Р.Раш: Би яахаа алдчихсан хүн биш

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Р.Раш: Би яахаа алдчихсан хүн биш

УИХ-ын гишүүн Р.Рашийг “Ярилцах танхим”-д урилаа. Сүүлийн үед түүнийг“Фракци байгуулахад гар бие оролцож байгаа. Намынхаа Ёс зүйн дэд хорооноос сануулах бичиг авсан гишүүдийн нэг” гэх зэргээр мэдээлэх болсон. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.
 

-Ардын намд “Соёмбо” нэртэй фракци байгуулагдаж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй. Таны нэр “Соёмбо” фракцийг байгуулж бай­гаа хүмүүсийн тоонд орсон байсан. Та бүхэн фракци байгуулж бай­гаагаа хэзээ албан ёсоор зарлах гэж байна вэ?

-Миний хувьд тийм фракци байгуулах гэж байна гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л авч байгаа болохоос гишүүд тэгж яриад явж байхыг сонсоогүй юм байна. Уг нь аль юм ярихыг тэр гэх вэ дээ. Гэтэл тэр яриад байгаа фракцидаа бүр нэр ус өгчихсөн. Тэр тусмаа бүр “Соёмбо” гээд нэрлэчихсэн байгаа харагдсан шүү. Гэтэл манай намд тийм нэртэй фракци байгуулах гэж байгааг би сонсоо ч үгүй байдаг. Тэгээд тэр дотор нь миний муу нэр орчихсон цохиж л байдаг. Одоо фракци энэ, тэр гэж сонин хэвлэлүүд надаар оролдохоо болимоор юм гэж бодож байгаа. 

-Д.Тэрбишдагва гишүүнээр толгойлуулж танай намын хэсэг гишүүн фракци байгуулах гээд байгаа гэдгийг зарим гишүүн хэлж байсан. Тиймээс энэхүү фрак­ци байгуулахад нэр нь орсон ги­шүүдэд танай намын Ёс зүйн дэд хорооноос албан бичиг ирүүлсэн юм биш үү. Тухайлбал, танд ч гэ­сэн албан бичиг ирүүлсэн гээд байгаа биз дээ?

-Манай намын нэрнээс эхлээд бүх зүйл тодорхой. Манай нам бол ардын, ардчилалтай, олон нийтийн нам шүү дээ. Тиймээс намын бүлгийн хурал дээр янз бүрийн асуудлуудыг илэн далангуй хэлэлцдэг. Харин түүнийг нь  илүү гэрт шивнээ яриа болж байгаа мэтээр ойлгох нь туйлын буруу. Тэр “Албан бичиг өгсөн, авсан” гээд л байх юм.  Үнэнийг хэлэхэд надад огт тийм бичиг ирээгүй. Яасан гэж тийм бичиг ирэх юм бэ. 

-Хэрэв танай намд фракци бай­гуулагдаад таныг нэгдээч гэвэл та яах вэ?

-Ер нь бол фракци жигүүр бай­гуулна гэдэг чинь улс төрийн намуу­дын практикт байдаг л үзэгдэл шүү дээ. Харин тэр нь хэрээс хэтрээд намынхаа бодлоготой зөрчилдөөд намаасаа салж тасарна гэж байгаа бол хортой зүйл. Өөрсдийнхөө бодож санаж байгааг чөлөөтэй илэрхийлэхийг буруутгаад байх нь өнөөгийн нөхцөлд зохимжгүй. Ямар ч намд фракци байгуулагдлаа гэсэн тэр болгоныг нь буруутгаад эвэртэй туулай үзсэн юм шиг араас нь шороо цацаад байх нь дэмий. Би бол хэн нэгэнтэй нэгдэж, энэ тэр болоод байдаг нэгэн биш. Миний насны хүн тэгж яваад байх нь зохимжгүй. Хэлэх гэсэн зүйлээ заалгаад л, заавар чиглэл аваад байхаас өнгөрсөн толгой. 

-Тэгэхээр намын удирдлагууд тань танд нэг их зааж зөвлөөд байх хэрэггүй байх нь ээ?

-Намынхаа жанжин шугамнаас хазайгаад байдаг цаг маань өнгөрсөн байна. Гэхдээ ямартай ч хортой л биш бол хэлэх гэснээ хэлж л таарна. “Хамар дор хагархайтай нь би” гэсэн шиг байж таарахгүй ч дуугүй хүн бүтэж үхдэггүй гэдгийг эрх биш гадарлалгүй яах вэ. 

-Таныг Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшихээр горилж бай­хад намын удирдлагууд чинь той­рог хуваарилахгүй байгаагаас болж нэлээд гомдолтой байгаа гэж сонссон. Та намынхаа удирд­ла­гуудтай эв түнжин тааруухан байгаа юм биш үү?

-Сонгуулийн тухай хууль бараг орвонгоороо өөрчлөгдсөн. Тэгээд ч аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх эсэхийг намын бага хурлын шийд­вэрээр тогтоооно. Үүний наана гарч байгаа таамаг төдий яриа бол дэмий талдаа байдаг. Тэгээд ч би тойрог горьдоод байдаг тийм ч нэг яахаа алд­чихсан амьтан биш. Гэхдээ эр хүний дотор юу бодогдож байгааг тааж хэлэхэд хэцүү л байх даа гэж хэлмээр байна.

-Ардчилсан намынхан одоо үйлчилж байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу хоёр сонгуулийг зэрэг явуулах бэлтгэл ажлыг хангахыг Засгийн газраас шаардсан. Тэд үүнийгээ “Хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Засгийн газарт тавьж буй зүй ёсны шаардлага” гэж тайлбарлаж байгаа. Харин та энэ талаар ямар бодолтой байна?

-Засгийн газарт хамаагүй асуудал гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар бол УИХ-ын өмнө ажлаа ха­риуцаж, ажлаа тайлагнадаг. Тэр ут­­гаар нь Ардчилсан намынхан асуу­далд хандсан байх. Гэхдээ тавьж байгаа асуудал нь хэрэгжих үндэстэй, бо­дитой байх ёстой. Хэрэгжих бо­ломж­гүй шаардлага тавьснаас нь бо­лоод нөгөө ажил нь удаашраад ирэхээр юмыг яаж мэдэх вэ, “Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Огцор” гээд л дараагийн үгээ хэлэх байх. Үүнийхээ эхлэлийг дээрх шаард­лагаар тавьж байна гэж би хувьдаа мунхаглаж суугаа шүү.
 
-Гурван жил нэг танхимд суусан Засгийн газрын гишүүд хоорондоо толхилцож эхэллээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын маргааныг л яриад байна. Та төмөр замын салбарт олон жил ажилласан хүний хувьд төмар зам барих нууц гэрээ гэгчийн талаар ямар ойлголттой явна вэ?

-Шинэ төмөр зам байгуулна гэдэг асар том хариуцлага. Улс хоорондын чухал асуудал. Гэтэл Зам, тээ­вэр, барилга, хот байгуулалтын яам­ны яг энэ асуудлыг хариуцдаг хү­мүүс төмөр зам барих нууц гэрээ байгуулсан гэдгийг гэрчлээд бай­на билээ. Гэрээг нь телевизээр ч харуул­лаа, сониноос ч олж харлаа. Энэ нь надад үнэхээр сонин санагдсан. Төмөр зам байгуулах асуудлыг Засгийн газраасаа нууна гэдэг юу гэсэн үг вэ. Тэд хуулийн байгууллагад нэг нэгнийгээ шалгуулахаар хандаад байх шиг байсан. Эцэстээ шүүх л жинхэнэ үнэнийг нотлоод асуудлыг нэг тийш болгох байх. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гаргах үед би ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тэр үед Засгийн газраас тун түүхий санал оруулж ирж байсан юм. Төсөл боловсруулахдаа мэргэжлийн хүмүүсийн саналыг аваагүй, гар бие оролцуулаагүй бай­сан. Төмөр замын хэрэг эрхлэх газар гээд бүхэл бүтэн агентлаг байна. Гэтэл бодлогоос гадуур яам нь тэнд өөр юм хийгээд байж таа­рахгүй гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Одоо ч тэгж үзэж байгаа. Ер нь төмөр зам барина гэдэг бол 100 жилийн магадлал дээр үндэслэсэн шинжлэх ухааны өргөн судалгааны үндсэн дээр хийдэг ажил. Гэтэл трасс нь байхгүй, улаан шугам нь байхгүй, зураг төсөл нь байхгүй байдалтайгаар шинэ төмөр зам барих асуудалд хандаж хэрхэвч таарахгүй. 

-Долоодугаар сарын 1-ний үймээ­ний хэрэгт буруутгагдсан цаг­даагийн хурандаа нар шүүхийн шийд­вэрийг биелүүлэхгүй шүүх ажил­лагаанд нэлээд чирэгдэл учруул­сан. Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүн ч шүүх ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон тохиол­дол гарлаа. Энэ бүхнээс болоод про­курор, шүүх цаг­даа­гийн байгуул­лагын хооронд үл ойлголцол үүсээд байгаа. Үүнийг та юу гэж дүг­нэж байна вэ?

-Хуулийн гадна иргэн, байгуул­лага гэж байх ёсгүй. Бүх зүйл Үндсэн хуулийн хүрээнд  явагдах ёстой. Ингэж л ажил, асуудлыг ярьж ший­дэгддэг байх учиртай. Би хууль шүүхийнхнийг 100 хувийн но­тол­гоон дээр үндэслэн шийдвэр гар­гаасай гэж хүсэж байна. Гаргана байх гэдэгт нь ч итгэж байгаа. Ер нь цагдаа гэдэг чинь хүн шүү дээ. Тиймээс муусайн цагдаа нараа Монголын төр хайрлаж, хүндэтгэж л явах ёстой. Ард түмэн ч тэгж л хандах учиртай. Ма­найхан чинь нэг л зүйл болохоо больход цагдаа дууддаг. Тиймээс ард түмэнд хамгийн ойр хүн бол цаг­даа. Өнөөдөр нийгэмд болж буй бүх л муу, муухай асуудлыг цагдаа нар л зохицуулж, хамгийн түрүүнд нь орчихсон л гүйж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй байх.

-Гэтэл  хууль  биелүүлэхийг шаар­дах ёстой цагдаагийн ху­рандаа нар шүүхийн шийдвэрийг бие­лүүлээгүй нь доод албан ту­шаалын цагдаа нарт нь буруу үлгэр дуурайлал болж байгаа юм биш үү?

-Цагдаагийн хурандаа нарын асуудлыг шүүхэд шилжүүлээд шүүн таслах үйл ажиллагаа болж байна. Тиймээс хууль шүүхийнхний урдуур эсэн бусын зүйл ярьж болохгүй. Шүүх л дээрх хүмүүсийг буруутай бол буруутайг нь тогтооно. Буруугүй бол цагаатгана. Гэхдээ үүний тулд 100 хувийн нотлох баримт хэрэглээсэй гэж хүсэж байгаа юм. Цагдаа нар ч үүнийг л хүсэж байгаа байх.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж