Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Үнс нурамнаасаа салж дулаан байранд тухлах гэсэн иргэд засгаас хайрлах хэдэн төгрөгтөө тааруулан байр сонгох гэж тавхайгаа эргэтэл яваад ч олдохгүй байгаа аж. Бүтэл муутай болохоор аргаа барсан зарим нь энэ ажил жинхэнэ "Сонгуулийн шоу" гэцгээнэ. ОССК энэ сарын 12-ноос эхлэн 130-аад иргэний материалыг хүлээж аван арилжааны банкуудад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Гэхдээ гурвалсан гэрээн дээр гарын үсэг зурсанаар орон сууцтай болох гэж яарч буй иргэдийн ажил нэг шатаар ахих бололтой. Бага, дунд орлоготой иргэдийг хамруулах зорилготой энэ хөтөлбөр үр дүн муутай барилгын салбарынхныг гааруулсан бизнес төдий болчих вий гэж эмзэглэх нэгэн ч цөөнгүй. Хотын төвд боломжийн байршилтай байрны үнэ хоёр сарын өмнө 1 кв.метр талбай нь нэг сая 100 зуун мянгаас сая 400 мянга байсан.

Харин одоо энэ шуугианаар доод тал нь нэг сая 300 мянган төгрөгт хүрчихлээ. Кв.метр нь 2500-3000 ам.долларын өртөгтэй ч орон сууц цөөнгүй харагдана. Иргэдийг орон сууцаа сонгоход туслах зорилгоор ар араасаа шил дарсан орон сууцны үзэсгэлэн яармагууд явагдсаар. Гэсэн хэдий ч байр олдохгүй байна гэсэн гомдол тасрахгүй өдий хүрлээ. Барилгын компаниудын үнэ ханшийг сонирхож явахад бага талбайтай үнэ хямдтай байр зөндөө байх юм.

Тухайлбал, кв.метр нь 980 мянгаас сая 20 мянган төгрөгний үнэтэй байр байгаа аж. Гэхдээ тэр нь хотын төвөөс хол Баянзүрхийн товчоо өнгөрөөд. Хол байлаа гэхэд наад зах нь сургууль цэцэрлэгийнх нь асуудлыг шийдээгүй болохоор иргэд яаж ч тэр байрнаас сонголт хийх вэ дээ. Саяхан "Шинэ сууц-2012" үзэсгэлэн болоод өндөрлөлөө. Үзэсгэлэнгийн үеэр иргэд байрны чанар, стандартын талаар багагүй мэдээлэл олж авсан болов уу.

Худалдаж авсан байр нь талбайн хэмжээндээ хүрдэггүй гэх гомдол багагүй байдаг. Энэ асуудлаа ядаж өөрсдөө шийддэг мэдлэгтэй болчихвол зүгээр болов уу. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Тийм болохоор байрны стандарт гэдэг маш чухал. Хэн ч нураад уначих байранд орохыг хүсэхгүй. Үнэ хямдыг нь бодож урд хөршийн баталгаагүй бүтээгдэхүүнээр байшин босгох аюултай гэдгийг манай барилгын салбарынхан ойлгож байгаа байх. Гурван сая хүрэхгүй иргэнээ нураад ойччихгүй орон сууцаар хангах үүрэг барилгын салбарынханд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

ОССК очиход эл хул. Хэдхэн хоногийн өмнө хаалга үүдийг нь эвдчих шахам шахалдаж зүтгэж байсан хүмүүс яагаад гэнэт цөөрчихөв. Энэ нөгөө л байрны олдоцоос болж байгаа гэнэ. Лавлагаагаа хонон барин авсан хүмүүс байр нь олдохгүй бухимдсаар. Ямар ч байсан байр олдохгүй байна гэсэн мэдээ албаны хүмүүсийн чихийг дэлссэн бололтой өнөө иргэддээ хайрлах таван бор төгрөгөнд нь таарсан барилга орон сууцны жагсаалтыг дахин баталлаа. Зургаан хувийн зээлийн орон сууцны зээлийн сургаар арилжааны банкууд ч зарим нь зээлийн хүүгээ өсгөөд амжиж. Зээлийн хүү яагаад өссөн талаар зээлийн эдийн засагч нараас тодруулахад мөнгөний инфляцийн өсөлт мөн орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаа учраас гэж удирдлагууд бидэнд тайлбарласан гэлээ.

Ерөнхийдөө банкууд арванхоёрдугаар сарын сүүлээр зээлийн хүүгээ өсгөсөн аж. Тухайлбал, Голомт банк орон сууцны зээлийн хүүг 1.3-1.5 хувь, бизнесийн зээлийн хүү 2.1-2.3 хувь, Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн хүү мөн адил 1.3-1.5 хувь болгон өсгөжээ. Харин Хадгаламж банкны хувьд ямар ч зээлийн хүү өсөөгүй бөгөөд орон сууцны зээл хугацаанаас хамаарч 1.8-2 хувийн хүүтэй байна гэж тайлбарласан юм. Энэ байдал иргэдэд дарамт болж байгааг ухаарах л хэрэгтэй болов уу. "Монгол банк"-наас арилжааны банкуудад олгодог зээлийн хүүгээ саяхан 0.5 хувиар өсгөлөө.

Тэгэхээр банкуудын зээлийн хүү дахиад өсөхгүй гэх баталгаа байхгүй. Тавиас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа байрны талаар мэдээлэл авахыг хүссэн иргэд дараах хүснэгтэнд анхаарлаа хандуулна уу.

"100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Орон сууцны түүхчилсэн лавлагаа авах гэсэн иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаалгыг нь сахиж хонож байгаа аж. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн талаар иргэд маань ямар бодолтой байгаа талаар сонирхлоо.


Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Ц.Зулаа: ТӨР ЗАСАГ БИДНЭЭР ТОХУУРХААД БАЙНА

-Насаараа амьдрах болохоор аятай юм сонгочих санаатай. Бага, дунд орлоготой бид чинь урьдчилгаа 10 хувиа өгөх гэж энд тэндээс хамж шимж болгоно. 50 саяар бол бөгс эргэх зайгүй умгар өрөө л олдож байна. Үнэнийг хэлэхэд төр засаг биднээр тохуурхаад байгаа бололтой. Умгар өрөөнийхөө өрийг төлөх гэж насаараа зовж явахаар дугуй цагаан гэртэй дулаахан сууж байвал жаргал юм уу даа.


Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Л.Сарантуяа: ЭНЭ ХӨТӨЛБӨР СОНГУУЛИЙН ШОУ

-Эгч нь багаасаа асрамжинд өссөн. Асрамжаас найман дүүтэйгээ гарахад бидэнд хоёр өрөө байр өгснийг дүү маань зараад идчихсэн. Тэгэхээр надад тэр байр нь олдохгүй юм шиг байгаа юм. Орцны жижүүрүүдийг орон сууцжуулна гэж олон дарга төрд гарсан. Худлаа амлалт шүү дээ. Орцны жижүүр л гэхээр хүн биш юм шиг харьцах юм. Ард түмний амьдрал сүүлийн үед их хүнд болж байгаа. Төр засаг нь ард иргэддээ хүрч үйлчлэхгүй байсаар өдий хүрлээ. Одоо энэ хөтөлбөр бас л сонгуулийн шоу. Тэгээд ч мөнгө нэмж байр авах нь битгий хэл бага орлоготой бид чинь хоолоо л яая гэж явна. Тэгэхээр иргэддээ дэмий битгий цаг зав, мөнгөө үрж яваарай гэж хэлмээр байна.


Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн М.Чимид: БОЛОМЖИЙН ТАЛБАЙТАЙ БАЙР АВАХГҮЙ ЮМ БИЛЭЭ

-Миний зээ охин байрны зээлд хамрагдахаар хөөцөлдөж яваа. Квадрат талбай нь нөгөө заасан хэмжээнээсээ их талбайтай байр авч болохгүй юм гэсэн шүү. Хөөрхий хүүхдүүд маань таван төгрөгөөрөө аятай юм авчихвал хаа л байхав. Гэхдээ энэ байр өгнө барина гээд байгаа чинь худлаа. Төр засаг биднийг 20 жил хуурлаа. Нөгөө утаагүй болгоно гэсэн чинь хаа байна. Сайхан суудал, эрх мэдлийн төлөө тэд хүн алж байгаа юм чинь энэ байр төдийхөн зүйлээр хуурах нь энүүхэнд байлгүй дээ охин минь.


Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны иргэн Д.Ариунаа: ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ ХҮҮГҮЙ БОЛГОСОН Ч БОЛНО ГЭЖ ДУУЛДАХ ЮМ

-Манайх байрны захиалгаа "Алтай" хотхонд өгчихсөн байсан юм. Харин энэ байгууллага "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдаж байгаа гэсэн. Байрны сургаар барилгын компаниуд, банк хүүгээ нэмчихсэн харагдсан. Бид чинь жилийн өмнө метр.кв-ыг нь 980 мянгаар авахаар гэрээгээ хийсэн. Харин өнөөдөр дунджаар сая 400 мянга болчихсон байна лээ. Орон сууцыг хүүгүй болгосон болно гэж ярьж дуулдах юм. Үнэхээр л бага дунд орлоготой иргэдийг хамруулах гэж зорьж байгаа бол орон сууцны үнийг буулгах асуудал дээр ажил хийх хэрэгтэй.

Л.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж