Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Энэтхэг улсын хамтарсан Засгийн газар нүүрсний үнийг хэт доогуур тогтоосны улмаас 210 тэрбум ам.долларын алдагдалд орсон тухай “Financial Times”-аас мэдээлжээ. Энэхүү явдал нь тус улсын Засгийн газар хэд хэдэн удирдлагын алдаа гаргасан болохыг мөн нотолж байгаа гэнэ. 

Өнгөрсөн долоо хоногт гарсан энэхүү шуугиант мэдээлэл нь тус улсын нүүрсний зах зээлийн өрсөлдөх чадварт ноцтойгоор нөлөөлсөн тухай Энэтхэгийн аудитын ерөнхий газрын тайланд дурджээ. “Financial Times”-т нийтэлсэн уг тайлангийн мэдээллээс дүгнэхэд нүүрс бэлтгэн нийлүүлэх нийт 86 төсөвт хэлэлцээрийн 60 хэлэлцээрийг 2011 оны гуравдугаар сард эхлүүлэх байсан ч заасан хугацаанд эхлүүлээгүй байна. Төлөвлөсөн зорилтоос даруй 50 хувиар доогуур байгаа энэхүү үзүүлэлт нь тус улсын нүүрсний үйлдвэрлэлийг уналтад хүргэсэн аж. “Холбогдох албанынхан болон үйлдвэрлэл хариуцсан албад эдгээр төсөлд хариуцлагагүй хандсан эсвэл үйлдвэрлэх хугацааг удаашруулсаны улмаас ийм байдалд хүрсэн” гэх мэдэгдлийг тайланд тусгажээ. Мөн энэ салбарын бусад төсөл газрын маргаан, байгаль орчны шийдэгдээгүй асуудал эсвэл уул, уурхай эрхлэх зөвшөөрөл зэргээс улбаалан ойрын найман жилдээ хэрэгжихгүй байх магадлалтай болохыг албаны тайланд онцолсон байна.

Энэтхэг улс нь нүүрс үйлдвэрлэлээрээ дэлхийн гурав дах том нийлүүлэгч боловч Засгийн газрын буруу удирдлага улсын хувийн хэвшлийнхэний нүүрсний хэрэгцээг Индонез, Австрали зэрэг гадны улсаас хамааралтай болгоход хүргэж байгаа аж. Ашигт малтмалын лицензийг зах зээлийн ханшаар доогуур үнэлэн худалдаалах нь салбарыг уналтад хүргэж болзошгүй гэх таамаг байсан. Үүнтэй холбоотойгоор 2004 онд улсын үйлвэрлэлээ дэмжих зорилгоор дотоодын зах зээлээ түшиглэсэн системийг бий болгохоор зэхэж байсан ч нүүрсний салбарынхан эрс эсэргүйцэж байв.

Энэхүү мэдээлэл тархсаны дараа Ерөнхий сайдын тамгын газраас няцаасан мэдэгдэл хийжээ. Мөн тус улсын аудитын ерөнхий газрын дарга тайланд дурдсан мэдээлэл нь урьдчилсан таамаг бөгөөд хэвлэл мэдээллийнхэн хэт дөвийлгөн олон нийтэд хүргэсэн хэмээн өнгөрөгч долоо хоногийн сүүлээр хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Уг хэргийн дараа Энэтхэг улсын Засгийн газар нүүрсний салбарт шинэчлэл хийх систем боловсруулан лиценз олголтын асуудалд чиг өгөх зорилго бүхий удирдамжийг энэ зундаа багтаан гаргах болжээ.

Шинжээчдийн хэлснээр төлөвлөгдөж буй системийн үр өгөөж нь удаан байдаг ба эрчим хүчний салбар нь хараат байдаг энэ улсад “ногоон гэрлээр” хэрэгжихгүй байх эрсдэлтэй гэжээ. Энэтхэгийн “KPMG India” санхүү, аудитын байгууллагын Эрдэс баялаг, дэд бүтцийн газрын дарга Арвинд Махажан хэлэхдээ “Дуудлага худалдааг ил тодоор явуулах нь орлогыг нэмэгдүүлдэг. Үүнийг хэрэглэгчид дунд нэвтрүүлэх нь тэд нүүрсийг илүү өндөр үнээр худалдаж авна гэсэн үг. Энэ нь эргээд эрчим хүчний үнэд нөлөөлнө гэж ойлгох хэрэгтэй. Засгийн газар хэзээ энэ байдалд илүү анхаарал хандуулж, нүүрсний компаниудад чөлөөт зах зээлд өрсөлдөх боломж олгох вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байна” гэжээ.
 

Б.ҮҮРИЙНТУЯА

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж