Америк оюутнууд монголчуудад атаархаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Америк оюутнууд монголчуудад атаархаж байна

“Америкт оюутан болж төрснөөс Монголд оюутан болж төрсөн нь дээр” гэдэг хэлц сүүлийн үед дэлгэрсэн гэнэ. Судалгаагаар Америкийн оюутнууд төр засагтаа гурван их наяд орчим ам.долларын өртэй нь тогтоогдсон байна. Энэ бол мэдээж сургалтын төлбөрийн өр Харин манайд эсрэгээрээ манай Засгийн газар оюутнууддаа өртэй байдаг. Энэ бүхнээс америкын Засгийн газар оюутнуудаасаа авахаа л мэддэг бол Монголын Засгийн газар оюутнууддаа өгөх чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь харагдаад байгаа биз. Арга ч үгүй биз. Америкийн эдийн засгийн хөгжил уруудаж байна. Харин манай улсын эдийн засаг цаг, минут тутамд өсөн дэвжиж байгаа юм хойно. Ийм таатай эдийн засаг бүхий улсын Засгийн газар муусайн оюутнууддаа мөнгө өгөхгүй гээд яах юм. Оюутнуудаа алган дээрээ бөмбөрүүлэх үйл ажиллагааг манай төр, засаг энэ оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжүүлсэн. Юу гээч, ердөө л их, дээд сургуулийн оюутан болсных нь төлөө сар бүр оюутан бүрт 70 мянган төгрөг олгож эхэлсэн. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй оюутнууд ч сар бүр бэлэн мөнгө авч байна. Оюутнууд бол Монгол Улсын ирээдүй. Тиймээс тэдэнд хөрөнгө оруулалт хийх нь зүй ёсны хэрэг. Хамгийн эхэнд оюутнуудын асуудлыг л шийдэх хэрэгтэй. Тиймээс л бэлэн мөнгө тарааж эхэлсэн биз. Мэдээж тэдний асуудлыг шийдэхийн тулд олон төрлийн судалгаа хийсэн байж таарна. Дотуур байрны хүрэлцээ муу, хичээлийн байр шаардлага хангахгүй гээд олон л асуудал байсан байх. Гэхдээ оюутнуу­дад нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь мөнгөний асуудал байсан байж таарлаа. Тэгээд л бэлэн мөнгө тарааж байхгүй юу. Манай төр засгийнхан гоомой зүйл хийхгүй ээ. Удахгүй Монгол Улс олон орны оюутны эх орон болох биз. Ийм сайхан нөхцөлтэй газарт ирж суралцах гэсэн оюутнууд хөдөөнөөс хотыг чиглэн нүүдэллэх нүүдэлчидтэй зэрэгцээд л хүрээд ирэх вий. Америкт өрөнд орж суралцаж байхаар Монголд мөнгө аваад суралцах нь сайхан байлгүй яах вэ. Тэр цагт манай сургалтын компаниуд ч ахиухан ашиг хийх нь тодорхой. Сурлагынхаа чанараар биш ч гэсэн өвөрмөц тактикаараа дэлхийн боловсролын төв болох цаг айсуй.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж