Өнгөрсөн жилийн аваргууд залуу бүрэлдэхүүнтэй “TLG-13” багтай учраа тааран тоглосон. Эхний гурван үед залуу, эрч хүчтэй “TLG-13” багийнхан илүүрхэн тоглож байсан ч “Харцага” дөрөвдүгээр үед хамгаалалтаа өөрчилж, бүтэн талбайн хамгаалалт хийж эхэлснээр онооны дутуу байдлаа нөхөж чадсан. Улмаар “Харцага” 15 оноогоор илүү гарч чадсан юм. Марко Павлович энэ өдөр сайн байсангүй. Харин холбон тоглогч Донелл Магий довтолгоон дээр багаа тэргүүлсээр хожлыг өөрсдийнх болгосон. “Харцага”-тай тойргийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа “Хасын Хүлгүүд” багийн бүдрэлт тэдэнд тун ашигтайгаар эргэлээ. Эцсийн үр дүн “Харцага”-79, “TLG-13”-64.
Лигийн зургаа, долдугаар байрт шил даран жагсч байгаа “SBL Becks” болон “Акулууд” багууд хуваарь ёсоор хоорондоо таарч тоглолоо. Тоглолт эхнээсээ өгөө, аваатай үргэлжилсэн хэдий ч төдийлөн үзүүштэй тоглолт гарсангүй. Гэхдээ найман оноогоор хожигдож, хоёрдугаар хагасыг эхлүүлсэн “SBL Becks” багийн төвийн тоглогч Жэймс, довтлогч Аарон Холл, Пүрэвцэрэн нар хоёрдугаар хагаст довтолгоогоо илт сайжруулж чадсан төдийгүй сэлгээгээр гарч ирсэн Амарсайхан багийнхаа хамгаалалтыг нэг түвшин илүү гаргаж чадсан юм. Улмаар үндсэн цагт 70-61 харьцаатай “SBL Becks” баг ялалт байгууллаа. Тоглолтын үр дүнд “Акулууд” багийн ахлагч Ганболд өмнөх тоглолтонд авсан хоёр техникийн алдааны улмаас оролцоогүй нь шууд нөлөөлсөн нь гарцаагүй. Пэпси дээд лигийн 2012 оны тойргийн тоглолтод сүүлийн байруудыг эзэлсэн баг ирэх жил хөгжлийн лиг рүү унах дүрэм батлагдсан учраас тус хоёр баг дор бүрнээ хичээж, тоглож буй нь харагдаж байлаа.
Тойргийн тоглолтуудыг итгэл төгс тэргүүлсээр байгаа лигийн гурван удаагийн аварга “Хасын Хүлгүүд” өчигдөр “Бридж Констракшн”-ы “Баянзүрх Буллс” багтай тоглосон. “Буллс” багийн лидер Дин Хадли гарны гэмтлийн улмаас тоглолтод оролцоогүй. Баттай бус мэдээллээр сарын турш талбайд гарах боломжгүй гэнэ. Гэвч “Хүлгүүд” түүнийг эзгүйчилж чадсангүй. “Буллс”-ын шилдэг тоглогчдын нэг болох Г.Баттөр тоглолтын хоёрдугаар хагаст тун гайхалтай тоглосон, бараг л түүний шидсэн шидэлт болгон байндаа тусч байсан гэхэд болно. Эхний тойрогт “Буллс” “Хүлгүүд”-ийг буулган авахад Хадли голлох үүргийг гүйцэтгэж байсан бол энэ удаад Баттөр, Азбаяр нар шилдэг тоглолтоо гаргаж, үндсэн цагт 74-61 харьцаатай ялалт байгуулсан юм. Ийнхүү энэ жилийн хувьд лигт хоёр удаад таарч тоглоход “Буллс” илүүрхлээ. Пэпси Үндэсний дээд лигийн дараагийн тоглолтууд 29-ний пүрэв гарагт Спортын төв ордонд болно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.