Эхлээд цагдаагийн дарга нараас асууг. Цагдаа хэний тушаалыг биелүүлснийг олог. Тэгж байж дараа нь буруутныг тогтооно биз дээ. “Бид тушаалаар хөдөлдөг, тангаргаа биелүүлдэг хүмүүс. Бид буруугүй” гэж шүүгдэж буй цагдаагийн дарга нар хэлээд байгаа. Тушаалаар хөдөлдөг нь үнэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү иргэд рүү буудах тушаалыг хэн буулгасныг олох гэж асуугаад байгаа хэрэг. “Цаад эзнийг нь ол” гэдэг шиг ажиллагаа явуулж байгаагаас биш Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт бурууг тохоод ялтан болгох гээд байгаа асуудал одоогоор байхгүй. Хаанаас хэн тушаагаад цагдаагаар хүн буудуулсан бэ гэдгийн учрыг олох гэж шүүх хурал хийж байхад учиргүй балмагдаж даралт нь өгсөөд унаад өгөх юм, генерал, хурандаа нар.
Түүн дээр нь улс төрийн намууд хачир нэмээд “Монгол Улсын Ерөнхийлөгч л цагдаа нарын мууг үзэх гээд байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагдаад дургүй юм байна. Тэгэхдээ тулбал цагдаа нар л Ерөнхийлөгч, дарга нарын аюулгүй байдлыг хангаж өдөр шөнөгүй зогсдог биз дээ. Цагдаагийн хамгаалалтад байдаг байж цагдааг буруутгалаа. Цагдаа нар ажил хаяна шүү” хэмээн хөөрөгдөж байна. Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хэдэн хүнээс хэргийн үнэн мөнийг олох гэж шүүж байгааг жирийн цагдаа нар ойлголгүй яах вэ дээ.
Явж явж энд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрх ашиг гэж байхгүй. Хэргийн учгийг тайлахад хэнээс эхэлж асуух вэ гэдгийг л хэлсэн. Цагдаатай холбоотой асуудлаар ямар байр суурьтай байгааг нь түүнээс тодруулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах хариултыг өгсөн юм. “Нэг буруу ойлголт яваад байх шиг байгаа юм. Цагдааг яллах гэж байна гэж. Энд Монголын цагдаагийн тухай асуудал байхгүй. Цагдааг яллах тухай асуудал бүр байхгүй. Албан тушаалын хариуцлага алдсан дарга нарын л асуудал байгаа. Хууль хэрэгжүүлэхийн төлөө, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа, хуулиа хэрэгжүүлээд явж байгаа цагдаа нарыг харин ч урмшуулах ёстой гэж би боддог. Төрийн өмнө тангаргаа өргөөд, тодорхой албан тушаал дээр ажлаа хийж явж байгаад хариуцлага алдсан, тэр тусмаа хүний амь нас эрсэдсэн, эрсдэхэд хүргэсэн ийм байдал дээр албан тушаалын хариуцлага алдсан бол тэр хүн хэн ч бай, хариуцлага хүлээх ёстой. Үүнийг цагдаагаас ялгаж ойлгоорой. Монголд олон мянган цагдаа байгаа. Тэр хүмүүсийн тухай асуудал ерөөсөө биш. Зөвхөн тэр үед хариуцлага үүрсэн, тангараг өргөсөн, тэгээд ажил хариуцаж байсан тэр хүмүүс л ажилдаа хариуцлагагүй хандсан. Тэр хариуцлагагүй хандсаны улмаас ямар ч нөхцөл байдалд бай, хүний амь эрсэдсэн нь гол асуудал. Энэ хоёрыг ингэж ялгаж харах ёстой. Манай хуулиас, хариуцлагаас бултах гэсэн хүмүүсийн хийж байгаа гол арга бол “нийтдээ л цагдаагийнхан буруутай” гэдэг. Нийгэм, төрөө хамгаалдаг, хуулиа хэрэгжүүлдэг цагдааг яллаж болохгүй. Цагдааг яллах гэсэн нэг ч хүн байхгүй. Яллуулах ч үгүй. Хууль зөрчсөн бол, хариуцлага алдсан бол тэр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээнэ. Хамгийн гол нь хүний амь эрсэдсэн учраас тэр амь эрсэдсэн асуудал хуулиар нэхэл хатуутай байдаг. Тиймээс албан тушаалын хариуцлага л яригдаж байгаа шүү” гэж Ерөнхийлөгч тов тодорхой хэлсэн.
Харин хэргийн учрыг ололцох ёстой МАН, АН хоёр хоёулаа таг чиг нуугдчихаад араар нь элдэв бор шувуу нисгэж улс төр хийж байна. Хоёр гол нам энэ тал дээр ямар байр суурьтай байгаагаа ч илэрхийлэхгүй амаа хамхиж сууна. Сонгууль будилуулсан маапаан хэрэг дээрээ хоёр том нам дээр илүү их наалдах байх шүү.
Саналаа луйвардуулсан гэдэг АН гэхэд тавын таван хүний амиар сайдын хэдэн суудал сольсон нь үнэн. Нийгмийн уур амьсгалыг зөөллөх гэж хамтарсан Засгийн газар байгуулсан гэж МАН хэлдэг. Булхайгаа нуух гэсэндээ тэр үеийн МАХН, одоогийн МАН-ынхан АН-ыг Засгийн газартаа урьсан. Тухайн үеийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж урилгаас татгалзсан. Гэтэл Ц.Элбэгдоржид экс МАХН-аас өгсөн урилгыг Н.Алтанхуяг өмнөөс нь шүүрч аваад Засгийн газарт орчихсон. Тэгээд гурван жил гаруйн турш долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр таван хүний амь үрэгдсэнийг, түүний дотроос дөрөв нь бууны суманд өртсөнийг, хэн яагаад хүн буудуулсныг нийгмийн ой санамжаас “баллуурдах” тоглолтод оролцсон. Нийлж хийсэн олон сайн ажлыг үүгээр үгүйсгэх гэсэнгүй. Хамтарсан Засгийн газар байгуулсны хамгийн гол зорилго нь Оюутолгой, Тавантолгой, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө байсан гэхээсээ илүү долдугаар сарын 1-нийг бүрхэгдүүлэх гэсэнд л байсан. Тэгээд ч нэг хөнжил дотор тийм ч эв түнжинтэй байгаагүй нь Ц.Нямдорж сайд, экс сайд Х.Баттулга нарын сүүлийн өдрүүдийн хэлж ярьж байгаагаас харагдаж байна.
Хэрэг дээрээ 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн самуун дэгдэх үеэр Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”, “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Цагдаагийн тухай хуульд заасан “Хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь цагдаагийн бйагууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Онц байдлын тухай хуульд заасан “Хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг үл хөндөнө” зэрэг хуулийн заалтууд онц ноцтойгоор зөрчигдсөн.
“Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж Үндсэн хуульд заасан байдгийг шүүгдэж буй цагдаагийн дарга нар хэнээс ч илүү сайн мэднэ. Энэ заалт долдугаар сарын 1-нд цагдаагийнхны барьж ажиллах амин чухал заалт байсан шүү.
Гэтэл Онц байдал тогтоосноос хойш таван хүний амь хохирсноос гадна 1000 шахам иргэнийг албадан баривчилж, ардчилсан Монгол Улс анх удаа улс төрийн хоригдолтой болж, 200 гаруй иргэнийг хилсээр шийтгэж насан туршид нь хар толбо суулгасан. Баривчилсан хүмүүсээ зодож нүдэж хүний эрхэнд нь халдсан. Монгол Улсын хуулиудыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлүүд гарсан. УИХ-ын 2008 оны сонгуулийг будилаантуулсан сонгуулийн хорооны шат шатны албан тушаалтнууд, гэмгүй хүүхэд залуусыг эрүүдэн шүүж, байцаасан хэрэг бүртгэгчид, мөрдөн байцаагчид, хууль бус эдгээр үйлдэлд хуульд заасан хяналтаа тавиагүй прокурорууд, шүүн таслах үйл ажиллагааг шударга бусаар гүйцэтгэсэн шүүгчид гээд буруутай үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх учиртай хүмүүс бий.
Энэ удаа хүний амь нас хохироох тушаал хэн өгснийг тогтоох гэж цагдаагийн удирдах ажилтнуудыг шүүж байгаагаас бус Монголын цагдааг бүхэлд нь буруутгаагүй. Цагдаагийн дарга нарт ч бурууг чихэж хилсээр шийтгэх гээгүй. Үүнийг бодитоор ойлгож үнэн зөв мэдүүлэг өгнө гэдэгт цагдаагийн эрхэм дарга нарт нийгмээрээ найдах үлдэж байна.