Цөмийн аюул заналхийлж буйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Цөмийн аюул заналхийлж буйг анхааруулав

Сөүл хотод болсон Олон улсын цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак нар дэлхийд өөрсдийн ноёрхлыг тогтоох гэж санаархагчдын цөмийн зэвсгээр далайлгасан аюул заналхийлж буйг анхааруулжээ. Хоёр хоног үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтад 60-аад орны тэргүүн, төлөөлөгчид оролцож, дэлхийн томоохон хотуудад алан хядагчид цөмийн бөмбөг хаяхаас урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцсэн юм. Хэлэлцээний эцэст дээд хэмжээний уулзалтад оролцсон орны удирдагчид 2014 он гэхэд цөмийн түүхий эд нийлүүлэхийг бүрмөсөн зогсоох тухай албан ёсны хамтарсан мэдэгдэл гаргах байв. Гэвч энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Умард Солонгосын хиймэл дагуулын пуужин хөөргөх төлөвлөгөөг голлон хэлэлцжээ. Умард Солонгос их удирдагч агсан Ким Ир Сений төрсөн өдөрт зориулж ирэх дөрөвдүгээр сарын 15-нд хиймэл дагуулын пуужин хөөргөнэ гэж мэдэгдсэн нь шүүмжлэлийн бай болжээ. Умард Солонгос цөмийн болон холын тусгалт пуужингийн хөтөлбөрөө зогсоож, НҮБ-ын шинжээчидтэй хамтарч ажиллахыг зөвшөөрсний хариуд  АНУ-аас хүнсний тусламж авахаар болсон юм.  Гэвч дээрх хиймэл дагуулын пуужин хөөргөх тухай мэдэгдэл дэлхийн хамгийн хаалттай энэ улстай хамтарч ажиллах эргэлзээтэйг дахин нотолсон билээ. Олон улсын цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак нар Пхеньяний эрх баригчдыг санхүүгээр тэтгэгч, гол холбоотон улс Хятадад шахалт үзүүлж, хиймэл дагуулын пуужинг хөөргөхийг нь болиулахад эдийн засгийн хөшүүргээ ашиглахыг ятгасан гэнэ. Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак Италийн Ерөнхий сайд Марио Монти нар Умард Солонгосоос хиймэл дагуулын пуужинг хөөргөх хөтөлбөрөө цуцлахыг уриалсан байна. Хятадын дарга Ху Жинтао АНУ, БНСУ-ын уриалгын хариуд “Цөмийн зэвсгээр хөөцөлдөхийг үндсээр нь зогсоож, цөмийн терроризмын эсрэг тэмцэхэд бид үүрэг хүлээх ёстой” гэжээ. Барак Обама хэдэн арван мянгаар зогсохгүй хүний амь насанд заналхийлж буй цөмийн зэвсгийн аюулыг арилгахын тулд цөмийн гол түүхий эдийг хамгаалалтад авахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалсан бол Ли Мён Бак цөмийн зэвсэг, терроризм гол аюул болон хувирсныг анхааруулж, терроризмд хил хязгаар гэж байхгүй гэжээ. Вашингтон, Пхеньянь цөмийн хөтөлбөрийг зогсоохоор зөвшилцөлд хүрснээс хойш 11 хоногийн дараа Умард Солонгос хиймэл дагуулын пуужин хөөргөх тухай гэнэтийн мэдэгдэл хийсэн. Олон сая хүн өлсгөлөн гуйланчлалд амьдарч буй Умард Солонгос дээрх зөвшилцлөөс өмнө цөмийн асуудлаар хэлэлцээ хийж байсан ч амжилт олоогүй билээ. Пхеньянь хэрэв хиймэл дагуулын пуужин хөөргөвөл дээрх хэлэлцээр хүчингүй болно гэж Вашингтон хэдийнэ анхааруулжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж