Тус киноны уран бүтээлчдийн зүгээс өөрсдийн энэхүү бүтээлээрээ дамжуулан өнөөгийн Монгол залуусын амьдралын гэгээлэг зүйлсийг тод томруун, хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг зорьсон аж.
“Худалч залуу” киноны гол дүрийн жүжигчин Т.Бархүүтэй уулзлаа.
-“Худалч залуу” кино ямар хугацаанд бүтсэн бэ?
“Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киног өнгөрсөн наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд хийсэн. Өдийг болтол монтаж, дуу шумын ажлыг нь хийж гүйцэтгэн өнөөдөр дэлгэцнээ гарган үзэгчдийн хүртээл болгож байгаадаа баяртай байна. Найруулагчаар нь “Зөрлөг” кинонд тоглодог жүжигчин, найруулагч С.Баттулга ажилласан. Миний бие гол дүрд тоглосон. Мөн жүжигчин С.Лхагвасүрэн, Б.Баатархүү, “ТВ Коктейль”-ийн Ж.Цэнд-Аюуш зэрэг чадварлаг уран бүтээлчид тоглосон, чанартай сайн кино болсон гэдэгт итгэлтэй байгаа.
-Энэхүү бүтээлээрээ үзэгчдэд юу хэлэхийг зорив?
-Залуучуудын амьдрал дээр гараад хөл тавьж буйг нэгэн залуугаар төлөөлүүлэн гаргасан. Гэхдээ амьдрал дээр хүн худлаа ярьж болох вэ, худлаа ярих ямар байдаг, тэгсний үр дүнд ямар хор уршигтай вэ гэдгийг хошин байдлаар харуулж байгаа. Гэтэл энэ залуу буруу зүйлийн төлөө худлаа яриагүй. Дөнгөж оюутан насаа үдээд амьдралд хөл тавьж байгаа залуу амьдралд хэрэгцээтэй, ажил хөдөлмөрөө хийхийн тулд мөнгө хэрэгтэй болсон. Үүний тулд өөрийнхөө бүх эд хөрөнгийг зарсан, сольсон. Гэсэн ч мөнгө дутаад байсан учраас аав, ээж хоёроосоо худлаа хэлж мөнгө авдаг. Хэдийгээр буцаагаад хэдэн сарын дараа өгчих байсан ч аав нь мөнгө өгснийхөө хэдхэн хоногийн дараа хөдөөнөөс хотод орж ирснээр үйл явдал өрнөдөг. Ер нь залуучуудын амьдралыг харуулсан кино.
-Яагаад заавал энэ сэдвийг сонгов. Кино зохиолыг хэн бичсэн бэ?
-Нийгэм маань стресс бухимдалтай байгаа учраас инээдмийн кино хийе гэж зорьсон. Зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” тетарын найруулагч Ганхуягийн “Ааваа” жүжгийн зохиолоос ерөнхий идеа, санааг нь аваад түүн дээр баяжуулаад Гавьяат жүжигчин, миний гэргий И.Одончимэг бичиж, би редакторласан.