Харьяалалгүй болсон казах иргэдийг хэрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Харьяалалгүй болсон казах иргэдийг хэрхэх вэ?

Баян-Өлгий
аймагт Монгол Улсын харьяатаас гарсан ч Казахстаны харьяат болж
чадаагүй, мөн Казахстанд ажиллаж амьдарч байгаад эх орондоо эргэн ирж
харьяатаа сэргээхийг хүссэн иргэдийн тоо хэдэн мянгаар тоологдох болжээ.
Энэ талаар Баян-Өлгийд болсон УИХ-ын дарга, бусад албаны хүмүүстэй
хийсэн уулзалт дээр санал хүсэлтүүд гарсан юм. Уг асуудлаар албаны
хүмүүс ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн:

-Монгол
Улсад харьяатын асуудал Харьяатын тухай хуулиар зохицуулагддаг. Монгол
Улсын харьяатаас гарах болон харьяат болох, харьяатаа сэргээх асуудал
энэ хууль, бусад хуулиар шийдэгддэг. Эрх зүйн орчин бүрдсэн. Монгол
Улсаас, ялангуяа Баян-Өлгий аймгаас  1980-аад оны дунд үеэс Казахстан
руу хөдөлмөрийн гэрээгээр казах иргэд олноор шилжих хөдөлгөөн эхэлсэн.
Одоо Казахстанд шилжсэн, тэнд ажиллаж байсан иргэд олноороо Монгол Улс
руу эргэж ирэх их урсгал болж байна.

Монгол бол хоёрдмол
харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй улс. Монгол Улсын иргэн өөр улсын
харьяат байхыг зөвшөөрдөггүй гэсэн үг. Нөгөө талаас Казахстан бас
хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй улс. Гэтэл Монголоос Казахстан
руу гарсан иргэд дотор хоёрдмол харьяалал үүсгэж Монгол Улсын ч,
Казахстаны ч хуулийг зөрчсөн тохиолдлууд гарч байна. Үүнээс болоод казах
иргэд өөрсдөө хохирч байгаа. Сайн дураараа яваад, Монгол Улсын
харьяатаас албан ёсоор гарсан хүмүүс ч бий. Монгол Улсын харьяатаас
гаралгүй Казахстанд очоод тэндхийн харьяат болчихсон хүн ч бий. Үүнийг
шийдэхийн тулд нэлээд ажил хийж байгаа. Хууль тогтоомжид ч өөрчлөлт
оруулж байгаа. Хоёр улсын яамд хооронд ажил хийж байна.

Сүүлийн
дөрвөн жилийн хугацаанд Казахстаны харьяат болоод эргэж ирж Монгол Улсын
харьяатаа сэргээлгэх хүсэлт тавьсан 700 гаруй хүний асуудлыг шийдсэн.
Бидэнд суурь судалгаа бий. Харьяатын асуудал шийднэ гэдэг бол нэг дарга
Өлгийд хүрч ирээд нэг танхимд шийдчихдэг ажил биш. Зөвхөн Монгол Улсын
талаас бус Казахстаны холбогдох байгууллагуудаас лавлагаа авдаг. Их
чимхлүүр, хугацаа шаардсан асуудал байдаг. Үүн дээр уддаг. Энэ бол
шийдэж болох асуудал. Энэ талаар сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгаас
УИХ-д сонгогдсон гишүүн А.Тлейхан, А.Баделхан, Х.Жекей, Баян-Өлгий
аймгийн Засаг даргын Тамгын газраас манай газартай холбоотой ажиллаж
байгаа. Ажлын үр дүн ч гарч байгаа. Бидэнд нарийн судалгаа бий.
Тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн хүртэл Монголын харьяатаас гараад
Казахстаны харьяалал авчихаад эндээс явж чадаагүй байдаг. Бид бол
Казахстаны Ерөнхийлөгчийн зарлиг, Казахстаны цагаачлалын цагдаагийн
албаны албан ёсны бичиг баримтыг үндэслэж асуудлыг шийддэг. Ингэхээс өөр
аргагүй. Үүнийг казах иргэд сайн ойлгох ёстой.

Баян-Өлгий амйгийн Засаг дарга С.Хавал:

-Манай
аймагт Монгол Улсын харьяат, иргэншлээ алдсан хүмүүсийн асуудал байна.
Аймгийн Засаг даргын дэргэд Нийгэм, иргэдийн байгууллагын төлөөлөл
оролцсон комисс ажилладаг. Тэндээс судалгаа гаргасан. Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын
дарга Д.Мөрөн энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, шаардлагатай бол Казахстаны
талтай хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Баян-Өлгий аймагт
хүндэрсэн асуудлын нэг бол иргэншлээ алдсан хүмүүс байдаг. Тэд нийгмийн
халамж, ажлын байрны үйлчилгээ авч чаддаггүй. Эрүүл мэндийн үйлчилгээ
бүрэн зогссон байдалтай байдаг. Энэ асуудалд Монгол Улсын төр, засаг
анхаарал хандуулж шийдвэрлэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа.

Саяхан
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголчууд олон байх ёстой” гэсэн уриалга
дэвшүүлсэн. Тэгэхээр Казахстан руу гарсан ч янз бүрийн шалтгаанаар эх
орондоо эргээд ирсэн нөхцөлд Монголын уугуул иргэдэд ямар ч
хүндрэлгүйгээр иргэншлийг сэргээж өгнө гэдэгт итгэж байгаа.

                                    Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж