлнэ. Ер нь бол өнөөдрөөс ингээд сонгуулийн кампанит ажил эхэлсэн гэж ойлгож болно. Хамгийн гол нь би энэ 76 эрхмийг монгол дээл өмсүүлж, монгол олбог дээр суулгадаг болгосон цагт л улс төрөөс нэрээ татна.
-Та УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших үү. Эсвэл аль нэг намаас таныг нэр дэвшүүлэх хүсэлт ирсэн үү?
-Одоогийн байдлаар тийм санал ирээгүй л байна. Ямартай ч Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, монгол дээл өмсдөг хүн байвал аль нам байх нь хамаагүй, би дэмжиж хамтран ажиллана.
-Та УИХ-д сонгогдвол цаашид дуугаа дуулах уу?
-Миний хоолой бол Оюутолгой шиг устаж үгүй болохгүй, хэн нэгний эзэмшил болохгүй. Энэ бол миний хувийн эзэмшил, хувийн уурхай. Тиймээс дуулсаар байх болно.