“Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал маргааш Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болно. Шүүх хурал болохтой холбогдуулан “Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэл тэргүүтэй дөрвөн шүүгдэгчийн ар гэрийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяа, ах, Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг, О.Зоригт, Г.Ганбаатар нарын гэр бүлийн хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Тэд энэ үеэр маргааш болох шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч буйгаа дуулгалаа. Түүнчлэн шүүх хурлааас цагдаагийн хуучин удирдлагуудад ял оноовол гэм буруугаа нотолж, нэр төрөө цайруулах хүртэл тэмцэнэ гэв. Цагдаагийн ар гэрийн холбоо ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэл “Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн Ерөнхийлөгч дахиж сонгогдоо ч уу, үгүй ч үү. Харин цагдаагийн дарга нар хэлмэгдэж хоригдвол бид насан туршдаа гомдол нэхэх болно” гэв.
Маргааш цагдан хорих төвд цагдаагийн ар гэрээс тодорхой тооны хүмүүсийг шүүх хуралд оролцуулахаар болжээ. Тэд хэвлэлийн хурлын үеэр “Цэргийн гэмт хэргээр зүйлчилсэн нь буруу, Ч.Амарболдыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй байсан, цэргийн гэмт хэргээр зүйлчилсэн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байхад хэргийг түдгэлзүүлэхгүй байгаа нь хууль зөрчиж байна” гэх зэрэг өмнө хийж байсан мэдэгдлээ давтан ярьсан юм. Цагдаагийн ар гэрийнхний ярьсан дээрх асуудлуудад холбогдох хууль хяналтын байгууллагаас албан ёсны байр сууриа илэрхийлж, тайлбар өгсөн билээ.
С.ОТГОН